“Модель ЮНЕСКО Монгол 2019” залуучуудын хурал тав дахь жилдээ зохион байгуулагдлаа

2019-09-11

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс болон НҮБ-ын Залуучуудын зөвлөх хороо нь ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран “Модель ЮНЕСКО Монгол 2019” залуучуудын хурлыг тав дахь жилдээ 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэ жилийн Модель ЮНЕСКО Монгол хурал нь анх удаа ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын загвараар явагдсан бөгөөд хурлын үйл ажиллагаа боловсрол, соёл, нийгэм ба хүмүүнлэгийн шинжлэх ухааны гурван салбар хуралдааны хүрээнд англи хэл дээр өрнөснөөрөө онцлог болов. Хуралд нийт 45 оюутан, залуус оролцож тус бүр ЮНЕСКО-ийн нэг гишүүн улсыг төлөөлснөөс БНСУ-ын оюутан Ким Хеонжеон Монгол улсад ирж уг хуралд өөрийн улсыг төлөөлөн оролцлоо.

Хурлыг нээн ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга Фредерик Рассел-Ривоаллан, НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд “Модель ЮНЕСКО Монгол 2019” хурлын Ерөнхийлөгч Ц.Цэвээнравдан нар үг хэлэв.

Модель ЮНЕСКО Монгол 2019 хурлын боловсролын салбар хуралдааны шүүгчээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газрын Хүний эрхийн шинжээч Б.Болорсайхан, соёлын салбар хуралдааны шүүгчээр Соёлын өвийн үндэсний төвийн Дэлхийн өвийн мэргэжилтэн Ц.Цолмон, нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбар хуралдааны шүүгчээр ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга Фредерик Рассел-Ривоаллан нар тус тус ажиллав.

Оролцогчид “Ирэх жилүүдэд ЮНЕСКО-ийн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төсөл, хөтөлбөрүүдийн тэргүүлэх чиглэлд юуг анхаарвал зохистой вэ” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд мэтгэлцсэн бөгөөд хурлын төгсгөлд дээрх салбарууд дахь Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хангах чиглэлд ЮНЕСКО-оос авч хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаар зөвлөмж буюу тогтоолын төсөл боловсруулж батлав.

Хурлын хаалтын үйл ажиллагаанд Монгол улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра албан бусаар ирж оролцон хаалтын үг хэлсэн бөгөөд хурлын “Шилдэг төлөөлөгч”-өөр шалгарсан гурван төлөөлөгчид батламж, мөнгөн шагнал гардууллаа.