Ц.Цогзолмаа сайд багш нарын байрыг бариулахгүй гэжээ

2018-01-09

Их дээд сургуулийг хотоос нүүлгэх, оюутны хотхоныг хотын захад төвлөрүүлэх тухай олон жил ярьсан. Энэ ажлыг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль ажил хэрэг болгохоор зорьж буй юм. Одоогоор тус сургуулийн  шинэ барилгын ажил 70 хувьтай явж буй бөгөөд шинэ байр ашиглалтад ороход одоо ашиглаж буй байраа төрд буцаан өгөх юм. Энэ асуудлаар тус сургуулийн захирал Г.Батбаатар "Ажил 2016 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхэлсэн. Одоо барилгын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

Их сургуулийн эмнэлэг барих асуудлыг олон жил хөөцөлдсөний үр дүнд 2013 онд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт найман га газар шийдэж өгсөн юм. Ингэхдээ зураг төсвийг гаргаад хотын ерөнхий төлөвлөгөөнд өгсөн. Үндсэндээ 1200 гаруй оюутны цогцолбор, 140 багш ажилчдын байр баригдахаар төлөвлөгдсөн. Бидний тооцоолсноор 2018 оны долоодугаар сард ашиглалтад бүрэн орно.

Тухайлбал сургалтын цогцолборын эхний хэсэг болох Монгол Анагаах ухааны сургууль,  60 ортой уламжлалтын эмнэлэг, Анагаах ухааны сургуулийн 8000 гаруй мкв байр 2018 оны эхний улиралд дуусна. Бид энэ зундаа эдгээр хоёр сургуулийг Амгалан руу нүүлгэнэ. Тэгэхээр 2018 оны 9-р сараас анагаах ухааны эмнэлэг, сургууль, Монгол анагаах ухааны олон улсын сургууль, иж бүрэн 60 клиник бүхий цогцолбор эхний удаад ашиглалтад орох юм. Сургалтын цогцолборын хоёр дахь хэсгийг бид энэ онд эхлүүлнэ. Нэн түрүүнд 1200 оюутны байрыг барих ажлыг энэ онд эхлүүлж, 2019 оны 6-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Тэгэхээр оюутны байр, сургууль, эмнэлэг гээд л бүхий л зүйл нэг дор төвлөрсөн давуу талтай.

Хэрвээ соёлын төв, биеийн тамир спортын цогцолбороо дуусгачихвал 2020 гэхэд гэхэд сургалтын эмнэлгээ бүрэн утгаар нь үр дүнтэй ашиглана. Бидний төлөвлөсний дагуу барилгын ажлуудаа амжилттай дуусгаж чадвал АШУҮИС-ийн 10 мянга гаруй оюутнуудад маш том дэвшил гарна. Хоёрдугаарт, 140 айлын багш ажилчдын орон сууцыг бид төлөвлөж тал талдаа дэмжлэг хүсээд явж байна.

Харамсалтай нь , өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 4-ны өдөр Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн гарын үсэгтэй бичиг ирсэн. Уг бичигт “Багш ажилчдын байр барих асуудлыг дэмжихгүй” гэсэн байсан. Багш ажилчдын орон сууцыг ашиглалтад оруулснаар мянга гаран хүний нийгмийн асуудлыг шийднэ. Хоёрдугаарт энэ гэр хороололд байгаа багш ажилчдыг байранд оруулснаар агаарын бохирдолд бодитой хувь нэмэр оруулна. Бид  боловсролын яамнаас газар, мөнгө хүсээгүй. Барилга барихад хэрэгтэй зөвшөөрөлд дэмжлэг үзүүлээч ээ гэж хүссэн. Гэтэл өмнөөс дэмжихгүй гэсэн гарын үсэгтэй бичиг явуулсан. Үүнд урам хугараад л сууж байна гэжээ.