Боловсролын салбарынхан сурагчдыг ялгаварлан гадуурхах Кембрижийн хөтөлбөрийг дэмжихгүй байна

2020-08-28

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төсөлд багтаад буй ерөнхий боловсролын сургуулийн 10 хувийг Кембрижийн хөтөлбөртэй лаборатори сургууль болгох асуудлыг хэсэг УИХ-ын гишүүн санаачлаад байгаа юм.

Тэгвэл энэ асуудалд боловсролын салбарын эрдэмтэн, докторууд, судлаачид мөн боловсролын салбараас УИХ-д сонгогдсон гишүүд хэрхэн хандаж байгааг бид цувралаар хүргэсээр байна. 

Эрдэмтэн, судлаач, гишүүдийн тус асуудалд илэрхийлсэн байр суурийг нэгтгэн хүргэе.

МАН зүүн төвийн буюу нийгмийн тэгш байдлыг дэмждэг нам

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:

Монголын боловсролын салбарт тэгш бус байдал газар авсан энэ үед нийт хүүхдийнхээ 10 хувьд ч хүрэхгүй кембрижийн сургалтыг өргөжүүлэх зардлыг нэмэхийн оронд суурь боловсролын чанарыг нийтэд нь сайжруулж, англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Суурь боловсролыг өгч байгаа улсын сургуулиудын нийт боловсон хүчин, хөтөлбөрөө дэмжээд явъя. Тухайлбал, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн халамжийн бодлогоор дэмжих, ялангуяа хөдөө орон нутаг дахь залуу багш нарын орон сууцыг шийдэх, бүсийн нэмэгдлийн хэмжээг өсгөх шаардлагатай.

МАН зүүн төвийн нам буюу нийгмийн тэгш байдлыг дэмждэг. Тэр утгаараа боловсролын тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгох ёстой. Үүний нэг гол шалгуур бол төрөөс ашгийн бус сургалтын байгууллагуудыг дэмжих.

Тэгш бус байдлыг гүнзгийрүүлэхгүй, хүртээмжтэй, чанартай боловсролыг олгох ёстой.

Энэ талаар ТББ-уудаас ч мөн санал ирүүлсэн. Тухайлбал, Боловсролын зөвлөгөө мэдээлэл өгөх төв өнгөрсөн 9 жилийн хугацаанд Улаанбаатар аймгийн алслагдсан дүүрэг, Дорнод зэрэг холын аймгуудын, өрхийн орлого багатай, ядуу 600 өрхийн хүүхдүүдэд англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд нийт улсын сургуульд англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлснээр олон улсын сургуулиудад тэнцэх монгол хүүхдийн тоо эрс нэмэгдэнэ гэсэн үг дүн гарчээ. 

Мөн улсын сургуулийн хүүхдүүдийн англи хэлний боловсролыг төрийн бодлогоор дэмжвэл Кембрижийн сургалтыг хэдхэн сургуульд явуулснаас илүү өндөр үр дүн гарна гэж үзсэн байна. Түүнээс гадна шалгалтуудын дүнгээс харахад байгалийн шинжлэх ухааны хичээл дээр улсын болон хувийн сургуулиудын хүүхдүүдийн онооны зөрүү их биш ч англи хэлний шалгалт дээр маш их зөрүүтэй байгаа.

Маш олон сургууль 10 саяас дээш, дээд тал нь 60 сая төгрөгийн төлбөртэй байна. Ийм өндөр төлбөртэй сургуулиудад хувьсах зардлыг олгохоос илүүтэй хүн амын 90 хувийг хамардаг улсын сургуулиудаа дэмжих ялгаатай бодлого хэрэгжүүлэх ёстой. Үүнийг таван жилийн хөтөлбөртөө оруулъя. 

Мөн хилийн чанадад байгаа монгол хэл соёл заадаг боловсролын байгууллагуудын статусыг төрөөс баталгаажуулж, тэнд багшилж байгаа ажилчдын нийгмийн даатгал бусад зардлыг төрөөс дэмжье. 

