С.Соёлжин: Extensive reading бол хэл сурах хамгийн үр дүнтэй арга

2019-07-02

Англи хэлээ сайжруулах гээд нэг л үр дүнгүй байна уу?, Хаанаас эхлэхээ мэдэхгүй, хаа нэг санаа зовоод суугаад байгаа юм биш биз. Бид та бүхэнд Англи хэлний Extensive reading аргыг амжилттай ашиглаж, олон улсын хуралд МУИС-ийн оюутнуудын гаргасан ахицыг танилцуулахаар тун удахгүй Тайвань Улсыг зорих гэж буй МУИС-ийн ШУС-ийн Гадаад хэлний төвийн доктор, дэд профессор С.Соёлжинтой ярилцсанаа хүргэж байна. 

Тэрээр ирэх наймдугаар сард Тайвань улсад зохион байгуулагдах “Extensive reading world congress-2019”-ийн тэтгэлгийг авч Монгол Улсаа төлөөлөн энэхүү аргыг ашигласан үр дүн, туршлага хуваалцахын зэрэгцээ судалгааны өгүүллээрээ илтгэл тавихаар болжээ.   

 -Юуны өмнө “Extensive Reading World Congress-2019” олон улсын хуралд хуралд оролцох тэтгэлэгт хөтөлбөрт шалгарч, илтгэл хэлэлцүүлэхээр болсон танд баяр хүргэе. Манай уншигчдад энэхүү хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөөч? 

-Баярлалаа.  “Extensive reading” бол гадаад хэл суралцагчдад зориулан олон тооны материал аль эсвэл урь текстүүдийг уншиж, түүнээс сэтгэл ханамж, урам зориг авах байдлаар хэл заах, мөн сурах аргачлал юм. 

Анх 1910-иад оноос олон улсад Англи хэлний багш нар суралцагчдаа сайн сургахын тулд Англиар ном уншуулах Суралцагчдад хичээл заах явцаа унших дадлыг бий болгох нь маш чухал юм байна гэдгийг ажиглаж, энэхүү аргыг судалж, хэрэгжүүлж  туршилтаар үр дүнг нь баталсаар ирсэн байдаг.

Ингээд англи хэлний багш, судлаачид Extensive Reading Foundation байгуулж, 2011 оноос хойш оноос  “Extensive reading world congress” гээд олон улсын хурлыг зохион байгуулж ирсэн. Энэ жил 5 дахь удаагаа энэхүү хурлаа зохион байгуулах гэж байна. Тус хуралд олон улсын хуралд Дэлхийн 80 гаруй орны 200-300 гаруй багш нарын илтгэлийг хэлэлцүүлдэг. Илтгэл хэлэлцүүлэн гэдэг маань багш нар өөрийнхөө хичээлд энэхүү “Extensive reading” аргыг хэрэглэсэн туршлагаа хуваалцах юм.

-Таны хувьд ямар сэдвээр илтгэл хэлэлцүүлэх вэ, Монголоос өмнө нь энэ хуралд шалгарч оролцож байсан багш нар байгаа юу? 

-Монголоос өмнө оролцож байсан багш нар бол байхгүй. Тэтгэлэгийн хувьд энэ жил Индонезоос хоёр, Энэтхэгээс нэг, Мексикээс нэг, Иранаас нэг, Монголоос нэг гээд нийт 6 хүн 100 хувийн тэтгэлэг хүртсэн. Эдгээр улсуудыг ажиглавал хамгийн цөөхөн нь 32 сая хүн амтай улс байхад Монгол улс маань 3.2 сая хүн амтай. Энэ хүн амаас маань нэг хүн нь болоод явж байгаадаа баяртай байгаа. Энэ бол англи хэл суралцагч нартаа унших дадлыг хэвшүүлэх гээд хичээж оролдож байгаа багш нарын маань үр дүн юм. Миний хувьд оюутнуудынхаа Англиар ном унших явцад хийсэн судалгаа түүнийхээ үр дүнг хуваалцана. 

-“Extensive reading” аргын онцлог давуу талыг тайлбарлаач, Манайд “Extensive reading”аргыг ашигладаг багш нар хэр их байдаг вэ? 

