Хүүхдийн урлан бүтээх төв 18 төрлийн 24 дугуйлан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулна

2019-09-03

Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн хичээлийн шинэ жилийн элсэлт есдүгээр сарын 2-ноос эхэлж, энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ. Дүрслэх урлаг, гар урлал, техник технологийн чиглэлийн 18 төрлийн 24 дугуйланд хүүхдүүдийг бүртгэх гэнэ.

2019-2020 оны хичээлийн жилд: 

  • Анхан шатны анги
  • Уран зураг
  • Уран сийлбэр
  • Уран хайчилбар
  • Уран баримал
  • Монгол уран зураг
  • Монгол уран бичлэг
  • Сүрлэн наамал
  • Сүрлэн сүлжмэл
  • Баримал керамик
  • Хүүхэлдэй бэлэг дурсгал
  • Монгол үндэсний хувцас загвар
  • Үндэсний уран хатгамал
  • Гар урлал
  • Арьсан урлал, уран дархан
  • Нисэх онгоцны загвар зохион бүтээх
  • Авто машины загвар зохион бүтээх сургалтдаа элсэлт авах юм байна.

Сургалтад 2-12 дугаар ангийн сонирхсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой. Монгол Улсын хөгжил цэцэглэлт, сайхан ирээдүйг цогцлоох Өв соёлоо дээдэлдэг бүтээлч Монгол хүүхдийн төлөө зорилготой сургалтууд үнэ төлбөргүй гэдгийг тус төвийн зүгээс хэлж байлаа.

Бүртгэх хугацаа:

  • 09:00-17:00 цаг /Даваа-Баасан гарагт/

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Нэг хувь цээж зураг
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Бүртгэл дууссаны дараа сургалт есдүгээр сарын 24-нөөс эхэлнэ. Өглөөний ээлж 09:00-11:40, өдрийн ээлж 14:00-16:40 цаг хүртэл хичээллэх хуваарьтай.

Анхан шатны ангид 2-4 дүгээр ангийн хүүхдүүдийг хамруулдаг бөгөөд тэдэнд хоёр жилийн сургалт явуулдаг байна. Ингэхдээ хүүхдүүдэд гарын ур дүй олгох зорилгоор анхан шатнаас нь буюу  хайч, цавуутай харьцах, зураг зурахдаа харандаагаа яаж барих вэ гэдгээс эхэлж хичээлээ заадаг аж. Мөн анги дүүргэлтийн хувьд анхан шатны ангид 60-80 хүүхэд авах бол мэргэжлийн ангиудад 80-100 хүүхэд авдаг бөгөөд нэг ээлжиндээ 15 хүүхдийг хамруулдаг юм байна.