Байгалийн шинжлэх ухааны бүх хичээлээ дан англи хэлээр үзвэл ирээдүйд шинжлэх ухааны Монгол хэлгүй болно

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Д.Бум-Очир:

Бүрэн дунд боловсролыг Кэмбрижийн хөтөлбөрт шилжүүлэх тухай яриа чих дэлсэх боллоо. Боловсролын салбарт байдаг тэр Кэмбрижтэй нь их холбоотой хүн тул бас нэг хоёр үг хэлье.

1. Кэмбрижийн хөтөлбөр бол Евро-Америк төвтэй, олон улсын чанартай, дэлхийн иргэн бэлддэг хөтөлбөр юм. Энэ чиглэлдээ бол шилдэг нь. Харин муулбал Монголын талаар нэг тийм өрөөсгөл "бүдүүлгүүд" (barbarian-нийгмийн хувьслын онолоор бол хөгжлийн нэг шат) гэдэг ойлголттой эсвэл бүр ойлголтгүй, гадаад нөхдүүд байдаг даа, тэднийг бэлтгэхэд хувь нэмэр оруулдаг гэсэн үг. Нөгөө миний ярих дуртай мэдлэгийн колоничлолд автана. Яах вэ сайн юм уншдаг, өөрөөр сэтгэдэг, бие даах чадварт суралцсан хүн Монголоо хайх л бх.

2. Монгол хэл зөвхөн өдөр тутмын ярианы хэл төдийхөн зүйл биш ээ. Шинжлэх ухааны бичгийн хэлтэй байх ёстой. Байгалийн шинжлэх ухааны бүх хичээлээ дан Англиар үзвэл ирээдүйд шинжлэх ухааны Монгол хэлгүй болно. Киргиз, Казак шиг.

3. Кэмбрижийн хөтөлбөрөөр суралцагсад маш их ачаалал авдаг. Монгол хэл, соёл, түүх зэрэг Монгол агуулгаа судлах цаг нь хомс болдог. Агуулгыг нь нэмбэл ачаалал нь хүүхдэд дийлдэхгүй болдог. Ер нь Английн 12 жилийн, Монголын 12 жилийн бүрэн дунд боловсролын нийт 24 жилийн диплом олгох гээд байна гэсэн үг.

4. Бид олон жил Дэлхийн гэхдээ Монгол хүн хүмүүжүүлэх гээд байгаа. Үүний учир нь бид дэлхийн давалгаанд нэг улс, нэг үндэстэн хэвээрээ үлдэх гээд байгаа хэрэг. Тэгэхийн тулд бид өөрсдийн улс үндэстний сонирхлыг хамгаалсан боловсрол олгох ёстой.

5. Гол асуудал нь хэрхэн хослуулах вэ гэдэг асуудал. Зарим сургууль хослуулах гэж олон жил оролдож байгаа. Үнэхээр амар хэрэг биш. Аль алинд нь байдаг давуу талыг авах хэрэгтэй. Жишээ нь Монголд бол математикийн хөтөлбөр байна. Хөтөлбөр тус бүрээр нэг бүрчлэн нарийвчлан хийх болно. Нэн түрүүнд дунд боловсролын агуулгад байдаг хоцрогдлыг шинэчлэх шаардлагатай. Шинэчлээд ч явж байгаа байх. Нэр томьёог нь цэгцлэх гээд олон ажил бий. Үүнийг нөгөө чөлөөт эдийн засагт шилжүүлэхэд хийсэн шок эмчилгээ шиг юм хийж лав болохгүй.

