EQ өндөртэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

2019-09-10

Энэ цагийн мода EQ

Нэгэн үе IQ буюу оюуны чадамж өндөртэй хүмүүсийг хамгийн мундаг нь гэж дүгнэдэг байсан. Тэгвэл өнөө үед IQ бус EQ чадвар өндөртэй хүмүүс эрэлттэй байна.  Өөрөөр хэлбэл, өмнө нь бусдыг сонсдоггүй, өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг удирдагчид олонд үнэлэгддэг байсан бол 1980-аад оноос хойш энэ дүр төрх өөрчлөгдөж, EQ өндөртэй хүмүүс үнэлэгдэж эхэлсэн юм. Тэд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгон, идэвхжүүлж чаддаг бөгөөд амжилтад хүрэх нь ч илүү байх болжээ. 

Онолын хувьд, EQ буюу Emotional Quotient гэдэг нь тухайн хүний ​​сэтгэл хөдлөлийг бусад хүний ​​сэтгэл хөдлөлтэй харьцуулж ойлгох чадварыг илэрхийлдэг бол IQ нь Inteligence Quotient гэсэн утгатай бөгөөд хүний ​​оюун ухааны чадварыг илэрхийлдэг. Энэ удаад уншигч танд 21 дүгээр зууны ажилтан хийгээд хүн бүрт заавал байх ёстой, шаардлагатай ур чадварын нэг болох EQ-ийн талаар хүргэе.

EQ-ийн тухай товчхон:

1990 онд Питер Саловей, Жон Мейэр нар сэтгэл хөдлөлөө удирдах чадамж /EQ/ хэмээх нэршлийг анх гаргаж, энэ нь яагаад чухал талаар нийтлэл бичжээ. Түүнийг нь уншсан сэтгүүлч, зохиолч Даниэл Гоулман 1995 онд “Emotional Intelligence” номыг хэвлүүлж, сэтгэл хөдлөлийн чадамжийн тухай дэлхий нийтэд таниулж, шуугиан тарьж байж. Өдгөө тэрхүү ном 40 орны хэлээр орчуулагдсан байдаг. Уг номд EQ гэж юу болох, түүний чадварууд амьдралд хэрхэн хэрэгждэг болохыг өгүүлжээ.  

Мөн ном бичигдэх үед АНУ-д энэ талаар хичээл ордог эсэхийг судлахад нэгэн сонирхолтой үр дүнг олсон байна. Тухайн үед буюу 1995 онд АНУ-д EQ-г заадаг сургалтын хөтөлбөр цөөн байжээ. Харин тэр үед нэг хувийн сургуульд “Self science” хэмээх хичээл ордог байсан нь EQ-г төлөвшүүлэх зорилготой байжээ.

Хичээл эхлэхэд ангийн хүүхдүүд нэг тойрог болж сууна. Багш хүүхэд бүрийн нэрийг дуудахад 1-10 оноо хэлнэ. Тэр нь тухайн өдрийн сэтгэлийн байдлыг тоогоор илэрхийлж буй хэлбэр байжээ. Ингэж мэдрэмжээ илэрхийлж, ярилцах, өөрт тулгамдсан асуудлыг бусдадаа дэлгэн, шийдлийг хамтдаа хайдаг байсан аж. Түүнчлэн зөрчил гарах үед өөрийгөө хэрхэн зөв удирдах вэ гэх зэргээр харилцааны хичээл ордог байжээ. Гэхдээ Даниэл Гоулман EQ-г хөгжүүлэхийн тулд заавал тусад нь хичээл орох шаардлагагүй, харин бүх хичээлдээ EQ чадварыг хөгжүүлэх агуулгыг шингээх, үргэлж дадлагажуулах нь үр дүнтэй гэж үзсэн байна. Мөн үүнийг заавал багш, сургуулийн орчинд гэлтгүй гэр бүлийн орчинд хөгжүүлэх нь чухал гэдгийг судлаачид онцолжээ.

EQ таны хүүхдэд...

Хүүхдийн EQ хөгжин төлөвшихөд гэр бүлийн оролцоо чухал байдаг. Тэгвэл эцэг, эхчүүд энэ чадварыг хөгжихөд ямар алдаа гаргадаг вэ?

  • Хүүхдээ юу мэдэрч байгааг огт анзаардаггүй,
  • Асуудал тулгарсан үед нь өөрөө мэдэг гээд орхидог,
  • Хүүхдийг буруутгасан байдлаар харьцдаг. Хүүхэд ямар нэг зүйлээс айснаа хэлэхэд "Иймхэн юмнаас юунаас нь айдаг юм" гэх мэтээр буруутгасан байдлаар ханддаг.

Эдгээр хандлага нь хүүхдэд EQ төлөвшихөд сөргөөр нөлөөлдөг. 

Хүүхдүүд багаасаа олон даваа, саадтай тулгардаг. Тэр бүхнийг гэр бүлийнхэн нь нээлттэй ярилцаж, сэтгэлийг нь чөлөөлөх нь зүйтэй. Эс тэгвээс хүүхдүүд дараа нь өөрийгөө бусдад илэрхийлэх, бусдыг ойлгох чадамж султай болно. Тиймээс хүүхдийн EQ төлөвших боломжийн цонх нь эцэг, эх буюу гэр бүл юм.

EQ өндөртэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Мэдрэл судлалын шинжлэх ухаан /neuroscience/ тархийг гурван төрөл гэж үздэг бол сэтгэл судлалд хүний оюун ухааныг хоёр тархинаас бүтнэ гэж үздэг. Тухайлбал, рационал, эмоциональ тархи нь бидний логик сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийг хариуцдаг байна. Аливаа тохиолдолд рационал тархи логикоор сэтгэн шийдвэр гаргахаас өмнө эмоциональ тархи сэтгэл хөдлөлийг үзүүлдэг. Асуудал тулгарахад уурлах, айх, уйлах гэх мэтчилэн сэтгэл хөдлөл түрүүлж илэрдэг нь эмоциональ тархинаас үзүүлж буй хариу урвал хэмээн “Emotional Intelligence” номд өгүүлсэн байна.

