Шилдэг багшийг 100 сая төгрөгөөр шагнана

2019-12-17

Боловсрол телевиз, БСШУСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй “Би багш” нэвтрүүлгийн ялагч ирэх бямба гарагт буюу 12-р сарын 21-нд тодрох гэж байна.

Бага боловсролын салбарын онцлогийг нийгэм, эцэг эх, сурагчдад таниулах, багш нарын мэдлэг, ур чадварыг сорьж, хөгжүүлэх олон ач холбогдолтой 21 цуврал нэвтрүүлэг хоёр сар гаруйн хугацаанд үзэгчдийн хүртээл болсон юм. Энэ хугацаанд Монгол улсын бага боловсролын шилдэг 30 багш ур чадвараа сорин өрсөлдөж, мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн чадвараа тал бүрээр хөгжүүллээ.

Бага ангийн багш тодорхой тооны заадаг хичээлийнхээ хүрээнд тогтсон хэдхэн сургалтад хамрагддаг байсан. Харин тэд хайрцаглагдсан сэтгэлгээг өөрчлөх боломжтой, шинэ нэмэлт аргаар өөрсдийгөө хөгжүүлэх нь нээлттэй зэргийг “Би багш” нэвтрүүлгээс олж харсан юм. Тухайлбал, тусгай хэрэгцээт хүүхдүүд бусдын л адил суралцах эрхтэй, багш нар гамшгийн үеийн нөхцөлд сурагчдаа хэрхэн хамгаалах вэ, цахим орчин дахь зөв зохистой хэрэглээг хүүхдүүдэд хэрхэн хэвшүүлэх вэ? зэрэг чухал сэдвүүдийг нээлттэй хэлэлцүүлсэн. Ингэснээр хөндөгдөөгүй мартагдсан чухал асуудлуудыг олон нийтэд ил болгосон юм.

Өнгөрсөн долоо хоногийн нэвтрүүлэгт шилдэг дөрвөн багш шалгарч үлдсэн бөгөөд тэд ирэх бямба гарагт 100 сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. Үзэгчдийн санал, шүүгчдийн оноо, нийт цуглуулсан оноо зэргийг харгалзан ялагчийг тодруулах учир үзэгч бүр саналаа өгөх боломжтой юм. “Би багш” нэвтрүүлгийн ялагч тодруулах дугаарыг 12-р сарын 21-ний 20:30 цагаас Боловсрол телевизээр шууд дамжуулна.