Монголд ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө бодох шаардлагатай

МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш П.Мягмарын 2013 онд бичиж байсан нийтлэлээс:

Үзэл баримтлалын хувьд шинэ биш боловч Кэмбрижийн гэх бэлэн хөтөлбөрийг авна, гэхдээ үүнийг нутагшуулж өөрийн онцлогт тохируулна гэх өнөөгийн бодлого дор төрийн сургуулийн тогтолцооны содон хэв маяг Монголд шинээр үүсэж байна. Тухайлбал, энэ хөтөлбөрөөс шалтгаалан хос хэлний сургалттай олон улсын “лаборатори”, монгол хэлний сургалттай “жирийн” гэх хоёр төрлийн улсын сургууль бий болж байгаа ажээ. Сургуулийн аль ч тогтолцоонд техникийн, ерөнхий боловсролын, төрийн, хувийн, спорт, урлагийн гэх мэт ялгаа түгээмэл бол “хэлээрээ” хоорондоо ялгагдах төрийн сургуулийн өвөрмөгц тогтоц Монголд бий болж байна (үндэстний цөөнхийн сургууль энд хамаагүй бөгөөд тусдаа асуудал болно). Энэ нь тэртэй тэргүй манай боловсролд буй тэгш бус байдлыг улам гааруулна гэсэн үг юм.

Боловсролыг олон улсын буюу дэлхийн жишигт хүргэнэ гэдэг нь манайд болхи, хуучирсан уриа болж хувирчээ. Социализмын үед манай улс өөрийн боловсролыг ах дүү социалист орнуудын түвшинд хүргэх зорилтыг үргэлж тунхагладаг байв. Тэр үеийн олон улсын жишиг нь ЗХУ, Европын социалист орнууд байсан. Гэтэл  цаг хугацаа өнгөрөх тусам энэ жишиг өмнөхөөс бүрхэг, ойлгомжгүй болж байна. Ерээд онд манай боловсролын хөтөлбөрийн шинэчлэл Дани улсаар баримжаа авсан хирнээ үүнтэй зэрэгцэн 100 гаруй орны туршлагыг судалж дундаас нь өөрийн хичээлийн төлөвлөгөө боловсруулан гаргаж ирэхээр ажиллаж байгаа гэдэг байв. Одоо даяаршил буюу дэлхийн жишиг гэх нэршил хэрэглэгдсэнээр улам бүр бүрхэг болжээ. Манай улсын Кэмбрижийн хөтөлбөр нь даяаршлын гэгдэх үзэлд суурилсан бололтой байвч яг амьдрал дээр Британи улсын боловсролыг хэлж байна уу, эсвэл Британий сургууль боловсролын тогтолцоог авч хэрэглэж буй Ази, Африкийн ядуу буурай орнуудын түвшинг хэлээд байна уу гэх ялгаа зааг тодорхойгүй, харин ердөө л дэлхийн жишигт хүрэх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хөтөлбөр ажээ.

Боловсролыг олон улсын буюу дэлхийн жишигт хүргэнэ гэдэг нь манайд болхи, хуучирсан уриа болж хувирчээ.

Монгол Улс энэ үеэс эхлэн сургууль боловсролоо дэлхийн жишигт хүргэнэ гэх мэт зорилго тунхаглах хэрэггүй юм. Харин тус улсын өмнө олон улсын байгууллагуудын материалын тусламж, мэргэжил аргазүйн дэмжлэгээр амь аргацааж буй Ази, Африкийн гуравдахь ертөнцийн буурай орнуудын нэг болохын хувьд бэрхшээлээ яаж даван туулах вэ гэсэн асуулт одоо тавигдаж байна. Хэдийгээр эрх баригчид нь үлгэрийн мэт яриагаар ухуулавч тус улсын сургууль боловсролын бодлого нь (олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэг, чиглүүлгээс бусад тохиолдолд) тодорхой бус, өөрт ямар асуудал тулгарч буйг олж тогтоож, шийдэх чадваргүй, өөрийн гэх чиг баримжаагүй явж байгаа юм. Үүнээс үүдэн гадаадын орнуудын тогтолцоо, хөтөлбөрийг хуулна, гэхдээ түүнийг нутагшуулж, өөрчилж засна гэх бус, харин Монголд ямар шинэчлэл хэрэгтэй вэ гэдгийг өөрсдөө бодох шаардлагатай ажээ.