-“Extensive reading” гэдэг маань өөрөө их онцлогтой. Гадаад хэл суралцагч хүссэн цагтаа, сонирхсон номоо уншина. Мөн хаана ч уншиж болно. Заавал түвшиндээ таарсан ном уншина гэх албагүй. Үлгэрийн номноос эхлээд уншиж эхлэх бөгөөд өөртөө ном унших дадлыг суулгах нь хамгийн чухал. 

Анхан шатны үг хэллэгтэй ном уншсанаар нэгдүгээрт, үгийн сан нэмэгдэн, хоёрдугаарт эргэлзээд буй зүйлээ бататгаж авна. Үүний дараа түвшин ахина. Түвшин ахихын хэрээр урамшиж, утга санааг нь бүрэн ойлгож, ярих илэрхийлэх чадвар нь нэмэгдэнэ. Тэгэхээр энэ бол хэн нэгэн хүнээс хамааралгүйгээр бие даан сурахад боломжтой арга юм. “Extensive reading” бол энэ талаараа суралцагч, багш, мөнгө төлж сургаж байгаа эцэг эхчүүдэд маш их ашиг тустай.

Манайд “Mongolian Extensive Reading  Associaton” гэж бий. Энэхүү холбоо маань 2018 оны 06 дугаар сард байгуулагдсан ба одоогоор их сургууль, дунд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл бүхий 40 гаруй багшийн бүрэлдэхүүнтэй. Англи хэлний хичээлийн явцад англиар ном унших гэдгийг дадал болгох, цаашлаад маш олон хүүхэд, залуучуудад энэ аргыг танилцуулах, эзэмшүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл оюутан, суралцагчиддаа  англиар ном уншуулдаг, тэрийг нь яриулдаг, хооронд уралдуулдаг, эцэст нь урамшуулж дүгнэдэг. Энэ аргын хэр үр өгөөжөө өгч байгаа талаарсудалгаа явуулж байна. Энэ судалгаа маань энэхүү олон улсын хурлын бүтэн тэтгэлэгт шалгарч, өөрийн туршлагаа танилцуулах боломжтой олгосон юм.  Мөн “Mongolian Extensive Reading  Associaton” –ын гишүүд болох Мандах их сургуулийн Ариунаа, Нандинцэцэг багш нарын илтгэл олон улсын хуралд оролцохоор шалгарч,  сургуулийнхаа дэмжлэгтэйээр оролцохоор болсон байгаа.

- “Extensive reading world congress” олон улсын хуралд хэрхэн оролцох талаар сонирхох байх. Ямар шалгуурыг хангасан хүн энэхүү тэтгэлгийг авах, мөн оролцох боломжтой байдаг вэ? 

-Тэгэлгүй яахав. Энэ хурал маань бүх багш нарт нээлттэй. Миний хувьд Extenisive Reading буюу өргөн уншлагын аргыг би хичээлдээ хэрэглэдэг. Үүнийхээ хүрээнд туршилт судалгааг явуулдаг. Энэхүү Extensive Reading буюу өргөн уншлагын аргачлалынутга ач холбогдлыг оюутнууд, бусад багш нартаа ойлгуулж дэлгэрүүлэхээр ажилласан тул  Монголын төлөөлөл болгон шалгаруулсан юм байна лээ. Ер нь гадаад хэлийг сурснаар эзэмших дөрвөн үндсэн чадвар байдаг: Үүнд Ярих, бичих, унших, сонсох чадвархамаарна. 

Эдгээр нь унших чадвардээр суурилдаг. Анх гадаад хэл сурч байгаа хүн бол шууд бичиж чаддаггүй, багшийн бичсэнийг харж бичиж, дагаж хэлж сурдаг. Өөрөөр хэлбэл алхам алхмаар  сурдаг. Үүнтэй адил Extensive Reading буюу өргөн уншлагын аргачлалыг хэрэглэснээр үгийн сан нэмэгддэг. Үгийн сан нэмэгдэнэ гэдэг маань утга, утгаасаа цаашаа санаа, цаашлаад өөрийгөө илэрхийлэх чадварыг олж авдгаараа онцлогтой. Тэгэхээр хэл сурах бүх дадал арга чинь унших нь сайн байвал цаашаа сайжирнаа л гэсэн үг. 

