Хамгийн ер бусын фитнесс клубууд

2018-02-13

Зарим хүн ямар ч асуудалгүйгээр өглөөний 5 цагт босоод биеийн тамирын дасгалуудаа хийчихдэг, зарим нь гүйж, бүр сэлж ч амждаг байх. Гэтэл зарим нэгэн залхуу нөхдүүдийг спортод дуртай болгохын тулд доор үзүүлсэн фитнес клубуудын аль нэгэнд аваачихад л хангалттай гэнэ.

David Barton Gym, Бостон

Ноднин намрыг хүртэл Английн хамгийн шилдэг фитнес клуб гэж тооцогдож байсан энэ сайхан заал одоогоор ажиллахгүй байгаа юм байна. Асар том талбайд байрласан олон зуун төхөөрөмжүүд, иог бясалгалын том танхимууд, тонн тонноороо байх гантель штанг, хамгийн гол нь гэрэлтүүлэг! Та болон танай багийнхан /хэсэг бүлгээрээ өрсөлдөж болно/ хэр зэрэг идэвхтэй дөрөөгөө жийхээс шалтгаалан заалны гэрэл өөрчлөгдөнө. Үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс үзвэл 170 $-ын үнэ тохирсон ханш бололтой.

Hotel Icon, Гонконг

Энд ер бусын тоног төхөөрөмж, зочдыг урин дуудах ямар нэгэн гайхамшиг огт байхгүй. Фитнес төв маань зочид буудал дотроо, тэгэхдээ бүр тэнгэр баганадсан өндөр байшингийн  дээвэр дээр нь байрладагт л хэргийн учир оршино. Уг заал 24 цагаар ажилладаг бөгөөд, шөнийн цагаар дасгал сургууль хийнгээ Гонконгийг өндөр дээрээс ажиглан харах нь юутай ч зүйрлэшгүй мэдрэмж төрүүлдэг байна. Энд ямар ч дасгал ачааллын хэрэг байхгүй, зүрх зүгээр л өөрөө цохилоод ирнэ.

Brooklyn Boulders, Нью-Иорк


Сүүлийн үед томхон компаниуд ажилтнууддаа зориулсан спорт заалтай байдаг моод дэлгэрээд буй. Тэгвэл Brooklyn Boulders-н эзэд ажил бэлтгэл 2-ыг хослуулах арга олжээ. Энд офисийн ажил болон, фитнесээр хичээллэхэд шаардлагатай бүх зүйл бэлэн байдаг. Ажилтнууд хагас цаг тутам “биеийн чилээ” гаргаж байх дүрэмтэй. Суугаа ажил гэж энэ офист байдаггүй аж.

Easy Gym, Арригориага (Испани)

Энэхүү даруухан жижигхэн хот Европ даяар алдартай нудистуудын наран шарлагын газарт оршдог учир фитнес клуб ч иймэрхүү өнгө аястай байхаас аргагүй аж,. Энд мөн л онцгой дүрэм үйлчилдэг. Өөрөөр хэлбэл бэлтгэл дасгалыг хувцасгүй нүцгэнээр  хийнэ. Зарим үед энэ нь маш тохиромжгүй, ариун цэвэрт таарахгүй, идэвхтэй хөдөлгөөн хийх боломжгүй гээд л асуудал бий л дээ. Гэхдээ эргэн тойрон дан нудистууд байхад яалтай билээ?

Wellness Club Nebo, Москва

Том хотын яг төвд халуун орны диваажингийн нэг хэсэг байна гээд төсөөлөөд үз дээ. Холбооны цамхагийн орой дээр газраас 260 метрийн өндөрт байх энэ клубт жинхэнэ наран шарлагын газар, саун, төрөл бүрийн спорт хэрэгслүүд бий. Хиймэл наранд шарж арьсаа борлуулж болно. Гэхдээ үд дундын аагим халуун, оройн зөөлөн нарны аль нэгийг сонгон захиалах боломжтой. Фитнес-клуб  гэхээсээ тансаг SPA салонтой төстэй энэ газар 10-20 удаа ирэхэд 500-1000$ болдог гэнэ.

Kogakuin, Токио

Япончууд хэзээнээс аливаад этгээд ханддагаараа онцлог улс. Токиогийн энэ спорт зааланд нэг ч тоног төхөөрөмж байхгүй. Энд ердөө л нум сумаар харваж, эсвэл боксоор хичээллэж болно. Гэхдээ эргэн тойронд хичнээн сонин гээч! Заал гэхээсээ  илүүтэйгээр эгэл борог сүм хийдийг санагдуулсан, ямар ч гоёл чимэглэлгүй модон хийцтэй танхим байна. Эндэхийн оюутнууд үнэ төлбөргүй хичээллэж болдог. Харин гаднын хүмүүс очоод дэмий л энэ гайхамшигт таазыг харахаас цаашгүй.

Orangetheory Fitness, АНУ

28 муж улсад салбартай энэ клуб тун ч нэр хүнд өндөртэй. “Улбар шарынхан” хоорондоо эвтэй нөхөрсөг ч гэж жигтэйхэн, өрсөлдөөнтэй ч гэж хачин. Учир нь энд илүүдэл калорийг хамгийн үр дүнтэйгээр шатаах боломжтой тул үйлчлүүлэгчид түргэн хөгжмийн аян дор өөрийн эрхгүй л өрсөлдөн тэмцэж эхэлдэг байна.
 

Paddle Into Fitness, Сан-Диего

Иогийн хамгийн гайхалтай студи гэлцдэг. Элсэн дээр бие халаалт хийхээс эхлээд усан дээр хөвөх задгай салан дээр үргэлжилнэ. Иог төдийгүй, пилатес, сунгалтын дасгал ч хийж болно. Жижигхэн олбог дээр суугаад тэнцвэрээ олж чадна гэж боддог хүмүүс усан дээр далбилзаж буй хавтан дээр суугаад үз дээ. Гэхдээ хэдхэн хичээлийн дараа хүний хүч тэнцвэр үнэхээр сайжирдаг байна.

Yoga on the Labrinth, Сан-Франциско

Калифорнид байдаг иогийн бас нэг гайхалтай сургууль. Алдарт Grace Cathedral сүмийн дотор, том том шилэн хоргын цаана, бүдэгхэн гэрэлтэй, ер бусын нөхцөл байдалд хичээллэдэг. Гэхдээ шашин шүтлэг, иогийн туршлага энэ тэр огт хамаагүй, гагцхүү нэг цаг ч болтугай жинхэнэ тайтгарлыг олж нирваан болох чин хүсэл байхад л хангалттай. Энэ хичээлийг биеэр үзэж л мэдэрнэ гэхээс биш, үгээр дүрслэхийн аргагүй гэлцдэг. Ирсэн хүн сүсгээрээ төлбөрөө хийдэг ч, 10-20 $-ын хандив үлдээх нь зохистойд тооцогддог байна.