Асуудлын гол нь Монголын эрх баригчид Монголд итгэхээ байчихсанд оршино

МУИС-ийн дэд захирал асан, доктор, профессор Л.Мөнх-Эрдэнэ:

Ер нь системлэг тэгш бусын сэтгэлгээ системлэг кастын давхаргадаа дахиад нэг шат, давхраа нэмж байгаа хэрэг мэт. Гэхдээ үндсэн гол асуудал нь ер нь Монгол Улс дээд боловсролын системээ бүрмөсөн татан буулгаад, тэр Кембрижийн стандартаар элсэлт авдаг сургуулиудтай гэрээ байгуулаад дээд боловсролоо бүхэлд нь аутсорсингоор хангадаг болчихвол яасан юм бэ? Эсвэл АНУ-ын 51 дэх муж эсвэл Пуэрто Рико энэ тэр шиг онцгой нутаг дэвсгэрийнх нь нэг болчихвол яасан юм бэ?

МУИС элсэлтэндээ Кембрижийн стандарт шаарддаг гэж би сонсоогүй. Харин Монголын их, дээд сургуулиудыг бүгдийг нь татан буулгаж, та нарт зарцуулж байгаа мөнгөөрөө бид хүүхдүүдээ бүгдийг нь АНУ-д сургах хэрэгтэй гэж АНУ дахь Монголын Элчин сайдын яаманд консул байсан нэг нөхөр 2009 онд Вашингтонд дээд боловсролын байгууллагын нэг хүлээн авалтан дээр надад мэдэгдэж байсан. Эрх баригчдын дунд ийм сэтгэлгээ гүн гүнзгий шингэсэн нь харагддаг. Тэр дэлхийн шилдэг 100 их сургуульд элссэн оюутнуудын сургалтын төлбөрийг төр даана гэдэг яг энэ сэтгэлгээний үр хөврөл. Мэдээж үндсэн санаа нь эрх баригчид хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг татвар төлөгчдийн, буюу ард түмний мөнгөөр л төлөх схем байсан л даа. Миний хувьд бакалаврын төвшинд оюутнуудыг гадаадын их дээд сургуульд сургах шаардлагагүй. Бакалаврын төвшний сургалтаар Америкийн сургуулиуд угаасаа нэг их тийм сайн биш. Харин магистр, ялангуяа докторын төвшинд сургах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа докторын төвшинд сургана гэдэг нь үндсэндээ их дээд сургуулиудаа л хүчирхэгжүүлж байгаа хэрэг. Докторын төвшинд харьцангуй цөөхөн, шилдэг хүмүүс, хямд сурна. Бага зардал гарна. Харин доктор маань эргэж ирээд эрдмийн үрийг илүү олон хүнд тарина.

Танай сайтын мэдээлснээр 2019 оны байдлаар 1,893 хүн гадаадад (мэдээж дийлэнх нь эрх баригчдын үр хүүхэд, ах дүүс, хамаатан, садан) боловсролын зээлээр сурсан харагдсан. Хэрвээ Монгол Улс МУИС, Анагаах, Техникийн их сургууль зэрэгт багшилж байсан болон багшилж байгаа залуусаа шилж шалгаруулж бодлоготойгоор системтэйгээр сургасан бол, эргээд ирэхэд нь ажиллах, амьдрах боломжийн нөхцөлөөр хангасан бол өдийд Монголын их дээд сургуулиуд бүрэн дүүрэн шинэчлэгдчихсэн байх байсан. Үр дүнд нь Монгол хэрэгтэй, хэрэггүй боловсрол импортолж хэдэн арван саяар нь гадагшаа сургалтын төлбөр, амьдрах зардалд төлөхгүй, өөрийн үр хүүхдээ өөрсдөө өндөр, хямд дээд боловсролоор хангаад зогсохгүй, бүс нутагтаа ч боловсрол экспортлох орон болчих байсан.