-Монгол хүүхдүүдийн Англи хэл сурахад алддаг гол зүйл нь юу вэ? Тодруулбал, TOEFL, IELTS өгөхөд анхаарах зүйлс талаар зөвлөгөө өгөөч?

Хүмүүс IELTS,TOEFL зэрэг шалгалт өгөхөөр уншихад нь их оноо алддаг. Энэ маань нөгөө унших чадварыг сайн эзэмшээгүй байгаатай л холбоотой. Үүнийг юунаас олж харсан бэ гэхээр оюутнуудаас шалгалт авахад унших хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын маань шалгалтын үр дүн, нөгөө энгийн суралцагчилтай харьцуулахад шал өөр байсан. Тэгэхээр англиар унших дадлыг өөртөө би болгох, уншиж сурах л хамгийн чухал болоод байгаа юм. 

-Та оюутнуудынхаа дунд судалгаа хийсэн гэлээ. Энэ судалгааныхаа талаар дэлгэрэнгүй хуваалцаач? 

-Миний хувьд анх 2017 онд  Extensive reading аргыг хичээлдээ ашиглаж эхэлсэн. Тэр үед манай сургуульд ажиллаж байсан Тhomas  Kochгээд Америк багш ажиллаж байсан. Анх Extensive Reading аргачлалын талаар танилцуулж байсан юм. Ингээд бид ангиараа Тhомas Koch багштайгаа уулзаж ярилцсаны  дараагаар эхний ээлжинд унших дуртай суралцагчдыг англиар уншуулж эхэлсэн. Ингэхдээ уншсан номныхон талаар өөрөөр нь яриулж, бага багаар ахиж эхэлсэн л дээ. Гэтэл Англиар ном уншаад эхэлсэн суралцагч, зүгээр үндсэн хичээлээ үзээд явж байгаа суралцагчдын маань хоёрын хооронд ялгаа гараад эхэлсэн юм. 

Ингээд энэ туршлага, үр дүндээ түшиглээд 2018 оны есдүгээр сараас англиар ном уншихын ач холбогдол, бодит үр дүн, ямар чадвар уншлагыг даган хөгждөг, өргөн уншлагыг танхимын хичээлийн зэрэгцээ хэрхэн сургалтанд хэрэглэх зэрэг талаар судалгааны ажлаа эхлүүлсэн. Юуны өмнө суурь судалгааг ЕБС-д хүүхдүүд англиар ном уншдаг байсан эсэх, багш нь өргөн уншлагыг хичээлд хэрэглэдэг байсан эсэх, ном уншуулдаг байсан бол хэрхэн хянадаг, үнэлж урамшуулдаг байсан, сурагчийн хувьд ямар төрөл, түвшний ном уншдаг байсан, одоо ямар түвшнээс уншвал илүү ойлгомжтой байгаа тодруулахаар явуулсан. Судалгаанд МУИС-ийн 1-5-р түвшний нийт 73 оюутан хамрагдсан. Тэднээс ердөө 5-6 хүн л ЕБС-д англи хэлээр ном уншсан байв. Ном уншсан шалтгааныг тодруулбал нэг нь багшийнхаа зөвлөсний дагуу үлгэрийн ном, хоёр нь дуртай киногоо сайн ойлгохын тулд эх зохиолыг нь олж уншсан, хоёр нь сонирхолтой ном байсан учраас гэсэн байна. Гэхдээ сургуульд байхдаа англиар ном уншихдаа оюутнууд маань хэзээ ч багшаараа ном уншлагаа үнэлүүлж байгаагүй байдаг. Үлдсэн хүүхдүүд зөвхөн сурах бичигт өгөгдсөн эхийг л уншдаг, тэдгээрээс сурсан үг хэллэг, дүрмээ дүгнүүлсэн байна. Эндээс дунд сургуульд хүүхдүүд англи хэл дээр өргөн уншлагаар ном уншдаггүй, багш, сургууль, боловсролын байгууллагын зүгээс энэ талаар анхаардаггүй гэсэн дүгнэлт гарсан. 

