Стандартын шаардлага хангаагүй 99 дотуур байранд сурагчид амьдарч байна

2017-12-05

-ДОТУУР БАЙРНЫ 50 ХУВЬД НЬ ТОГ БАЙНГА ТАСАРДАГ-

БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сан, Норвегийн тусламжийн байгууллага хамтран  “Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин” үндэсний зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны багш, нийгмийн ажилтан, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 170 гаруй төлөөлөгч оролцсон юм. Тэд ЕБС-ийн дотуур байрны өнөөгийн нөхцөл байдал, дотуур байранд хүүхдийн сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдүүлж буй  туршлагуудтай танилцан, цаашид баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн юм.

ЕБС-ийн  дотуур байранд 6-18 насны хүүхдүүд жилийн 224-245 хоногийг эцэг эх, гэр бүлээсээ хол өнгөрүүлдэг гэх тоо судалгаа бий.  Өдгөө 38968  хүүхдийн хүчин чадал бүхий 513 дотуур байр манай улсад бий. Эдгээр дотуур байраас 414 нь стандартын шаардлага хангасан, 99 нь стандартын бус барилга байшинд үйл ажиллагаа явуулж иржээ. 

Ингээд Хүүхдийн эрх-Хөгжил төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын талаар Норвегийн тусламжийн байгууллага, хүүхдийн эрх хөгжил төслийн удирдагч  Б.Баярмаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Судалгааны талаар болон судалгааг хийх явцад анхаарал татсан ямар асуудлууд байсан талаар танилцуулна уу?

-Дотуур байрны орчин нөхцөлтэй холбоотой асуудлыг ярихаар хүн бүр л байшин барилгыг шинэчилье, сайжруулья гэж ярьдаг. Энэ бол улсын төсөв хөрөнгөтэй холбоотой бөгөөд бидний хийж чадах зүйл биш. Гэтэл дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдэд байшин барилгаас илүүтэй тэнд ажиллаж байгаа багш, ажилчдын хүүхдүүдэд хандах хандлага, харилцаа, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах нь ихээхэн дутагдалтай байсан. Энэ бол манай төслийн хэрэгцээг тодорхойлох судалгаанаас гарч ирсэн асуудал байгаа.

Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн олонхи нь айдаг, даардаг, өлсдөг, ямар нэгэн чөлөөт үйл ажиллагаанд хамрагддаггүй, зөвхөн хоноглох үүрэгтэй юм шиг байдаг гэдгээ хэлж байсан нь анхаарал татаж байлаа. Үүний цаана дотуур байрны үйлчилгээг сайжруулах, тэнд ажиллаж байгаа багш ажилчдыг чадавхижуулах зүйл нь маш чухал юмаа гэдэг үндсэн дээр “Хүүхдийн хөгжил” төсөл үйл ажиллагаагаа чиглүүлсэн гэж ойлгож болно. Тийм учраас дотуур байрны ажилчдыг шат дарааллан хүүхэд хамгааллын асуудал, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнчлэн тэднийг эерэг аргаар хүмүүжүүлэх зэрэг арга аргачлалуудад сургасан. Үүний үр дүнд багш ажилчдын хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл багш ажилчид маань дотуур байранд ажиллах дур сонирхолтой болсон байгаа.

Түүнээс гадна бага насны буюу 6-10 насны хүүхэдтэй ажиллах асрагч багшийг авч ажилуулж эхэлсэн. 100 хүүхэд тутамд хоёр багш ажиллаж байгаа гэх мэтчилэн дотуур байрны хүүхдүүдэд хүрч байгаа үйлчилгээ бол сайжирсан гэдгийг дурьдахыг хүсч байна.

-Дотуур байранд ихэвчлэн тогооч, санхүүч, тэтгэвэртэй гарсан, жирэмсний амралтаа авсан багш нар ажилладаг юм билээ. Манайд дотуур байрны багш бэлтгэх хөтөлбөр хэрэгжих боломжтой юу. Энэ талаар хийгдсэн ажлууд юу байна вэ?

-Өнөөг хүртэл Монгол Улсад дотуур байрны багшаар ажиллах мэргэжлийн орон тоо гэж байхгүй. Гэсэн хэдий ч тодорхой шинжлэх ухааны судлагдахууныг зааж байсан багш нар ажилаж ирсэн. Бидний хийсэн судалгаагаар дотуур байранд багш ихэвчлэн нийгмийн ажлын үйлчилгээ явуулж байгаа. Тийм учраас дотуур байрны багш нийгмийн ажилтны мэргэжилтэй байх хэрэгцээ шаардлага гарч ирж байгаа гэсэн. Үүнтэй уялдуулаад МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн дэргэд дотуур байрны багшийг бакалаврын зэрэгтэй бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж оролдсон боловч дотуур байрны багшаар ажиллах элсэгч оюутан хангалттай байж чадаагүй учраас хэрэгжээгүй. Энэ нь дотуур байрны багшийн ажлын үнэлэмж, статус доогуур, мөн ажлын байрны ачаалал их байдагтай холбоотой юм билээ. Тийм учраас одоо ажиллаж байгаа багш нарыг нийгмийн ажлын чиглэл рүү мэргэшүүлэх, чадавхижуулах талаас нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУБИС-ийн нийгмийн ажлын тэнхим зэрэг бүх шатны байгууллагууд ажиллаж байна.

