Ц.Мөнхцэцэг: Нийслэлд хамран сургалтын асуудал хүнд байна

2020-10-16

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуув. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг багш нарын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, багшийн хөгжлийн дэмжиж, мэргэжил дээшлүүлэх төсөл хөтөлбөрт хамруулах болон боловсролын салбарын төсвийн үр ашигтай зарцуулалтын асуудлыг хөндлөө.

Энэ оны төсөвт багшийн цалин хөлсний шударга тогтолцоог бий болгож, суралцагчдын чанарт ахиц гарсан тохиолдолд урамшуулал, нэмэгдлүүдийг бүрэн авдаг болно гэхчлэн багшийн хөгжлийг дэмжсэн саналыг тусгасан байна.

Үүнийг Ц.Мөнхцэцэг гишүүн дэмжиж буйгаа илэрхийлээд Ч.Ундрам гишүүний хамт үндэсний боловсролын тогтолцоогоо сайжруулах асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд хийх үеэр багш нараас ажлын байран дээрээ хөгжих, сургалтад хамрагдах нөхцлийг бүрдүүлэх, ялангуяа Англи хэлний багш нарын хувьд Тесолын сургалтанд хамрагдах хүсэлт их байгаа ч төлбөр нь өндөр тул хөнгөлөлт үзүүлэх, гадаадад урт, богино хугацааны сургалтад хамруулах санал их гаргаж байсан тухай тэрбээр онцоллоо. Тиймээс багш нарыг чухам яаж хөгжүүлэхээр тусгаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтыг чадавхжуулах талаар ямар бодлого чиглэл барьж байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэвэлсүрэнгээс тодрууллаа.  

Багш нарын мэргэжлийг дээшлүүлэхэд 2.5  тэрбум төгрөг зарцуулна

Уг асуултад сайд Л.Цэдэвсүрэн “Сайдын багцын төсөвт багш нарын мэргэжил дээшлүүлэх, давтан сургалт, хөтөлбөр арга хэмжээнд зориулсан тусгай зардал бий. Энэ онд багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудлаар 2.1 тэрбум төгрөг тусгасан. Энэхүү төсөвт боловсролын салбарын цахим шилжилттэй холбоотой багш нарыг ажлын байран дээр нь тасралтгүй цахимаар хөгжүүлэх тухай асуудлыг тусгасан. Мөн стандарт сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд 2.5 тэрбумыг тусгаад байна. Үүний тодорхой хэсэг нь багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлд зарцуулагдана. Багшийн мэргэжил дээшүүлэх институтын тухайд чиг үүргийг нь өөрчлөх, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн тэрбээр Засгийн газраас “Чадварлаг багш” төслийг хэрэгжүүлж, ур чадвар, ажлын үр дүн, сургалтын чанартай уялдуулж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэх мэдээллийг өглөө.

Дээрхээс гадна 2021 оны  яамны сайдын багцад маш олон сумдад 320, 640, 920 суудалтай сургуулиудын барилгын төсвийг оруулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Хүн ам нь жилд 6 орчим хувь өсч байгаа Улаанбаатар хотод байдал илүү хүнд байна. Нийслэл хотод хамран сургалт улсын дунджаас доогуур байгаа ба дэд бүтэц хангалтгүй, эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хүнд байна. Шинэ сургууль барих хөрөнгө оруулалтыг баримт нотолгоо буюу хэрэгцээнд суурилж хийдэггүйг статистикууд харуулдаг. Улсын хэмжээнд хот, хөдөөгийн сургуулийн ээлжийн коэффициент эрс ялгаатай байна. Судалгаагаар үнэлэгдсэн 811 сургуулийн 374 нь хүчин чадлаасаа доогуур ажиллаж байгаа бол 88 нь хоёр ээлжээр ажиллаж байна. Үүнийг хүн амын тооноос үл хамааран бүх сум дунд сургуультай болсноор тайлбарлаж болно. Энэ нь нөөцийн үр ашигтай зарцуулалт сул байгаатай холбоотой” хэмээгээд ирэх жилийн төсөвт шинээр барих сумдын сургуулиудын барилгууд хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөнийг хэр тооцсон бэ, үнэхээр хэрэгцээнд суурилж хийсэн үү гэдгийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгээс тодруулав.

Зөвхөн эхний 10 байранд орсон их дээд сургуульд суралцагчдад Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл, тэтгэлгийг олгоно.

Мөн тэрбээр төрийн сангийн тэтгэлгээр гадаадад сургахтай холбоотой асуудлыг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 93 их, дээд сургуулийг чанараар нь эрэмбэлж, зөвхөн эхний 10 байранд орсон их дээд сургуульд суралцагчдад Боловсролын зээлийн сангаар дамжуулан зээл, тэтгэлгийг олгоно гэж тусгасныг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.