Гэтэл их сургуульд ороод ирэхээр багш нар оюутанд мэргэжлийн мэдлэгээ англи номноос унших, судалгааны ажлаа англиар бичих даалгавар өгдөг, ийм даалгавар тэдэнд их хүнд тусч байгаа нь судалгаагаар гарч ирсэн. Тэгэхээр мэргэжлийн суурь болон нарийн мэдлэгийг олж авахад англиар тухайн салбар шинжлэх ухааны ном, өгүүлэл, мэдээллийг заавал унших хэрэгтэй болж байгаа юм. Оюутан байхдаа бидний үеийнхэн орос номноос их мэдлэг мэдээлэл авдаг байсан. Өөрөөр хэлбэл, гадаад хэлээр мэдлэг, мэдээлэл олж авах гэдэг бүх цаг үеийн хөгжил дэвшлийн мөнхийн дагуул юм. 

Тэгэхээр нэгдүгээрт, багш нар сурагч, оюутандаа ном уншихыг зөвлөөд зогсохгүй хэр уншсаныг нь үнэлж урамшуулах хэрэгтэй. Тайвань, Индонез, Япон зэрэг улсад ерөнхий болон их сургуулийн сургалтын хөтөлбөрт англи хэлээр ном унших үнэлгээг оруулж өгсөн байдаг. Тухайлбал, Японд англи хэлний хичээлийн нийт үнэлгээг 100 оноо гэвэл 20 оноог нь оюутан, сурагч англиар түвшингээр ангилсан уран зохиол, танин мэдэхүйн зэрэг ном уншиж, холбогдох даалгаврыг хийж байж авдаг бол АНУ-ын их сургуулийн хэлний хичээлийн хөтөлбөрт 10 оноо авахаар тусгасан байдаг. Зарим оронд албан ёсны сургалтын хөтөлбөртөө оруулаагүй ч англи хэл дээр ном унших хичээлийн цагийг гаргаж өгдөг.

Ийм байдлаар боовсролын тогтолцоондоо гадаад хэлээр уншсан номоор нь суралцагчийг урамшуулдаг системийг бий болгосон байдаг. Манайд энэ аргын аль нь ч боломжтой. Өнгөрсөн нийгмийн үед оросоор ном унших даалгавар хичээлийн хөтөлбөрт ордог байсан. Үүний үр дүнд Монгол улс боловсрол, анагаах ухаан, математик, биотехнологи, хими, физик, инженерчлэл, техник технологиороо хэдхэн арван жилд үсрэнгүй хөгжсөн. Түүхийн хүрд өмнөх үеэ давтан эргэдэг жамтай. Иймд өнөөдөр цаг хугацааны энэ зарчмыг дагаж англиар, гадаад хэлээр ном заавал унших даалгавар, үнэлгээний нэгжийг сургалтын хөтөлбөрт тусгаснаар суралцагчдын түвшин бол эрс нэмэгдэнэ. Манай МУИС-ийн хувьд бүх оюутнаа англи хэлээр TOEFL, IELTS-ийн тодорхой харгалзах оноотойгоор төгсгөхийг зорьдог. Англи хэлний багш нар маань энэ түвшинд оюутнаа хүргэх гэж маш их ажилладаг, академик англи хэлийг анхан дунд, дунд, ахисан дунд түвшингөөр ангилан англи хэлнээс өөр хичээлгүй юм шиг л чухалчилж сургадаг. Энэ жилээс ахисан дээд түвшингийн хөтөлбөр маань эхэлнэ. 

Ер нь ЕБС-д бүгд адилхан сурах бичгээр хичнээн жил англи сурчихаад ийм олон өөр түвшингийн ангид дахин хуваарилагдана гэдэг нь ЕБС-ийн түвшинд англи хэлний хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна. Нөгөөтэйгүүр, багшийн ажиллах орчин, суралцагчийн тоог бодохоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс холбогдох зарим арга хэмжээг, ялангуяа англи хэлний хөтөлбөрт унших цаг, үнэлгээний журмыг тусгайлан тусгах шаардлагатай болжээ гэж үзэж байна.  

