ЕБС-ын сурагчид ирэх намраас эрүүл мэндийн хичээлийг үзэж эхэлнэ

2018-02-12

Эрүүл мэндийн хичээл бие даасан байдлаар ЕБС-ийн хөтөлбөрт ирэх жилээс тусгагдахаар болсонтой холбогдуулан Ажлын хэсгийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр байна. 

Энэ үеэр БСШУСЯ-ы Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Д.Эрдэнэчимэг: ЕБС-ын сургалтад эрүүл мэндийн боловсролын агуулгыг 2007 оноос тусгаж ирсэн боловч сүүлийн жилүүдэд бие даасан хичээл хэлбэрээр заахаа больсон учраас сурагчдын эрүүл мэндийн талаарх мэдлэг ойлголт, чадвар, хандлагад тодорхой ахиц гарахгүй байна гэдэг нь судалгаагаар гарсан байгаа. Ерөнхий боловсролын сургуулийг төгсөж буй хүүхэд эрүүл мэндийн боловсролын мэдлэг, ойлголттой болж, эрүүл мэндээ хамгаалах, эрүүл аж төрөх ур чадварт суралцах нь өнөөгийн нийгмийн болон ахуй, амьдралыг зайлшгүй шаардлага болж байгаа юм. Тиймээс ирэх улирлаас буюу 2018-2019 оны хичээлийн жилд БСШУСЯ болон ЭМЯ-ы сайдын хамтарсан тушаалаар эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан билээ. 

Ажлын хэсэгт БСШУЯ, ЭМЯ, Боловсролын хүрээлэн, МУБИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож байгаа юм.  Ажлын хэсэг эрүүл мэндийн боловсролын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашид эрүүл мэндийн хичээлийг бие даасан судлагдахууны хэлбэрээр үр дүнтэй, үр нөлөөтэй зохион байгуулах, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багшийн мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын үр дүнг үнэлэх зэрэг өргөн хүрээнд ажиллах болно” гэв.