Асуудлын гол нь Монголын эрх баригчид Монголд итгэхээ байчихсанд оршино. Үндсэндээ Монголын эрх баригчид бүхэлдээ яг С.Баяр шиг Америкчуудын эцэг эхчүүд. Тэдний үр хүүхдийн амьдрал ирээдүй Монголд биш. Монгол тэдний мөнгө олох уурхай, колони нь. Монголын төр баялаг олзворлох, колоничлох хэрэгсэл нь.

Тэд хүүхдүүдээ Монголын газар нутаг дээр өөр ангид оронд сургадаг төдийгүй, Америкийн баячуудын хүүхдүүдээ сургадаг бэлтгэл сургуулиудад ч сургадаг. Тийм хүмүүст Монголын боловсрол, Монголын их дээд сургууль, монголчуудын хувь заяа огт хамаагүй шүү дээ. Чухам тийм учраас тэд Монголын дээд боловсролыг золигт гаргаж байгаа юм. Тэд хүүхдүүдээ Монголд амьдрах, Монгол хүн байлгахыг хүсэж байсан бол Кембрижийн хөтөлбөр бус харин Монголын их дээд сургуулиудыг өөд нь татах байсан.

Бид Кембрижийн биш үндэсний хөтөлбөрөө шинэчлэх замаар боловсролын реформ хийх ёстой

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

Хүүхэд хөдөө, орон нутаг, хот суурин газар, байшин хороолол, гэр хороолол хаана төрсөн нь хамаагүйгээр сайн чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг ижил тэгш өгөх үүрэг нь төрийнх. Үүнийг Үндсэн хуульд тодорхой зааж өгсөн. Хэдийгээр Үндсэн хуульд ингэж зааж өгсөн ч бодит нөхцөл байдал өөр, илүү хүнд байгааг бид бүгд мэдэж байгаа.

Хувийн сургуулиуд руу өндөр цалин дагаад хамгийн шилдэг багш нь оччихсон, дээрээс нь гадаадын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд боломжтой айлын хүүхдүүдийг хамруулаад явж байна. Үүнээс дараагийн шатлал бүхий гурван Кембрижийн хөтөлбөртэй сургуулийг төр нь хийсэн. Энэ хоёрт хамрагдаж чадаагүй үлдсэн хэсэг гэсэн гурван хуваагдалд орчихсон байна. Өөрөөр хэлбэл бид ийм шатлалыг өөрсдөө бий болгосон. Кастын систем шиг гэсэн үг. Ийм байхад ЕБС-ийн 10 хувийг Кембриж болгоно оо гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно. Угаасаа 10 хувийг нь Кембриж болгох төсвийн нөөц ч байхгүй. Тиймээс ч өөрсдийн нөөц боломж дээр тулгуурлаж нийтийн боловсролоо хөгжүүлэх нь аль ч тохиолдолд нийтээрээ ахих зөв хувилбар юм.

ЕБС-ийн 10 хувийг Кембриж болгоно оо гэвэл үлдэж буй 90 хувь маань улам дордоно. 

Нийтээрээ ахина гэдэг маань авьяас чадвартай хэсгийнхээ боломжийг хязгаарлана гэсэн үг бас биш юм. Нэгэнт суурь боловсролоо сайтар хөгжүүлчихвэл тэндээс хүүхдүүд авьяас чадвараасаа хамаараад өөрийн сонирхол чиглэлээр тусгай хөтөлбөрт сургуулиудаа хөгжүүлээд явж болно. Жишээ нь, урлагийнхны бэлтгэж буй Хөгжим, бүжгийн коллеж шиг. Хуучин залуу техникчдийн ордон гэж байсан шиг байгалийн шинжлэх ухаан, инженер бэлтгэх сургуулиуд бий болох боломжтой. Өөрөөр хэлбэл, салбарын төрөлжсөн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой.

