"Говьсүмбэрээс бусад бүх аймагт дотуур байр хангалттай байхад 2021 оны төсөвт 11 аймагт 28 дотуур байр шинээр барихаар тусгасан байна"

2020-11-03

“Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог олон улсын жишигт хүргэх нь” сэдэвт хэлэлцүүлэг өчигдөр Корпорэйт Конвеншн төвд боллоо.

“Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” цуврал хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нар анх санаачлан 2020 оны есдүгээр сарын 04-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Удаах хэлэлцүүлгийг есдүгээр сарын 24-ний өдөр “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь: ЕБС дахь Англи хэлний сургалт” сэдвээр зохион байгуулсан билээ. Тэгвэл гурав дахь удаагийн хэлэлцүүлгийг УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Үндэсний ерөнхий боловсролын тогтолцоог Олон Улсын жишигт хүргэх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр илтгэгчид болон оролцогчдын зүгээс илэрхийлсэн онцлох санаануудыг хүргэж байна.

"КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРӨӨС АВАХЫГ НЬ АВААД ҮНДЭСНИЙ БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨРӨӨ ОЛОН УЛСЫН ТҮВШИНД ХҮРГЭХИЙГ ЗОРЬЖ БАЙНА"

Хэлэлцүүлгийг удирдан явуулсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Кембрижийн хөтөлбөр хэрэгжиж байгаа гурван сургууль байгаа. Тус гурван сургууль дээр хөтөлбөр үргэлжлээд явах бөгөөд тэдний ололт амжилт ялангуяа заах арга зүйн талын давуу талуудыг үндэсний боловсролынхоо хөтөлбөрт аваад явна гэж үзэж байна.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэх үеэр гишүүд зарчмын зөрүүтэй байр суурь илэрхийлж байсан. Гэхдээ зорилго нь нэг буюу боловсролын салбараа сайжруулахад оршиж байгаа. Тиймээс уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, Кембрижийн хөтөлбөрөөс авах юм аа аваад үндэсний боловсролын хөтөлбөрөө олон улсын түвшинд хүргэхийг зорьж байна.

2021 оны төсөвт боловсролын үнэлгээний систем нэвтрүүлэхэд шаардагдах зардлыг суулгасан. Үнэлгээний системээр бидний зааж байгаа чадварыг хүүхдүүд олж авч чадаж байна уу, үгүй юу, бид хаанаа алдаа гаргаад байна гэдгээ харах боломжтой. Мөн багшийг, сургуулийг бодитоор үнэлэх боломжтой системийг нэвтрүүлэх гэж байна.

Мөн байршлын судалгаа хийхээр төлөвлөж байгаа. Алслагдсан сумдад цөөн суралцагчтай хэр нь олон багштай байгаад байна гэх шүүмжлэл гардаг. Тиймээс улсын хэмжээнд байршлын судалгаа хийгээд суралцагчийн тоотой харьцуулан боловсролын санхүүжилтийг хийхээр төлөвлөж байгаа" гэдгийг хэлж байв.

"БАЙНГЫН ХОРООНЫ ГИШҮҮД БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН САНХҮҮЖИЛТЭД ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАЖ БАЙГАА"

Хэлэлцүүлгийн эхний илтгэлийг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал” сэдвээр тависан бөгөөд боловсролын салбар дахь санхүүжилт оновчгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлсэн юм.

Тэрбээр "Боловсролын тухай хууль өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамгийн олон удаас өөрчлөлт орсон хуулиудын нэг. Гэхдээ хүн амын өсөлтийг дагаад өөрчлөх шаардлага мөн гарсаар ирсэн. Түүнчлэн нийслэл рүү чиглэсэн хүн амын төвлөрлөөс үүдэн нэг багшид ногдох суралцагчийн тоо, анги дүүргэлт зэрэг нь боловсролын ачаалал үүсгэж байна. Тиймээс багшийн ачааллыг зөв үнэлэх, технологийн дэвшилтэй уялдуулан багшийг дахин бэлдэх, багшийн сургалтыг сайжруулах хэрэгтэй. Энэ нь боловсролын суурь хуулиадад өөрчлөлт оруулах шаардлага дагуулж байна.

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд боловсролын салбарын санхүүжилтэд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тухайлбал, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын дийлэнх нь барилга байгууламж руу чиглэж байна. 2020 оны боловсролын санхүүжилтийн судалгаанаас харвал Говьсүмбэр аймгаас бусад бүх аймагт дотуур байр хангалттай гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл 2021 оны төсөвт 11 аймагт 28 дотуур байр шинээр барихаар тусган оруулж ирсэн байна. Төсвийн зарлага маш оновчгүй байгаа нь эндээс харагдана.

Төсвийн хөрөнгө оруулалтыг хүн рүү, багш руу чиглүүлэх шаардлагатай хэмээн үзэж байгаа. Цахим шилжилт, багшийн мэргэжил дээшлүүлэх, сургалтын технологийн шинэчлэлд маш бага төсөв тавьсан байна. Боловсролын санхүүжилтийн тодорхой хувийг багшийн хөгжил, технологийн шинэчлэл гэх мэтэд зарцуулахаар хуульчилж өгөхөд ч буруудах зүйлгүй гэж бодож байгаа" хэмээн ярилаа.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ж.Мөнхбат, Н.Алтанхуяг нарын гишүүд, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх С.Ламбаа болон холбогдох албаны хүмүүс, АНУ, Европын холбоо, ХБНГУ, ИБУИНВУ, БНЭУ, Япон Улсын Элчин сайдууд оролцлоо. Мөн үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ЕБС, их дээд сургууль, МСҮТ-ийн төлөөллүүд оролцон тулгамдаж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монгол Улсын ЕБС дахь тулгамдсан зарим асуудал”, БСШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Монгол Улсын ЕБ-ын сургалтын хөтөлбөрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах оролдлогууд, өнөөгийн нөхцөл байдал”, БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн захирал Б.Амартүвшин “Олон Улсын хөтөлбөрийг Монгол Улсад нутагшуулсан туршлага, ололт амжилт”, МУБИС-ийн сургалт эрхэлсэн Дэд захирал Х.Тамир “Монгол Улсад багш бэлтгэх тогтолцооны өнөөгийн байдал”, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малон “Кембрижийн хөтөлбөр, түүний зорилго, Олон Улс дахь хэрэгжилт” зэрэг сэдвээр илтгэл тавив.

Эх сурвалж: Ikon.mn