Д.Бямбарагчаа: Өөрт байгаа боломжоо сайн ашиглаж чадвал ЭЕШ-д хүссэн оноогоо авч болно

2017-09-22

Дунд сургуулийн төгсөх анги буюу 12-р ангийнхны хаврын нэг том даваа бол Элсэлтийн ерөнхий шалгалт байдаг билээ. Харин хүүхдүүд хэрхэн ямар арга барилаар бэлтгэх талаар тоймтой мэдлэгтэй байдаггүй. Тэгвэл энэ жилийн ЭЕШ-д физикийн шалгалтаар 800 оноо авсан Д.Бямбарагчаатай ярилцаж туршлагаас нь хуваалцлаа.

- Сайн уу, өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

- Сайн байна уу. Намайг Д.Бямбарагчаа гэдэг. Би Нийслэлийн 2-р дунд сургуулийг энэ хавар төгсөөд МУИС-ийн Шинжлэх Ухааны Их Сургуульд амжилттай элсэн орсон.

 - Чи өөрийн хүссэн их сургууль, ангидаа элсэн орсон уу?

- Тэгэлгүй яахав. Би эртнээс хүсч мөрөөдөж байсан сургууль, ангидаа элсэн орсон.

- ЭЕШ-ын ямар ямар шалгалтуудыг хэр амжилттайгаар өгсөн бэ?

- Би ЭЕШ-аа математик, англи хэл, физик гэсэн хичээлүүдээр өгснөөс хамгийн амжилттай нь буюу физикийн шалгалтдаа 800 оноо авсан. Мөн математикаа 720 оноо, англи хэлээ 731 оноо тус тус авсан.

- Физикийн хичээлээр 800 гэхээр маш сайн оноог авчээ. Чи ЭЕШ-даа хэрхэн бэлдсэн бэ?

 - Би "Зирвэ" сургалтын төвд нэг жилийн хугацаанд элсэлтийн ерөнхий шалгалтдаа тууштэй бэлдсэн. Тиймээс л шалгалтуудаа амжилттай өгсөн гэж бодож байна.

- Ямар аргачлалаар давтвал чамд илүү хялбар байдаг вэ?

- Би мэдэхгүй чадахгүй зүйлээ дор дор нь асуугаад явах дуртай байдаг. Тиймдээ ч шалгалтдаа бэлдэж байх үед багш нараасаа шууд асуугаад мэдэхгүй зүйлээ мэдчихдэг байсан. Мөн хүүхдүүдтэй хамтраад бэлдэх бүр ч дуртай. Мэдэхгүй зүйлээ асууна, заана, хамтарч хийнэ, бие биедээ тусална гээд их давуу талтай.

- ЭЕШ-д бэлдэж байхад чамд хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?

- Хэдий ЭЕШ өгөхөөс нэг жилийн өмнөөс бэлдэж эхэлсэн ч хичээл сургууль, хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэх зэрэг зүйлс давхцаж байсан нь бага зэрэг бэрхшээл байсан байж болох юм. Тиймээс ЭЕШ-даа болж өгвөл маш эртнээс л бэлдэх нь зүйтэй юм шиг санагдсан. ЭЕШ-д яг ямар бодлого, даалгавар ирдэг гэдгийг харуулж явцыг шалгасан сорил тестүүдийг сурагчдаас тогтмол авдаг байсан. Ингэснээр хүүхэд жинхэнэ шалгалт өгөх өдөр сандралгүй, цагаа зөв хуваарилж, шалгалтын материал дээр ажиллах чадвартай болдог юм байна лээ.

- Юм юм давхцах гэснээс хичээл, улсын шалгалтдаа бэлдэхийн хажуугаар ЭЕШ-даа хэрхэн бэлдэх хэрэгтэй юм бол оо?

- Миний хувьд гэвэл би хичээлээ тараад "Зирвэ" сургалтын төв дээрээ бэлддэг байсан. Түүний дараагаар чөлөөт цаг гарвал эхэндээ өөрийн дуртай зүйлээ хийдэг байсан бол шалгалт дөхөхийн хэрээр оройдоо сургалтын төв дээрээ ирээд бие дааж, эсвэл найзуудтайгаа бэлдэн, багш нараасаа мэдэхгүй зүйлээ асуухыг илүүд үзэх болсон. Хүүхдүүд ер нь эртнээс, эхнээс нь шат дараалалтайгаар шалгалтууддаа бэлдвэл юм юм давхцаж байгаа юм шиг мэдрэмж төрж стрессдэхгүй амар байх болно.

-ЭЕШ-даа бэлдэх явцдаа чи өөрийгөө хэр зэрэг ахисан гэж боддог вэ?

