Шилдэг багшийг 100 сая төгрөгөөр урамшуулна

2019-10-03

Боловсролын салбарын 95 жилийн ой энэ онд тохиож, багш нарт чиглэсэн олон ажлууд хийгдэж байна. Үүний нэг нь жишээ нь Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам, “Боловсрол” телевизийн хамтран хэрэгжүүлж буй “Би багш” төсөл нэвтрүүлэг юм. 

Өнгөрөгч дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан Монголын багш нарын VII их хурлын үеэр төслийн удирдамжийг танилцуулсан бөгөөд 2 шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдсан юм. 

Төслийн эхний шатанд багш нар “Миний хэрэгжүүлсэн бичил төсөл” ерөнхий сэдвээр 2 минутын видео бичлэг хийж илгээсэн бөгөөд аймаг, дүүрэг тус бүрт 3 багш, нийт 90 багшийг шалгаруулсан. Харин дараагийн шатыг Завхан, Өвөрхангай, Орхон, Хэнтий аймаг, Улаанбаатар хот гэсэн 5 бүсэд хуваарилан зохион байгуулж, мэргэжилтэн, уран бүтээлчдийн баг очиж шалгаруулснаас нэвтрүүлэгт оролцох шилдэг 30 багш тодроод байна.

Төслийн хүрээнд нийт 24 дугаар нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэх юм.  Дугаар бүрт багш нар тодорхой сэдвийн хүрээнд салбартаа манлайлагч эрхмүүдийн мастеркласс сургалтад хамрагдаж, олон талын ур чадвар сорьсон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэнэ.

Ийнхүү өрсөлдсөөр сүүлийн шатанд шилдэг 4 багш үлдэх бөгөөд шүүгчдийн үнэлгээ, олон нийтийн санал асуулгаар шилдгийн шилдгээр шалгарсан нэг багш зуун сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн болохоос гадна Дубай хотноо жил бүр зохиогддог Дэлхийн багш нарын ур чадварын уралдаанд улсаа төлөөлөн оролцох эрхийг авах юм.

Үзэгчид, тэр дундаа бага боловсролын багш, сурагч, эцэг эхчүүдийг бүхий л талаар суралцаж, хөгжихөд туслах “Би багш” нэвтрүүлгийн эхний дугаар 10-р сарын 5-нд буюу багш нарын баярын өдөр үзэгчдийн хүртээл болно.