Та хүүхдээ хэр сайн мэдэх вэ

2020-08-01

Сэлбэ сургууль цэцэрлэгийн цогцолбороос Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран хүүхдийн сэтгэлзүйн оношлогооны өдөрлөгийг өнөөдөр сургуулийн өмнөх талбайд зохион байгуулсан юм. Өдөрлөгт 150 гаруй хүүхэд оролцож сэтгэлзүйн оношлогоо хийлгэв. Ирсэн хүүхдүүдийг оюун ухааны, танин мэдэхүйн, зан төлвийн, хувийн сэтгэлзүй, хандлага сонирхлын гэсэн таван бүлэгт насны ангиллаар хуваан, оношлогоо хийж, Сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаачид эцэг эхчүүдэд зөвлөгөө өглөө.

Оношлогоонд орж буй хүүхдүүдийн оюун ухааны чадварын үзүүлэлт дундаж байгааг сэтгэл судаалчид хэлж байсан юм. Энэ нь эцэг эхчүүд хүүхдээ сонсохгүй, тэдний өмнөөс шийдвэр гаргадагтай холбоотой гэнэ. Тиймээс хүүхдийнхээ нас бие хөгжлийн онцлогоос хамааралтай сэтгэл зүйн өөрчлөлт, хэрэгцээ сонирхлыг танин мэдэж, харилцах нь хүмүүжил төлөвшилд эерэг нөлөөтэй гэдгийг сэтгэл судлаачид онцолж байлаа. Ялангуяа нэн шинэ үе буюу альфа үеийнхний хэрэгцээ сонирхол, хөгжлийн онцлогийг мэдэрч харилцах нь чухал гэж зөвлөв.

Харин эцэг эхчүүдийн хувьд хүүхэд бүртэйгээ нэгэн ижил харилцдаг нь заримдаа алдаа болж, хүүхдийнхээ зан байдлыг өөрчлөх гээд байдаг тухайгаа хэлж байв. Тиймдээ ч тэд мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, хүүхдээ илүү танин мэдэж хөгжүүлэхийг хүссэн учраас өнөөдрийн өдөрлөгт иржээ.

Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбор нь 2020-2021 оны хичээлийн жилийг угтан үүдээ нээж байгаа ба дэлхийн боловсролын чиг хандлагыг тодорхойлж буй EQ олгох чадварыг эрхэмлэж буй. Энэ хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй хичээлийн жилийн явцад сурагцагчдаа насны ангиллаар оношлогоонд хамруулж, тэдгээрийн онцлогт тохирсон аргазүй, сургалтын хөтөлбөрийг боловсруулан, сургалтын үр дүнгээ үнэлж ажиллах юм байна. 

Тус сургуулийн хувьд 624 хүүхдийн багтаамжтай, стандартын дагуу нэг ангид 26 хүүхэд суралцахын зэрэгцээ технологи, роботикс, хэлний танхим зэрэг төрөлжсөн ангиудтай ажээ. Мөн Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрөөс гадна Кембрижийн хөтөлбөрөөр боловсрол олгох, хос хэлний сургалттай юм байна. Сурагчдын бие даасан, бүтээлч байдлыг илүүтэй дэмжих зорилгоор Төсөлд суурилсан суралцахуй, Бие даасан суралцахуй заах аргазүйг ашиглахаар төлөвлөжээ. Түүнчлэн эцэг эхчүүдийн хамгийн их сонирхдог биеийн тамирын заал, усан сан, бялдаржуулах төв, бүжиг, урлагийн заал зэрэг хүүхэд хөгжүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмжих орчноор бүрэн хангажээ. Харин Сэлбэ цэцэрлэг нь 80 хүүхдийн багтаамжтай, 2-5 насны хүүхдийн 4 бүлэгтэй аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, тав тухтай орчныг бий болгохын зэрэгцээ АНУ-ын 50 жилийн түүхтэй HighScope хөтөлбөрийг цөм хөтөлбөртэй хослуулан хичээллүүлэх юм байна. Энэ хөтөлбөрөөр Сэлбэ цэцэрлэгт суралцсан хүүхэд STEAM (science, engineering, technology, arts and math) болон SEL (Social Emotional Learning) хичээлүүд үзэх суурь тавигдаж, Сэлбэ сургуульд элсэн ороход бүрэн бэлтгэгдэх ажээ.