-Таны хувьд энэхүү Extensive reading аргыг өөрийн ажилдаа ашиглаж, хэл заах арга барилаа болгоод нэг жил гаруй болжээ. Оюутнуудад гарсан ахиц, дэвшил, энэхүү судалгааны үр дүнд юу гэж гарсан бэ? 

- Анхны жилд цөөхөн оюутан л англиар ном уншсан. Монгол хэлээрээ ном уншиж бараг амжихгүй байхад англиар гэхээр хэцүү санагдсан байх. Зарим нь англи хэл судалж байгаа түвшингийнхөө номноос шууд эхлэнгүүтээ “Багшаа юу ч ойлгодоггүй ээ. Хэцүү байна” гэсэн. Тэгэхээр нь хүүхдэд зориулсан үлгэрийн амархан ном уншуулснаар арай өөр болж эхэлсэн. Товчхон хэлэхэд энэ өргөн уншлагын аргыг ашигласны үр дүнд оюутнууд маань нэгдүгээрт үгийн сан нь үнэхээр их нэмэгдсэн; хоёрдугаарт, дүрэм, бичих, ярих, сонсох чадвар сайжирсан; гуравдугаарт, юмны учрыг олох, тайлбарлах, англиар санаагаа илэрхийлэх, илтгэл тавихдаа өөртөө итгэлтэй, зоригтой, санаачлагатай болсон; дөрөвдүгээрт, уншсан номынхоо сэдэв агуулгын хэрээр өргөн их мэдлэгтэй болсон, илүү сонин сайхан мэдээ мэдээллийг олж авч чаддаг болсон. Уншсан номныхоо тэмдэглэлийг хөтөлж өөрийн үгээр, ойлгосноороо бичиж сурсан. Одоо оюутнууд маань ямар нэг уншсан номноосоо ярихдаа түгдрэх, тэмдэглэл бичгээ заавал харах гэж сандрах зүйлгүй шууд л ярьдаг болсон. Тэднээс хэнийг нь дуудаад нэг ном яриад өг гэвэл бүгд л сайхан ярина. Та бүхэнд сонирхуулахад өнгөрсөн хоёр улирлын турш Xreading.com цахим номын сангаас англи ном уншсан нэг шавийнхаа бусад оюутанд зориулан ном хэрхэн унших зөвлөмжөө нүүр номоор илгээснийг нь уншиж өгье. 

МУИС-ийн оюутан Xreading дээр хялбаршуулсан ном үр бүтээлтэй унших зөвлөмжийг хүргэж байна. Үүнд 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. 

  • Xreading дээр 1000+ номын 90 хувь нь аудио хэлбэрээр байдаг тул дагаад уншвал их үр дүнтэй. 
  • Утгыг нь маш сайн ойлгож унших. Ном руугаа ороход summary хэсэг байдаг. Түүнийг эхлээд маш сайн ойлгох хэрэгтэй. Дүгнэлт хэсгийг түрүүлж уншсанаар энэ номонд ийм зүйл гардаг юм байна гэсэн ойлголттой болчих учраас номыг унших явцад нээрээ тэгж байсан шүү дээ гээд ойлгоход илүү хялбар болж өгнө. 
  • Уншиж байхдаа хүнд ярьж өгч байна гэж бодож унших. Яг уншиж буй хэсгээ би яг ингэж хүнд ярьж өгнө гэж уншвал илүү үр дүнтэй гэжээ. 

Энэ оюутан маань анх 2018 оны намар судалгаа авахад өмнө нь англиар ном огт уншиж байгаагүй хүүхэд байсан. Ном уншаад 6 сарын хугацаанд хүнд зөвлөгөө өгөх хэмжээний болж ингэж өөрчлөгдсөн нь мөнөөх extensive reading аргын нь маань үр дүн яалт ч үгүй мөн. 

- Их дээд сургуульд орж ирж байгаа оюутнуудын англи хэлний түвшин өөр байгаа юм бол энэ дээр хувь суралцагч өөрөө юун дээр анхаарах ёстой вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч? 

