ЭЕШ-ын дүнг шууд танилцуулах шинэ технологийг амжилттай туршлаа

2018-03-05

УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын санаачилгаар Боловсролын үнэлгээний төвөөс “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг “Монгол тэмүүлэл” сургуульд өнөөдөр зохион байгууллаа. 

Анх удаа зохион байгуулагдаж буй уг олимпиадын үеэр элсэлтийн ерөнхий шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр засах алдаа засагч программыг амжилттай туршлаа. Олимпиад төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-иудаас шалгарсан нийт 184 сурагч оролцсон бөгөөд  олимпиадын дүнг шилэн технологиор  4 минутын дотор зассан байна.  

Энэхүү программ хангамжийг Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг засахад түргэн шуурхай, хардлага сэрдлэггүй алдаа засах программыг ашиглахаар болсон байна.  Энэ жилийн ЭЕШ-д 45 мянган сурагч оролцох бөгөөд шалгалтын дүнг нэг цагийн дотор шалгуулагчийн нүдэн дээр шууд мэдээлэх технологийн боломж бүрдлээ хэмээн зохион байгуулагчид онцоллоо. 

Ингээд “Ирээдүйн эзэд-2018” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад оролцогчдийг авсан оноогоор нь эрэмбэлж 1-3 байр эзлүүллээ. 

  • 1 дүгээр байрт 106 оноотойгоор “Сант” сургуулийн сурагч Б.Мандуул,
  • 2 дугаар байрт 103 оноотойгоор “Багануур” дүүрэг “Боловсрол” цогцолбор сургуулийн сурагч С.Самбуу,
  • 3 дугаар байрт “Номун” сургуулийн сурагч Д.Хишигдалай 91 оноогоор тус тус шалгарав.