Орчин үеийн багшид байх ёстой ГУРВАН ЧУХАЛ ЧАДВАР

2020-08-01

 “Муу сурагч гэж байдаггүй. Сонирхдоггүй хүүхэд л гэж бий” хэмээн Монгол Улсын зөвлөх багш, боловсрол судлалын доктор Д.Батболд хэллээ. Энэ бол боловсролын салбарт 32 жил ажилласан ахмад багшийн үг. Тэрбээр хүүхэд яагаад сонирхохгүй байна вэ гэдгээс багш болоод эцэг эхчүүд харилцаа, хүмүүжлийн арга барилаа сонгох ёстой бөгөөд ялангуяа 21 дүгээр зууны багш нар оюуны инженер, харилцааны менежер, сэтгэлзүйн програмист байх шаардлага бий болоод байна гэв.

1.Оюуны инженер

Хүмүүс сургуульд яах гэж явдаг юм бэ гэдэг асуултыг үргэлж тавьдаг. Үүний хариулт нь эрдэм ном сурах, мэдлэг эзэмших. Гэвч төгссөнийхөө дараа сургуульд амьдралд хэрэг болох юм огт заагаагүй гэж ярьдаг. Эндээс боловсролын шинэчлэлийг яагаад хийх ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгвэл мэдлэг чухал юм уу, чадвар, ур ухаанд суралцах нь чухал юм уу.  Өнөөдөр бид шинжлэх ухаан, мэдээллийн технологи асар хурдацтай хөгжиж байгаа цаг үед амьдарч байна. Өөрөөр хэлбэл, эзэмшиж амжаагүй байхад мэдлэг хоцордог эрин зуунд амьдарч байна. Уламжлалт сургалтын тогтолцооны үед хорвоо ертөнцийг танин мэдчихээд ахмад хүмүүсийнхээ заавар зөвлөгөөг сонсож сурдаг байлаа. Тэгвэл одоо тийм биш. Эхлээд өөрийгөө таньж мэдээд дараа нь хорвоо ертөнцийг танин мэдэж, хүссэн амьдралаа бүтээдэг болсон. Энэ утгаараа боловсролын салбарын хийх ажил өөрчлөгдсөн. Манай сургуулийн хувьд сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа удирдаж сурсан иргэнийг бэлтгэнэ. Яагаад гэхээр сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа зөв удирдаж сурсан хүн ирээдүйг бүтээж чаддаг. 

Багш хүүхдийн бие сэтгэл, оюун ухааны хөгжлийг цогцоор нь үнэлэх, оношлох чадвартай байх ёстой. Чухам ямар шалтгааны улмаас оюун ухаан нь муу ажиллаад, доголдоод байна вэ гэдгийг олж илрүүлдэг оюуны инженер байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхэд яагаад сонирхохгүй байна гэж хүүхдийн сэтгэлийг эхлээд таньж мэдэн, энэ хүүхэд юу хүсдэг, ямар авьяас билэг, өвөрмөц хэрэгцээ, зан төлөвийн онцлогтой вэ гэдгийг судалсны дараа түүнтэй ажиллах хэрэгтэй. Гэтэл зарим багш нар таньж мэдээгүй байж хүчилж заагаад байдаг. Хүчилж заасан тохиолдолд сурагч шалгалт өгөх хүртэл цээжлээд дараа нь мартчихдаг.

Амьдрахын тулд сургуульд бэлтгэгддэг гэж яриад байдаг. Үгүй юм аа. Сургуульд хүн амьдардаг юм. Сурагчийн амьдрал бол өөрийнх нь амьдралын салшгүй нэг хэсэг.

Эндээс л  сургуульд заасан юм амьдралд хэрэг болдоггүй гэсэн ойлголт бий болсон. Өөр нэг зүйл гэвэл, амьдрахын тулд сургуульд бэлтгэгддэг гэж яриад байдаг. Үгүй юм аа. Сургуульд хүн амьдардаг юм. Сурагчийн амьдрал бол өөрийнх нь амьдралын салшгүй нэг хэсэг. Тэр амьдралд саад бэрхшээл, баяр гуниг, жаргал зовлон гээд дүүрэн асуудал бий. Асуудлыг шийдэж байж амьдралд суралцдаг. Өнөөдөр бид гэрийн даалгавраа хийх гээд чадахгүй байгаа хүүхдээ асуудлаа шийдэх аргад суралцуулахын оронд ямар их даалгавар өгдөг юм бэ гэж сургууль, багшийг нь буруутгадаг. Хүүхдээ хөгжүүлэх гээд байна уу, хорлох гээд байна уу. Эцэг эхчүүд бас бодох л ёстой.