- Би анх математик болон физикийн хичээлээ тийм ч сайн ойлгодоггүй байлаа. ЭЕШ-даа бэлдэхийн хэрээр өөрийгөө нэлээн сайжруулж улам гүнзгийрүүлж үзэх сонирхол нэмэгдсэн.

- Тус сургалтын төвийн заах арга барилын юу нь илүү их таалагдсан бэ?

- Найрсаг багш нартай, хүссэн цагтаа хүрээд ирэхэд хичээлээ бэлдэх орон зай бэлэн байж байдаг. Сурагчдыг зөвхөн шалгалтанд бэлдэнэ гэсэн зорилготой байдаггүй, тухайн хүүхэд тэр хичээлийг сайн ойлгож өөрийн болгож авч байна уу гэдэг нь тэдэнд маш чухал байдаг. Ойлгохгүй байгаа зүйл дээр нь төвлөрч зааж өгдөг. Мөн би энд нэг жилийн хугацаанд дахиад нэг нөхөрсөг анги хамт олонтой болсон нь их сайхан санагдсан.

- ЭЕШ өгөхөд хэр сандарсан бэ?

- Огт сандраагүй. Ихэнх сурагчид өмнө нь ерөөсөө тийм төрлийн шалгалтыг өгч байгаагүй, ЭЕШ-ын өдрөө л анх удаа өгдөг шүү дээ. Тиймээс "Зирвэ" дээр ЭЕШ-д яг ямар ямар бодлого, даалгавар ирдэг гэдгийг харуулсан нөгөө талаар явцыг шалгасан сорил тестүүдийг сурагчдаас тогтмол авдаг байсан. Ингэснээр хүүхэд жинхэнэ шалгалт өгөх өдөр сандралгүй, цагаа зөв хуваарилж, шалгалтын материал дээр ажиллах чадвартай болдог юм байна лээ. Мөн тухайн хүүхэд өөрийн үнэлгээ, өөрийгөө хэр түвшинд явж байна, юуг чадахгүй байна гэдгээ мэдээд авах боломжтой гэсэн үг.

- 12-р ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн ихэнх нь ЭЕШ өгнө гэдгээ мэдэж байгаа ч яг хэдийнээс нарийн бэлдэх талаараа төлөвлөдөггүй. Тэгсээр хавар дөхөөд ирэхтэй зэрэгцэн хожуу бэлдэж эхэлдэг нь алдаа болдог байх. Ирэх жил ЭЕШ өгөх хүүхдүүдэд хандаж хэлэх чиний зөвлөгөө юу вэ?

- Хамт шалгалт өгсөн зарим танил хүүхдүүдээ ажиглахад маш богино хугацаанд өөрийгөө хэт их шахаж, бүр хэн нэгэнтэй ч биш ганцаараа бэлдсэн байсан. Энэхүү арга надад тийм ч зөв санагддаггүй. Миний өгөх зөвлөгөө гэвэл цаг алдалгүй одооноос л бэлдэж эхлэх хэрэгтэй. Тэр дундаа эртнээс бэлдэж эхлэхдээ өөрийгөө шахах, цагийг нь тулгаад шахах хоёрын үр дүнгийн ялгаа маш их. 12 жилийн мэдлэгийг 2-3 сарын хугацаанд багтаж ойлгох нь байтугай нэг жилийн хугацаа ч төдийлөн хангалттай бус шүү дээ. Ер нь заавал 12-р ангиасаа ч бэлдэх албагүй, хугацаа хожоод түүнээс өмнө ч ЭЕШ-даа бэлдэж болно. Нэг үгээр өөрт байгаа боломжоо тултал нь ашиглаж чадвал ЭЕШ-д хүссэн оноогоо авч болно.

Мөн тууштай байх нь маш чухал. Замын дундаас цалгардуулалгүй тогтмол цаг гаргаад одооноос л бэлдэх хэрэгтэй дээ. Чи өндөр оноо авах хүсэлтэй байгаа ч ЭЕШ-д бэлдэхийг төдийлөн хүсэхгүй байж болно. Гэхдээ өөрийн хүсэл зорилго нэг найз нөхөдтэй болоод бэлдээд эхлэхээр чи хүссэн хүсээгүй өөрийгөө дайчилж, авахыг хүссэн оноогоо авч чаддаг юм билээ.

Надтай хамт бэлдэж байсан миний найзууд ч хүссэн оноогоо авсан шүү. Тиймээс зорилго нэгтэй найзууд хамт олон дунд бэлдээд үз, чи хүссэн оноогоо авах л болно.

Эх сурвалж: YOLO.mn