Монгол Улсын хувьд 1920 –оод онд Оросын тусламжтайгаар орчин үеийн боловсролын системээ бий болгосон. Анхны ерөнхий боловсролын сургууль байгуулагдсаны 100 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Мэдээж тухайн цаг үед бидэнд туслалцаа хэрэгтэй байсан. Тэгвэл одоо дахиад өөр орны боловсролын системийг хуулъя гээд сууж байж болохгүй.

Бид өөрсдийнхөө хэрэгцээ шаардлага, зорилго, онцлогийг шингээсэн үндэсний хөтөлбөрийг илүү хөгжүүлэх цаг нь болсон гэж үзэж байна.

Бидэнд хүнд хэцүү суралцах зүйлс их бий. Гэхдээ одоо бидэнд хуримтлуулсан туршлага, алдаа, оноогоо дүгнээд урагшлах бүрэн нөөц боломж бий гэж үзэж байна.

Гадаадын байгууллага, түүний тогтолцоо, агуулга Монголын боловсролын салбарыг эзлэн авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй

Шинэ Монгол сургуулийн захирал асан П.Наранбаяр:

Эрхэм гишүүн Х.Ганхуяг Кембрижийн хөтөлбөрийг Монголын төрийн өмчийн сургуулийн 10 хувь буюу 90 сургуульд нэвтрүүлнэ гэжээ. Боловсролын чанарыг дээшлүүлэх түүний санаачилгыг бол өндөр үнэлнэ. Гэвч бүтэшгүй санаачилга гэдгийг хэлэхээс өөр арга алга.

1. Боловсролын колоничлолын эрин эхэлнэ.
Кембрижийн сургалтын хөтөлбөрийг дэлхийд нэвтрүүлдэг Английн төрийн бус байгууллагууд бий. Тэнд боловсруулсан стандарт, сургалтыг нэвтрүүлсний хариуд төгсөлтийн шалгалтуудыг хүүхдийн тоогоор ам.доллараар төлж өгдөг. Энэ бол боловсролын маш том импорт. Монголоос валют гадагш урсана. Үндэсний цөм хөтөлбөрийн оронд кембрижийн хөтөлбөр хэрэгжсэнээр боловсролын тусгаар тогтнол бүрэн алдагдана.

2. Боловсрол бол тусгаар тогтнолын баталгаа.
Аливаа улс орнууд өөрийн иргэнээ бэлдэхдээ үндэсний цөм хөтөлбөрөөр дамжуулан сурган бэлддэг. Монгол иргэнийг монгол багш, монгол хөтөлбөрөөрөө монгол хэлээрээ сурган хүмүүжүүлдэг юм. Гадаадын байгууллага, түүний тогтолцоо, агуулга Монголын боловсролын салбарыг эзлэн авахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй.

Гадаадын байгууллага, түүний тогтолцоо, агуулга Монголын боловсролын салбарыг эзлэн авахыг би хэрхэвч зөвшөөрөхгүй.

3. Багш нараа бэлдэж амжаагүй.
Кембрижийн хөтөлбөрийн дагуу хос хэлээр хичээл заана. Монгол хэл, англи хэлээр давхар сургаж чадах багшлах боловсон хүчин өнөөдөр байна уу? Багш нараас англи хэлний мэдлэгээс гадна мэргэжлийн хичээлээ кембрижийн хөтөлбөрийн дагуу заах хэмжээний бэлтгэлтэй байхыг шаарддаг. Уг бэлтгэлийг хангахад багагүй хугацаа орно. Учир нь кембрижийн сургалтын хөтөлбөр амьдралд ойр шинж байдлаараа тухайн шинжлэх ухаанд хандах, улмаар заах арга арга зүйг практиктай байлгахыг түлхүү шаарддаг. Англи, монгол хэлээр хичээл орж эхэлсэнээр хүүхдийн ачаалал ч нэмэгдэнэ.