2. Харилцааны менежер


Сурахгүй хүүхэд гэж байдаггүй. Иймд багш хүүхдийг сурах хүсэл тэмүүлэлтэй болоход нь урам зориг өгдөг харилцааны менежер байх ёстой. Сүүлийн үед хүүхдэд дүн тавих нь муу, сайн гээд л боловсролын салбарт маргаан өрнөх болж. Гэтэл мөн чанартаа дүн гэдэг нь сурах явцад эргэх холбоо үүсгэдэг мэдээлэл юм. Харин сурагчийн дүнг бусад хүүхдийн өмнө зарлахгүй, нууцлалтай байх ёстой. Сурагч муу дүн авлаа гэхэд гутарна, сайн дүн авбал баярлаж урамшина. Энэ бүх сэтгэлзүйн процессыг мэдэрч, харилцаан дээрээ анхаарах ёстой. Үүнээс биш дүн тавихыг болих ёстой гэж туйлширч болохгүй.

3.Сэтгэлзүйн програмист

Эцэст нь, багш оюун ухаан, ухамсрын ямар ч доголдолгүй, өөрийнхөө хүссэн амьдралыг бий болгож, тулгарсан асуудлаа шийдэж чаддаг иргэнийг бэлтгэдэг сэтгэлзүйн програмист байх ёстой. Ийм багш нарыг бид ажлын байранд нь бэлдэж,  судалгаа оношилгоонд тулгуурлаж, хүүхдээ сургана. Хүүхэд бүр өөр. Тиймээс тухайн хүүхдэд гарч буй ахиц өөрчлөлтөд тулгуурлан ажиллах болно. Хүмүүс асуудаг юм. Хэр их ахихаараа мундаг байдаг юм гэж. Өчигдрийнхөөсөө л өнөөдөр сайжирчих. Тэгвэл болно. Мэргэжлийн сэтгэл зүйч хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлоогүй бол хүүхэд бүр адилхан чадвартай. Хүүхэд бүр төгс. 

Сэтгэлээ жолоодож, оюун ухаанаа удирдаж сурсан иргэдийг бэлтгэнэ

Монгол Улсын зөвлөх багш, боловсрол судлалын доктор Д.Батболд өдгөө 2020-2021 оны хичээлийн жилийг угтан үүдээ нээж буй Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолбороор ажиллаж байгаа юм. Тус сургуулийн хувьд 624 хүүхдийн багтаамжтай, стандартын дагуу нэг ангид 26 хүүхэд суралцахын зэрэгцээ технологи, роботикс, хэлний танхим зэрэг төрөлжсөн ангиудтай ажээ. Мөн Ерөнхий боловсролын цөм хөтөлбөрөөс гадна Кембрижийн хөтөлбөрөөр боловсрол олгох, хос хэлний сургалттай юм байна.

Сурагчдын бие даасан, бүтээлч байдлыг илүүтэй дэмжих зорилгоор Төсөлд суурилсан суралцахуй, Бие даасан суралцахуй заах аргазүйг ашиглахаар төлөвлөжээ. Түүнчлэн эцэг эхчүүдийн хамгийн их сонирхдог биеийн тамирын заал, усан сан, бялдаржуулах төв, бүжиг, урлагийн заал зэрэг хүүхэд хөгжүүлэх, бие бялдрын хөгжлийг дэмжих орчноор бүрэн хангажээ. Харин Сэлбэ цэцэрлэг нь 80 хүүхдийн багтаамжтай, 2-5 насны хүүхдийн 4 бүлэгтэй аж. Хүүхдийн аюулгүй байдлыг хангасан, тав тухтай орчныг бий болгохын зэрэгцээ АНУ-ын 50 жилийн түүхтэй HighScope хөтөлбөрийг цөм хөтөлбөртэй хослуулан хичээллүүлэх юм байна. Энэ хөтөлбөрөөр Сэлбэ цэцэрлэгт суралцсан хүүхэд STEAM (science, engineering, technology, arts and math) болон SEL (Social Emotional Learning) хичээлүүд үзэх суурь тавигдаж, Сэлбэ сургуульд элсэн ороход бүрэн бэлтгэгдэх ажээ.

Эдгээрээс гадна тус сургууль дэлхийн боловсролын чиг хандлагыг тодорхойлж буй EQ олгох чадварыг эрхэмлэж буй. Энэ хүрээнд Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнтэй урт хугацаандаа хамтран ажиллаж, сурагч бүрийн хөгжлийг тодорхойлж, тэдгээрийн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулж, үр дүнгээ үнэлж ажиллах юм байна. Нэг үгээр хүүхэд бүртэй тулж ажиллах мэргэжлийн сэтгэл зүйчтэй Монголын анхны сургууль гэж хэлж болох юм.