​'Рио Тинто' компани МУИС-д 30 сая төгрөгийн санхүүжилт олгоно

2019-10-03

МУИС  "Рио Тинто" групптэй хамтран гарааны компанийн хөтөлбөрийг дэмжих, оюутнуудыг дадлагажуулах, цуврал лекц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Мөн "Рио Тинто" группээс МУИС-ийн “Стартап Лаб” хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх зорилгоор 2020 оноос эхлэн гурван жилийн хугацаанд 30 сая төгрөгийн санхүүжилт олгох гэрээ байгууллаа. 

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал “Стартап Лаб" хөтөлбөр нь 2017 оноос багш, оюутнуудаас бүрдсэн 10 багийн шинэ санааг шалгаруулан зуны турш сургалт явуулж, багийнхаа санааг бизнесийн стандартын хүрээнд төлөвлөж, төсөл бичиж сургадаг. Сургалтын дараа гурван багийг сонгон гарааны бизнес эрхлэн тэтгэлэг олгодог хөтөлбөр юм. "Рио Тинто" группээр дамжуулан "Оюутолгой" компанид оюутнуудыг дадлагажуулах, бизнесийн чиглэлд мэдлэг боловсрол олгох боломжтой болсонд баяртай байна” гэв. 

"Рио Тинто" группийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч Симон Нивен “Манай байгууллага МУИС-тай хамтран ажиллахаар болж, хамгийн анхны гэрээгээ өнөөдөр байгуулж байгаад баяртай байна. МУИС болон манай компани шинэ санааг бодит зүйл болгох зорилгоороо ижилхэн юм. "Рио Тинто" групп Монгол Улсын ирээдүйн лидерүүдийг бэлдэх болно” хэмээн хэллээ.

Үйл ажиллагааны дараа МУИС-ийн  оюутнуудын бүтээсэн виртуал технологиор музей, орчныг мэдрэх боломжтой бүтээлийг танилцуулсан юм. Виртуал орчныг бүтээсэн багийн гишүүн, Хэрэглээний математикийн магистерийн ангийн оюутан Б.Анхбаяр “Виртуал орчныг бүтээхэд программ хангамж, мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр сурч буй гурав, дөрөвдүгээр курсийн 10 гаруй оюутнаас бүрдсэн  багийн бүтээл. Виртуал орчиныг бүтээхэд гурван жил болсон бөгөөд хүний мэдрэхүйг техник технологиор дамжуулан хүргэхэд маш олон код бичдэг" хэмээв.