-Судалгааны үр дүнд цаашид ямар асуудлууд дээр анхаарах шаардлагатай байна вэ?

-Судалгаанд дотуур байрны бүх талын орчинг оруулсан. Өөрөөр хэлбэл дотуур байрны материаллаг орчин, сэтгэлзүйн орчин, хүүхдийн эрх хамгааллын асуудлаар ямар үйлчилгээ явуулж байгаа эсэх, мөн дотуур байрны хүний нөөц хэрхэн чадавхижиж байгаа, хүүхдийн хөгжил оролцоог хэрхэн хангаж байгаа зэрэг асуудлуудыг оруулсан байгаа. Тухайлбал, дотуур байрны  50 хувьд нь тог байнга тасардаг. Мөн нийт дотуур байрны 78.2 хувь нь гадна ариун цэврийн байгууламжтай байсан. Энэ бол бидний цаашид анхаарлаа хандуулах асуудлын нэг яах аргагүй мөн.

Бид судалгааны тайлан илтгэл дээр аймаг, орон нутаг, яам зэрэг холбогдох бүх байгууллагуудад зөвлөмж гаргаж өгсөн. Тухайлбал, дотуур байр гэдэг нь зөвхөн тухайн хүүхдийн өдөр хоногийг аргацаах газар биш, энд хүүхдийг хөгжүүлэх, оролцуулах, тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах бодлогод тусгах, эцэг эхийн оролцоог маш сайн хангаж өгөх ёстой гэсэн зүйлүүдийг зөвлөмждөө тусгаж өгсөн.

Мөн дотуур байрны багш нийгмийн ажилтны чиглэлийн мэдлэг, ойлголттой, ийм үйлчилгээг явуулах чадвартай ёстой гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Дотуур байранд хүүхдийн эрхийг хангах, хэрэгжүүлэх ажил хамгийн дутагдалтай байдаг юм билээ. Үүнд төр засаг үүрэг хүлээх ёстой. Төр засаг гэдэг  маань эцэг эхээс эхлээд багш, ажилчид, сум, аймаг, үндэсний түвшинд бодлого хариуцагчид гэсэн үг. 

-ОРОН НУТГИЙН ДОТУУР БАЙРУУДАД ТУЛГАРДАГ ТОМ БЭРХШЭЭЛ НЬ БИЕ ЗАСАХ ГАЗАР-

Ховд аймгийн Хүүхэд хамгаалал дотуур байрны мэргэжилтэн О.Өлзийсайхан:

Энэхүү зөвлөлгөөнд Ховд аймгийн аймаг болон сумдын сургууль бүрээс нэг хүн оролцож байна. Бид төсөл, үйл ажиллагааныхаа хүрээнд дотуур байрны орчин нөхцлийг сайжруулах, хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хангах гэсэн бүлэгт зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж, энэ зорилтоо биелүүлсэн.

Хүмүүс олон улсын байгууллага гэхээр сандал ширээ, материаллаг зүйлээр дэмждэг гэж ойлгодог. Тэгвэл манай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын дийлэнхи нь буюу 97 хувь нь оюуны хөрөнгө оруулалт, чадваржуулах ажлууд байсан. Тодруулбал, бид хамтын ажиллагааныхаа хүрээнд хэд хэдэн том үйл ажиллагааг зохион байгуулсан. Үүнд: дотуур байрны багш нарыг чадавхижуулах сургалт, сурагчдын дунд хүүхдийн эрхийн ойлголт мэдлэг дээшлүүлэх сургалт, сум орон нутгийн удирдлагуудын, сургуулийн нийгмийн ажилтнуудын, эмч, тогоо нарын, мөн хүүхдийн боловсролд хамгийн чухал хүмүүс болох эцэг эхийн сургалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан.  

    Манай орон нутгийн дотуур байруудад тулгардаг том бэрхшээл нь бие засах газрын асуудал байдаг. Ялангуяа өвлийн улиралд нэлээд хүндрэлтэй. Энэ асуудлыг түргэн шийдвэрлэх шаардлагатай. Сүүлийн үед энэ асуудлыг шийдвэрлэх тал дээр холбогдох газрууд арга хэмжээ аван ажиллаж байгаа. Манай аймаг дөрвөн дотуур байрандаа дотор бие засах өрөөг хийж, тохижуулсан. Одоогийн байдлаар ашиглалтын хувьд хүндрэлтэй талууд бий. Цаашид бүх дотуур байраа дотор бие засах өрөөтэй болгох хүртлээ гадна бие засах газраа стандартын дагуу ашиглана.

