УОК: Шаардлага хангасан сургалтын төвүүдийг нээнэ

2020-05-06

УОК-ын шийдвэрээр сургалтын төвүүдийг нээхээр болсон. Тэгвэл сургалтын төвүүд үүдээ нээхээс өмнө эхлээд нэлээд бэлтгэл хангах шаардлагатайг анхаарууллаа. Эхний ээлжинд нэг удаад арав хүртэл тооны сурагчид л хичээл заахыг зөвшөөрсөн.  Гэхдээ 15 м.кв жижиг өрөөнд 10 хүүхэд суулгаж болохгүй.

Үүний тулд “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах юм. Тодруулбал, 2020 оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас сургалтын төвийг хасч тус тогтоолд Засгийн газрын хуралдаанаар өөрчлөлт оруулснаар УОК-ын тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Сургалтын төвүүд ямар бэлтгэл хангасан байх ёстой вэ?

Сургалтад хамрагдах хүүхдүүдийг иргэний үнэмлэхийн дагуу нэг бүрчлэн бүртгэнэ.

Хоёр цаг тутам анги танхимд агааржуулалт хийнэ.

  • Нэг удаад арав хүртэл тооны сургагчийг л хамруулна.   
  • Анги бүрт гар ариутгагч байрлуулсан байна.   
  • Биеийн халуун үзнэ. 
  • Хүн бүр амны хаалт зүүнэ.
  • Аль болох цахим сургалт хийнэ.
  • Ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулна.
  • Богино цагаар хичээллэнэ.
  • Хичээлийн хэрэгслийг дамжуулж хэрэглэхгүй.
  • Сандал, ширээ, самбар, номын ширээ зэрэг хатуу гадаргууг ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор 2 цаг тутам цэвэрлэнэ.
  • Анги танхимд гадуур хувцас өлгөхгүй, сэгсрэхгүй.
  • Анги танхимд хооллохгүй. 
  • Урьдчилан сэргийлэх санал, зөвлөмжийг ил байршуулсан байх шаардлагыг УОК, ЭМЯ-аас тавив.

Эдгээрийг биелүүлсэн сургалтын төвүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээнэ. 

Одоогоор Монголд мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 гээд Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа нийт 1088 сургалтын төв байна.