4. Сургалтын орчин бэлэн үү?
Кембрижийн хөтөлбөр нь IB хөтөлбөрөөс илүүтэй уян хатан байдаг нь тухайн орны онцлогийг тусгаж өгөх давуу талтай ч анги дүүргэлт 24-26 хүүхдээс хэтрэхгүй байх, ахлах ангиудад хичээлийн хөтөлбөрийн дагуу хими, физикийн нарийн багаж, бодис бүхий лабораторитой байх шаардлага тавьдаг. Энэ нь нэлээд үнэтэй тусна.

Санал: Дээрх дөрвөн шалтгаанаар Кембрижийн хөтөлбөр Монголд хэрэгжих боломжгүй юм. Харин бид тус хөтөлбөрийн давуу талыг үндэсний цөм хөтөлбөртөө шингээн сайжруулах нь нэн чухал. Кембрижийн хөтөлбөрт сайн тал олон бий ч боловсрол бол улс төрийн оноо түүдэг салбар биш тиймээс битгий тооцоо судалгаагүй сэтгэлийн хөдлөлөөр хандахгүй байхыг эрхэм гишүүнээс хүсье.

Дүрвэх эсвэл нэгдэх сонголт

Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан:

Өмнөд Африкт олон жил цагаан арьстнуудын сургуульд хөрөнгө оруулалт хийдэг, хар арьстнуудын сургуулиуд нь төсөв, мөнгөгүй байжээ. Энэ нь угаасаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг нийгмийг улам ялгаатай, тэнцвэргүй болгожээ. Тэд улсаа ёроолд нь хар кофе, дээр нь цагаан хөөс, оройд нь нунтаг какао цацаж чимэглэсэн ‘каппучино нийгэм’ гэж нэрлэдэг.

Тэгвэл Монголын төр эдүгээ баян хоосны ялгааг баталгаажуулсан боловсролын системээрээ тэр “каппучино нийгмийг” байгуулж байна.

УИХ-ын цоо шинэ гурван гишүүн Г.Дамдинням, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар ирэх дөрвөн жилд улсын 100 сургуулийг сонгож Кэмбрижийн хөтөлбөртэй болгох санал гаргав. Монголын боловсролын системийг сайжруулж, олон улсын түвшинд хүргэх шаардлагатай нь бол яг үнэн. Гагцхүү дахиад л хэдхэн сургуульд биш, хэдхэн хүүхдэд биш, бэлтгэлээ бүрэн хангаж бүх сургуульд энэ хөтөлбөрөө зэрэг хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна. Учир нь сүүлийн хориод жилд хувийн цэцэрлэг сургуулиуд, улсын лаборатори гэх сургуулиуд нийгмийг маш хурдтай улам бүр ялган хувааж байна.

...Алберт О.Хиршман “Exit, Voice, and Loyalty” хэмээх бүтээлдээ аливаа үйлчилгээ, системийн чанар доройтож, өгөөжгүй болох үед хүмүүс гарах эсвэл дуу хоолойгоо хүргэх гэсэн хоёр сонголтод хүрдэг. Тэр системээс гарах боломж нь хялбар бол хүмүүс дуу хоолойгоо хүргэж, сайжруулахыг шаардахгүй гэжээ. Монголд системээс олноороо дүрвэн гарсаар байна. Илүү боловсорсон нэг нь дэлхийн том сургуулиудад сурч ирээд, төдөлгүй буцаад гадагшаа явах боллоо. Үүнийг тархины гоожилт (brain drain) гэдэг. Ур чадвартай нь өндөр хөгжилтэй орнуудад ажиллан амьдарч, амралт чөлөөгөөрөө эх орондоо зундаа ирж зугаалан, ах дүү нартайгаа жилд нэг уулздаг үзэгдэл түгээмэл болсон.

Монголын нийгэм дараагийн шат руугаа гарч хөгжих эсэх нь чанартай ерөнхий боловсролыг бүх иргэндээ тэгш олгохоос ихээхэн хамаарч байна. Өнөөдрийн боловсролын бодлогоос ирэх 30 жилийн хөгжлийн төлөв хамаарна.

Сэтгүүлч, редактор Ч.Болортуяа, Эх сурвалж: ikon.mn