-ДОТУУР БАЙРНЫ СУРАГЧДЫН ХООЛНЫ МӨНГӨ ХҮРДЭГГҮЙ-

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын бүрэн дунд сургуулийн захирал Ш.Раяа:

    “Манай аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 42 сургуультай бөгөөд тэдгээрт 23,062 хүүхэд суралцаж байна. Аймгийн хэмжээнд 12 сум, 17 багийн сургуулийн дотуур байранд 4531 хүүхэд амьдарч байгаа гэсэн тоо бий. Энэхүү төсөл хэрэгжихээс өмнө манай аймгийн дотуур байрны хамтын ажиллагаа, багш ажилтан руу чиглэсэн сургалтын үйл ажиллагаа хангалтгүй байсан Мөн хүүхдүүд дотуур байрандаа чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдээгүй, хүүхдийг хөгжүүлэх чиглэлэийн ажил хангалттай хийгддэггүй, эдгээр асуудлыг шийдвэрлэх арга зам, гарцаа мэддэггүй байсан. Эдгээр асуудлуудыг шидвэрлэхэд сургуулийн удирдлага, дотуур байрны багш ажилтнууд, эцэг эх, хүүхэд хамгааллын хамтарсан баг олон нийтийг чадваржуулах шаардлагатай байсан.

Төсөлд хамрагдаж төлөвлөгөө гарган ажилласаны үр дүн дотуур байр, сургууль, дотуур байрны ажилтнууд сургуулийн удирдлагууд багш нарын хамтын ажиллагаа сайжирсан. Мөн хүүхдийг хөгжүүлэх, тэдэнд эрхийн асуудлыг нь ойлгуулах чиглэлийн ажлуудыг хийсэн. Ингэснээрээ дотуур байранд эерэг харилцааны орчин бүрдэж, багш ажилтны хандлага өөрчлөгдсөн гэж хэлж болно.

   Тулгамдаж буй асуудал цаашид анхаарах зүйлсийн хувьд дотуур байрны багш тогтвор, суурьшилтай ажиллахад багш нарын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл цалин, амралтын хугацаа зэрэг нь бага байгаа нь дотуур байрны багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад сөрөг нөлөө үзүүлж байна. Түүнчлэн алслагдсан аймгуудын хувьд сум, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан багтай ажиллахад хүндрэлтэй, хүүхдийн эрх, дотуур байрны орчин нөхцлийг сайжруулахад эцэг эх, олон нийтийн утга учиртай оролцоог нэмэгдүүлэхэд суралцах хэрэгцээ шаардлага байна. Дотуур байрны хүүхдийн хоолны мөнгөний төсөв нь хүрдэггүй, дотуур байрны хатуу зөөлөн эдлэл, гал тогооны хэрэглэгдэхүүний хангалтгүй байгааг сайжруулахад төр засгийн зүгээс зайлшгүй анхаарах шаардлагатай байна.” гэлээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын гуравдугаар сургуулийн дотуур байрны багш Д.Уянга:

“Сургуулийнхаа дотуур байрны сайн туршлага, амжилтаас фото мэдээлэл бэлтгэж үзэсгэлэнд оролцож байна. Манай дотуур байр,  хүүхэд хөгжлийн танхим  болон тоглоомын өрөөтэй. Хүүхдийн насны онцлогт  тохирсон тоглоомууд хангалттай байдаг. Дотуур байрны өрөөний багтаамжаас шалтгаалаад 4-6 хүүхэд нэг өрөөнд байрладаг.  

Харин цаашид анхаарах нэгэн асуудал бол хүүхдийн хоолны мөнгийг нэмэх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Нэг хүүхэд өдөрт 2315 төгрөгийн хоол иддэг. Энэ мөнгө нь зургаан настай хүүхдүүдэд бол боломжийн байгаа боловч арванхоёрдугаар ангийн хүүхдүүдэд багадна” хэмээн тэрээр ярьж байлаа.

Зөвлөлгөөнд оролцсон орон нутгийн төлөөллүүдийн санал нэгдсэн бас нэг асуудал нь дотуур байран дахь хүүхэд хөгжлийн танхим байлаа. Хүүхдийг хөгжүүлэхэд дотуур байранд  хүүхэд хөгжлийн танхим,  зайлшгүй  байх шаардлагатай. Гэтэл манай ихэнх дотуур байруудад хүүхэд хөгжлийн өрөө танхим байдаггүй байна

Сонирхуулахад, 2017 онд улсын төсвөөр 800 ор бүхий долоон дотуур байр шинээр ашиглалтад оруулжээ. Харин 2018 онд 5.8 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 695 ортой, долоог дотуур байр, 2019 онд 18.1 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 1395 ор бүхий 12 дотуур байр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна.