Хөл хорионы үед хүүхэдтэйгээ цагийг хэрхэн ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭХ ВЭ

2020-05-04

Дэлхий нийтээрээ коронавирусийн  халдвартай тэмцэж байгаа энэ үед манай улсын хувьд урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбогдуулан  сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, цахим  хичээлийг бэлтгэн явуулж байгаа нь хүүхдүүд гэртээ суралцах нөхцөл бүрдсэн.  Ийм үед хүүхдүүд гэрээр суралцахад туслах хүн нь багш биш эцэг, эхчүүд билээ.

Ингээд бид “Үргэлж завгүй” гэдэг цаг хугацаагаа гэр бүлдээ, үр хүүхдэдээ зориулж буй эцэг эхчүүддээ зориулж цагаа хэрхэн бүтээлч өнгөрүүлэх талаар дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Гэр бол амьдрах арга ухаанд суралцах хамгийн том сургууль

Хамтдаа гал тогоондоо...

Эзэгтэй та хоолоо хийхдээ хүүхдэдээ зааж, тэдний насанд тохирсон хөнгөн ажлуудыг хийлгэх хэрэгтэй.  Тухайлбал,  хөнгөн зууш бэлтгэхэд ямар, ямар ногоо орж буйг ялгуулж, өөрсдийн мэдрэмжээр чимэглэл хийлгэхэд туслуулж болно. Ингэснээр хүүхэд аливаа зүйлийг бүтээлчээр хийхэд суралцахаас гадна тухайн ажилдаа дуртай болох юм. Мөн хүүхэд эцэг эхдээ туслаж сурахын зэрэгцээ зөвхөн ээж л хоол хийдэг биш бүлийн гишүүд хоолоо хамтран хийдэг гэдгийг ойлгох зэрэг ач тустай. Түүнчлэн энэ нь аливааг багаар хамтарч хийхэд сургах нэг хэлбэр болно.

Цэвэр цэмцгэр орчин ба эмх цэгц

Хувцсаа угаах, индүүдэх, эвхэх ажлуудыг хийхдээ та хүүхдүүдээ дагуулж хийгээрэй. Энэ нь хэрхэн зөв хувцсаа эвхэх, цэвэрхэн тохируулж өмсөх болон хүүхдийн өнгөний мэдрэмж, аливаа ажлыг гүйцэд хийх ухаанд суралцуулдаг давуу талтай. Нөгөөтээгүүр эмх цэгцтэй байна гэдэг нь бодол санаа цэгцтэй, аливаа зүйлийг дараалуулж хийх аргад суралцах гол зүйл юм. Хаана ч , хэдийд ч аливаа зүйлийн арга эвийг олоход  туслах онцгой нэгэн дадал.

Хамт хүнсээ цуглуулах

Гэрийнхээ ойролцоох дэлгүүр лүү ганцааранг нь явуулах бус хамт хүнсээ цуглуулах. Ингэснээр хүүхэд гэрт хэрэгтэй зүйлсийг мэддэг болохоос гадна аливаа зүйлийн үнэ өртгийг мэддэг болох юм. Энэ нь цаашлаад өөрт хэрэгтэй, хэрэггүй зүйлсийг ялгаж сурахад тусалдаг. Мөн та ингэж хүнсээ цуглуулж байхдаа авах бүтээгдэхүүний шошго хаяг, он сарыг зааж өгч, аль болох тайлбарыг нь уншуулж байх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд  бие дааж  аюулгүй, эрүүл хүнсийг худалдан авч иддэг болно.

Гэр бол “Би”-гээ бүтээх ертөнц

Эртэч болжмор

Хүүхдийг их нойронд автуулах нь муу зуршил болдог талтай. Иймд эрт босох багахан шалтгааныг бий болгох хэрэгтэй.  Тухайлбал , ээжтэйгээ хоёулаа эрт босч бялуу хийх гэдэг ч юм уу эсвэл дуртай номыг нь өглөө эрт уншуулах гэх мэт. Аль болох өглөө бүр өөр өөр сонирхолтой зүйлсийг бодож олох хэрэгтэй. Энэ нь хүүхдийг зорилготой, урам зоригтой болгоход чиглэнэ. Мөн эрт босч ажлаа амжуулах нь хэчнээн чухал болохыг ойлгуулдаг.

Номтой нөхөрлүүлж, тэмдэглэл хөтлүүлэх

Ном бол кино. Үзэх дуртай хүүхэлдэйн киногоор нь дамжуулж ном уншуулах хэрэгтэй. Уншсан номынх нь тухай яриулж, үзэл бодлыг нь бичүүлэх нь зүйтэй.  Ингэснээр аливаа зүйлд дүн шинжилгээ хийж сурахаас гадна өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх чадварыг эзэмшинэ.

Оюуны спортоор хичээллүүлэх

Гэртээ оюун ухааны тоглоомуудыг байршуулаарай. Тухайлбал шатар, эвлүүлдэг тоглоом, шоо гэх мэт. Мөн монгол наадгай болох шагай болон хорол тоглуулах хэрэгтэй. Ингэснээр оюун ухаан хөгжин тэлэхээс гадна, монгол ёс заншлаа мэдэх зэрэг олон давуу талтай. Мөн ээдрээтэй тоглоомуудын учрыг олох нь амьдралын ээдрээт асуудлуудыг шийдэхэд түлхэц болно.

Хөгжим сонсож, түүх ярьж өгөх

Хүүхдээ аль болох хөгжмийн аяыг өөрөө ойлгож, мэдэрч сонсоход сургах.  Тэр дундаа пянз хөгжим болон баяан зэрэг хуучин цагийг хөгжим, аялгууг мэдрүүлээрэй. Мөн хөгжмөөр дамжуулан улс орны хэл соёлыг танин мэдэх боломжтой учир аль болох ихэнх цагаар хөгжим сонсгож, сайхан зүйлсийн тухай бодож сургаарай.

Юмхнаар юм хийх

Юмхнаар юм хийж сурах нь маш том урлаг. Амьдралын энгийн зүйлээс ч гайхамшгийг бүтээдэг зан чанарт сургах нь чухал. Тэр тусмаа аливаа зүйлийн сайхныг олж хардаг, болох бүтэх талаас нь асуудлыг шийддэг байхад аав ээжүүдийн тусламж маш чухал юм. Хэрэггүй зүйл гэж хүнд үгүй. Гагцхүү хэрэгтэй зүйлийг орхиж хэрэггүй зүйлийг нэмж худалдан авдаг байдал нь хүнд төвөгтэй, эмх цэгцгүй байдлыг үүсгэдэг гэдгийг хэлж өгөөрэй.

Энэ мэтчилэн таны хэлсэн үг, хийсэн үйлдлээр урган өндийж буй бяцхан үрдээ амьдралын хамгийн чухал нандин зүйлсийг хамт байх хугацаандаа цаг гарган зааж өгөөрэй. Багш хүүхдэд хичээл л заана. Харин эцэг эх  бусад бүх зүйлийг заадаг гэдэг шүү дээ.

Алив ээ, аав ээжүүд минь анхаарлаа үр хүүхдэдээ хандуул.  Цаана чинь хариуцлагатай аав ээжүүд тренд болж байна.

Д.Бямбасүрэн