EQ-ийн ОНЦЛОХ ТАВАН ЧАДВАР

1.      Өөрийн бодол мэдрэмжийг танин мэдэх /Self awareness/

Энэ бол тухайн нөхцөл байдалд зан, мэдрэмжээ танин мэдэх чадвар буюу EQ-ийн тулгуур зарчим юм. Бид нэг л мэдэхэд гунигласан, аливааг хийх идэвхгүй, санаа зовнисон зэрэг мэдрэмжид автчихдаг тал бий. Эдгээрийг зөв танин мэдэх, хариу үйлдлээр өөрчилж чаддаг байх нь зүйтэй.

2.      Өөрийгөө удирдах чадвар /Self control/

Энэ нь эхний чадвар буюу мэдрэмжээ танин мэдсэнээр тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийгөө удирдах явдал юм.

3.      Өөрийгөө идэвхжүүлэх /Motivation/

Аливааг урам зоригтойгоор хийх чадвар бөгөөд өөрийгөө хэрхэн идэвхжүүлэх талаар зохиогч ингэж зөвлөжээ.

  • Хүчтэй, итгэл найдвартай байх. Энэ нь зорилгодоо хүрэх, өөрийгөө идэвхжүүлэхэд түлхэц болдог.
  • Өөдрөг үзэл бодол-Аливааг эерэгээр харж чадвал бартааг туулахад хялбар байдаг. Алдааг суралцах боломж гэж харж, түүнээсээ ихийг суралцдаг.

4.      Бусдыг ойлгох чадвар /Empathy/

Хүүхдүүд бага байхаасаа аав, ээжийнхээ харц, биеийн хэлийг мэдэрдэг бөгөөд цаашид энэ нь бусдыг ойлгох, мэдрэмжийг нь хөгжүүлдэг.

5.      Бусадтай харилцах чадвар /Social skill/

Хүний мэдрэмжийг ойлгон мэдэрснээр түүнд нь тохируулан харилцаж, ярилцах чадвар. 

Эдгээр чадвар нь хөгжсөн хүнийг EQ өндөртэй гэж үздэг.

IQ болон EQ хоорондын ТАВАН ялгаа

1.      Хүн амжилтад хүрэхийн тулд IQ илүү чухал байдаг гэж судлаачид үздэг. Харин EQ өндөр хүмүүс карьер ахихдаа хурдан байдаг гэдэг.

2.       IQ нь онолын хувьд хүмүүсийн амжилтын төвшинг харуулдаг бол EQ нь бодит амьдрал дээрх амжилтыг харуулдаг.

3.      EQ нь тухайн хүний ​​нийгмийн болон сэтгэл хөдлөлийн чадвар, өөр хүний ​​эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийн илэрхийллийг таних чадварыг хэмждэг. Үүний эсрэгээр, IQ нь хүний ​​академик чадвар, сэтгэх чадварыг хэмждэг.

4.      EQ өндөртэй хүмүүс ихэвчлэн манлайлагчид, менежерүүд, нийгмийн нөлөөтэй хүмүүс юм.

5.      IQ өндөр хүмүүс бол оюуны өндөр чадамжтай, нийтлэг мэдрэмжтэй, сэтгэн боддог хүмүүс юм.

DEFINITION

1.      IQ-INTELLIGENCE QUOTIENT

Танин мэдэхүйн оюун ухааныг хэмжих суурь ойлголт IQ нь тунгаан бодох, асуудлыг шийдвэрлэх, шинэ материал судлах чадварыг илэрхийлнэ. Өндөр хөгжилтэй орнуудын алдартай корпорацууд ажилтан авахдаа IQ-г нь шалгаж авдаг. Тухайлбал, Дэлхийн програм хангамжийн салбарт тэргүүлж буй Microsoft корпорац 120-оос дээш IQ-тай программистыг ажилд авдаг байна. АНУ тэргүүтэй өндөр хөгжсөн орны нэр хүндтэй их сургуулиудад элсэх үндсэн нөхцөл нь оюуны чадварын ерөнхий тестийн (SAT, GRE) босго оноог давах буюу IQ өндөр байх явдал юм.

Эрдэмтдийн судалгааны үр дүнд хүн төрөлхтний 0,4 хувь нь 140-өөс дээш IQ-тай буюу сод ухаантай, 0,4 хувь нь 70-аас доош IQ-тэй буюу оюун ухааны хомстолтой бөгөөд бусад 99.2 хувь нь оюуны чадварын хувьд ерөнхийдөө ижил байдгийг тогтоожээ.


2. EQ-EMOTIONAL QUOTIENT

Зах зээлийн нийгэм нь хүний бүх талын хөгжил, ялангуяа харилцааны урлагийг ихээхэн үнэлдэг болсон. Нийгмийн харилцааны оюун ухаан гэгддэг EQ нь өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, сэтгэл хөдлөлөө зохистой илэрхийлэх, өөрийгөө урамшуулах, тэвчээртэй байх, үргэлж сэтгэл өөдрөг явах зэрэг цогц чадварыг харуулдаг.  EQ өндөртэй хүн өөрийнхөө сэтгэлийн дотоод хөдлөлд автахгүй, биеэ барих чадвар эзэмшсэн байх бөгөөд орчинтойгоо дасан зохицож, ажлаа амжилттай явуулж байдаг.

"Four seasons" сэтгүүл, 65 дахь дугаар