Хүүхдийн эрх зөрчсөн ялгаварлал ба Кембрижийн хөтөлбөр

2020-08-28

Дэлхийн 200 шахам улсууд нэгдсэн 54 заалт бүхий Хүүхдийн эрхийн конвенцид манай улс ч нэгдсэн байдаг. Энэ конвенцийн үндсэн санаа, зорилго нь хүүхэд бүр адил тэгш эрхтэй байх зарчим. Энэ зарчмаар бол хүүхэд бүр сургуульд адил сургалтын хөтөлбөрөөр суралцах ёстой. Өнөөдөр Монголд Кембрижийн хөтөлбөрөөр явах ёстой, ёсгүй гэсэн талцалтай байна. Монгол Улс хэрвээ Кембрижийн хөтөлбөрөөр сурах сургуулиа одоо байгаагаа олон болголоо ч бүгдийг хамруулж чадахгүй л бол хүүхдийн эрхийг зөрчсөөр ирсэн улс байсан, цаашдаа ч зөрчих улсын тоонд хэвээр үлдэнээ л гэсэн үг.

Кембрижээр явах ёстой гэсэн хүмүүсийн үндэслэлийг харвал яагаад цөөхөн хэдэн сургуулиуд нь Кембрижээр яваад бусад нь яагаад явж болдоггүй юм гэсэн санаа байна. Тэгвэл ирэх жилүүдэд Кембрижийн хөтбөлбөртэй сургуулиудын тоог 100 болголоо ч гэсэн үлдэх сургуулиудын хүүхдүүдийн эрх зөрчигдөөд үлдэнэ гэсэн үг. Хэний хүүхдүүд нь өөр хөтөлбөрөөр сураад хэний хүүхдүүд нь үлдэх ёстой юм гэдэг үндэслэл нь үндсэндээ хэвээр үлдэнэ гэсэн үг. Монгол Улсын нэг ч хүүхэд хөтөлбөрийн ялгаварлалд орох учиргүй. Нэг сумын сургууль нь Кембрижийн хөтөлбөрт ороход нөгөө сумын сургууль нь хэдэн жилийн дараа орох вэ? Кембрижийн хөтөлбөрт ороогүй сурагчид нь тэр сургуульд сураагүйнхээ төлөө хохироод төгсөөд явах уу? Энэ бол хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болно. Тэр улсын хөтөлбөр сайн муу, систем нь сайн, муу гэж дүгнэх нь өрөөсгөл зүйл. Гагцхүү бид хүүхдийн эрх зөрчигдөхгүй байх, ялгаварлал, тэгш бус байдалд орохгүй байх талаас нь харах ёстой юм.

Скандинавын орнууд тэр дундаа миний ажиллаж байгаа Шведийн Хаант Улсын иргэдийн Англи хэлний боловсролын түвшин дэлхийд дээгүүр ордог . Миний ойлгосоноор энэ түвшинд хүрэхдээ аль нэг улсын хөтөлбөрийг шууд хуулбарлан ашиглаагүй. Дотоод, гадаадад суугаа үндэсний багш, мэргэжилтэн, судлаачдынхаа хүч боломжийг сайтар ашигласан байдаг. Өнөөдөр энэ орнуудын хүүхдүүд олон улсын боловсролын үнэлгээний PISA үнэлгээний аргачлалаар дээгүүр яваа нь ч үүнтэй холбоотой.

Кембрижийн хөтөлбөрт мөнгө төлөх хэмжээний санхүү төсөвтэй юм бол багш нараа олноор нь гадагшаа ээлж дараатай сургалтанд явуулж бэлтгэе.

МУИС-ийн Европын бүс дэх төлөөлөгч Н.Нямжав