Ц.Мөнхцэцэг: Боловсролын багц хуулийн төсөлд цахимаар саналаа өгөөрэй гэж уриалмаар байна

2020-11-11

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо, БШУЯ-наас 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулах “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрхзүйн зохицуулалт” хэлэлцүүлгийн талаар өчигдөр /2020.11.10/ хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр Боловсролын багц хуулинд олон нийтээс цаасаар болон цахимаар санал авч байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.  

Ковид-19 цар тахлын энэ үед ард иргэд та бүхэн Боловсролын багц хуулинд цахимаар https://www.meds.gov.mn/ сайтаар саналаа өгөх боломжтой юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийн талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийн байр суурийг сонслоо.

-Та бүхэн Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар гурван ч удаагийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Харин ооо улсын хэмжээнд энэ асуудлаар хэлэлцэх гэж байна. Хэлэлцүүлгийн үр дүнд ямар шинэчлэл хийх вэ?

-Анхны хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам бид 2020 оны 9-р сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Түүнээс хойш гурван удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Бидний санаачлагыг Байнгын хороо маань дэмжээд улсын хэмжээнд зохион байгуулж, эдгээр хэлэлцүүлгийн үр дүнд үндэслэн Боловсролын багц хуулийг шинэчлэх ажил эхэлсэнд баяртай байна. Эцэг эхчүүд, багш нар, боловсролын салбарын бүх шатны төлөөллүүдийг энэ хуулийн төсөлд саналаа өгөөрэй гэж уриалмаар байна.

Өмнөх хэлэлцүүлгүүдийн үеэр бид Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах асуудлаар багш, эцэг эхчүүдээс судалгаа авсан. Мөн оролцогчдоос амаар болон цаасаар санал асуулга авсан. Эдгээр судалгааны үр дүнгээс харахад багшийг хөгжүүлэх тал дээр төр засгаас бодлогоор дэмжих, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлж, цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, сурах бичгийн агуулга, чанарыг сайжруулахад онцгой анхаарах, цахим системийг нэвтрүүлж, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэх, багш бэлтгэх сургуулиудыг чадавхжуулах, төрөөс дэмжих, үндэсний сургалтын хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй дүйцүүлэх нь зүйтэй гэсэн саналууд их ирсэн. Өөр нэг анхаарах асуудал бол боловсролын тэгш бус байдал, боловсролын чанарын ялгаатай байдлыг арилгах асуудал байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Алсын хараа-2050, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн баримт бичигт боловсролын тэгш байдлыг чухалчилж, хүн бүр чанартай боловсролыг тэгш хүртээмжтэй олгоно гэж тусгасан байгаа. Энэ хүрээнд Боловсролын салбарын эрх зүйн орчны шинэчлэлүүд эхэлнэ.

-Боловсролын чанарын ялгаатай байдлыг хэрхэн яаж арилгах вэ. Та энэ асуудлаар нэлээд ярьдаг байх аа?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтын оноог харьцуулаад үзэхээр төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудын онооны ялгаа хамгийн их байгаа хичээл бол англи хэл. Бусад хичээлийн оноо бол тийм ч хол зөрүүтэй биш. Хувийн хэвшлийн сургуулийн англи хэлний онооны тухайд гурав дахин өндөр байгаа юм. Энэ юуг харуулж байна гэхээр төрийн хэвшлийн сургууль дахь сургалтын хүртээмж, чанар тааруу байна гэсэн үг.

Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь анги танхимын хүрэлцээ буюу нэг ангид суралцах сурагчийн тоо маш өндөр байгаа явдал. Бид энэ ялгааг арилгая гэвэл эхний ээлжинд англи хэл, байгалийн ухааны хичээлийг цахимаар явуулж болно. Ер нь гадаад хэлний хичээлийг онцлогоос хамааруулаад хэлийг бүлгээр, төвшингөөр ялгаатай зааж байж тухайн хичээл үр дүнтэй болдог жишээ олон улсад байна. Гэтэл манайд улсын сургуульд нэг ангид дунджаар 40, 50, 70 орчим хүүхэд сурч байгааг нь багшийн ачааллыг нэмж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөхөд хүрч байгаа юм.

2018-2019 оны судалгаагаар үзэхээр нийслэлийн төрийн өмчит сургуулиудад 80 гаруй бүлэг 41-70 хүүхэдтэй сурсан байгаа юм. Тэгэхээр англи хэл, орос хэлийг үр дүнтэй заах боломж байхгүй байна. Мөн Англи хэлний багш нарын бидэнд хүсэлт ирүүлсэн гол бэрхшээл бол багшийн цалин, үнэлэмж. Багшийн цалин маш доогуур байна. Англи хэлний үнэлэмжийг яаж нэмэх вэ? Тухайн багшийн заах арга зүй, чадварыг үнэлэхийн тулд багшийн ангид сурч байгаа хүүхдүүдийн англи хэлний түвшин, онооноос ялгаатай байдлаар цалинг нь тогтоох асуудлыг багш нар ярьж байна.

Төрийн өмчит сургуулиудынхаа сургалтын чанарыг сайжруулах, боловсролд үүсээд байгаа тэгш бус хүртээмжийг арилгах үүднээс бодлогын өөрчлөлт хийх ёстой. Энэ өөрчлөлтийн эхлэл хэлэлцүүлгийн үр дүнд тавигдсан гэж харж байгаа.

-Та өмнөх хэлэлцүүлгийн үеэр тавьсан илтгэлдээ боловсролын салбарын санхүүжилтийн асуудлыг хөндөж, үр ашиггүй зарцуулалт ихтэй байна гэж шүүмжилж байсан. Санхүүжилтийг хэрхэн зохистой шийдвэрлэх боломжтой юм бэ?

-Монгол Улсын Засгийн газар нийт төсвийнхөө 15-20 хувийг боловсролын салбарт зарцуулдаг. Энэ нь олон улстай харьцуулахад тийм ч муу үзүүлэлт биш боловч бид өнгөрсөн 30 жилд барилга байшин буюу хатуу дэд бүтэц рүү 70-80 хувийг нь зарцуулж ирсэн байна. Багшийн хөгжил,  сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, сургалтын технологид маш бага мөнгө зарцуулж иржээ.

Тиймээс санхүүжилтийг шинэчлэх оновчтой болгох ёстой. Ингэхдээ боловсролын санхүүжилтийн тодорхой хувийг багшийн хөгжил, технологийн шинэчлэл гэх мэтэд зарцуулахаар хуульчилж өгөх нь зүйтэй. Бүр нарийвчлаад Боловсролын тухай хуульд боловсролын санхүүжилтийн 20-30 хувь нь багшийн үнэлэмж, багшийн нийгмийн хамгааллын бодлого руу, тодорхой дүнг сургалтын хөтөлбөр, технологийн шинэчлэлтэд зарцуулах зэргээр квот тогтоож өгөхөд буруудахгүй.

Төсвийн зардлыг оновчтой зөв хуваарилж, төрөөс баримтлах боловсролын бодлогоо хүүхэд бүрт тэгш, хүртээмжтэй боловсрол олгоход  чиглүүлэх асуудалд анхаарч ажиллана.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар хот хөдөөд сургуулийн бүтэц, багшийн ачаалал ялгаатай байгааг харгалзан сургуулийн хэтийн төлөвт чиглэсэн бүтцийн зураглалыг хийж, төсвийн оновчтой хуваарилалтыг хийх нь зүйтэй гэдэг байр сууриа илэрхийлсэн юм.