Сургууль, цэцэрлэгүүдийн дулааны алдагдлыг бууруулна

2018-01-08

Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(GIZ)-тай хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтыг сайжруулснаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх нь” төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлэхээр болсон. Төслийг нийслэлийн хамгийн их хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах, нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн бодлогын орчныг сайжруулах зорилгоор 2018-2021 онд 4 сая швейцарь франкийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр болсон байна. Мөн үүн дээр нэмэлтээр, төслийн хүрээнд барилгын шинэчлэн засварлах үйл ажиллагаанд зориулан нийслэлийн төсвөөс 2018 онд 1 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Төслийн ач холбогдлын талаар төслийн захирал Ноён Давид Ханкок “Монгол улсын хатуу ширүүн байгалийн нөхцөлд тохирсон эрүүл орчинтой, тав тухтай, хямд төсөр, эрчим хүчний хэмнэлтэй барилга нь нийслэлийн иргэдийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх болно. Төслийн хүрээнд хамгийн орчин үеийн шилдэг технологиор барилгын орчныг сайжруулахаас гадна ирээдүйд тогтвортой байдлыг хангах тогтолцоог бий болгоно” гэж онцлов. Нийслэлийн Засаг даргын Орлогч Ш.Анхмаа мөн төслийн ач холбогдлын талаар “Төслийн хүрээнд дулааны алдагдалтай нийт 20 сургууль, цэцэрлэгийг засварлахаас гадна нийслэлийн хөрөнгө оруулалтын бодлогын орчныг сайжруулна” гэв.

Энэхүү төслийн нээлтийн хурал энэ сарын 8 буюу ирэх даваа гаригт Зайсан дахь Цэнгэг ус, байгаль хамгааллын төвд болно. Хурлаар төслийн өмнөх шатны сайн туршлагаас Завхан, Ховд аймгийн сургуулийн удирдлага, орон нутгийн өмчийн газар, орон нутгийн удирдлага хуваалцах ба боловсролын салбарын хөрөнгө оруулалт, эрчим хүчний тарифын тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцын талаар хандивлагч байгууллага, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд, Нийслэлийн удирдлага, Нийслэлийн харъяа агентлагууд, Эрчим хүчний зохицуулах газрын төлөөллүүд хамтран хэлэлцэнэ.