-Тэгэлгүй яахав. Манай оюутнууд дүрмэндээ харьцангуй гайгүй мэдлэгтэй орж ирдэг. Харин ярих, сонсох, уншихдаа ер нь тааруу. Утга санааг ойлгох, холбох, зөв дуудлагаар унших, ярих тал туршлагагүй байдаг. МУИС-ийн Гадаад хэлний төвөөс явуулдаг академик англи хэлний хөтөлбөр нь харилцах, бичих, унших дадал гэсэн гурван чадварыг хөгжүүлэх зорилготой.  Ийм загварыг ЕБС-д хэрэгжүүлж яагаад болохгүй гэж? Тодруулбал, нэг ангийн 40 хүүхдийг 3 группт хуваагаад гурван багш нэг нэг дадлаар ээлжлэн орвол үр өгөөжөө өгч, хүүхдүүд маань хөгжинө. Англи хэлийг ингэж дадал бүрээр оруулах нь хамгийн зөв шийдэл болохыг дэлхийн улс орнууд ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр бид бас үүнийг хийх хэрэгтэй. 

Бие даан сурч байгаа хүүхэд залуусын хувьд өөртөө зорилго тавих нь хамгийн чухал. Зорилго тавьсан бол цаг гаргах хэрэгтэй. Цаг гаргахгүй бол мөнөөх том зорилго нэг л мэдэхэд замхарна. Зорилго тавиад цаг гарган гэдэг маань өөрөө өөртөө хяналт тавьж байгаа хэрэг юм. Англи хэл сурах зорилгодоо хүрэхийн тулд цагийг зөв зүйтэй ашиглаж, өөрийгөө үнэн зөв хянаад явах боломжтой хамгийн хялбар арга бол өргөн уншлага. Энэ аргын хамгийн чухал тал нь маш богино хугацаанд үр дүнд хүрдэг. 

- Англи хэл дээрх ном ихэвчлэн цахимаар байдаг шүү дээ. Таны хувьд оюутнууддаа англи хэл дээр ном уншихдаа номоо хэвлэж нэг бүрчлэн өгдөг үү? Онлайнаар өгдөг үү? 

- 2004 оноос МУИС-д багшлах хугацаандаа англи ном ховор болохоор гадагшаа явах болгондоо оюутандаа уншуулахаар түвшингийн уншлагын ном мөнгөнийхөө боломжоор авчирдаг байлаа. Тарааж өгөөд уншуулна. Заримдаа ном хүрэхгүй хувилж тараана. Гэхдээ нэг оюутанд цөөхөн хэдхэн ном л оногдоно. Оюутан өөрөө худалдаж аваад уншия гэхээр худалдаанд олон төрөл биш. Дуртайгаа шилээд авах боломжгүй. Мөн үнэтэй байдаг.

Гэтэл өнөөдөр Xreading.com зэрэг цахим номын сан бий болсноор хагас жил, эсвэл жилээр гэх мэтээр өөрийн сонгосон хугацаагаар унших эрхээ аваад интернэт байгаа л бол нөгөө номын сангаасаа дэлхийд танигдсан 20 гаруй хэвлэлийн компанийн 1000 гаруй номноос сонирхолтой санагдсан номоо гаргаад унших боломжтой, хаяна гээнэ гэхгүй, хүнд том ном цүнхлэхгүй. Багшийн хувьд энэ цахим номын сангийн хамгийн сайхан нь оюутнуудаа бүртгүүлсний дараа хэн, ямар түвшний, хэдэн ном уншсан, хэдэн үг ямар хурдтай уншсан, сонсож уншсан байна уу, ямар түвшин ахисан байна гэх мэт бүх явц, үр дүнг хянаж болдог. Ном уншихгүй байгаад нь сануулна. Уншигч уншсан номныхоо талаар сэтгэгдэл бичих боломжтой. Ингэхдээ эхлээд жишээ харж бичиж болно. Эсвэл  өөрийнхөө үгээр бичиж болно. Үүнээс гадна уншсан номныхоо талаар тест бөглөж, ямар санаа гарсан, юуны тухай байв зэргээр өөрийгөө сорих боломжтой. Өөрөөр хэлбэл уншигч, багш хоёр үл баригдах холбоогоор номын ертөнцөд аялна. 

- Xreading.com буюу англи хэл сурахад зориулагдсан цахим номын санг хүн бүр хэрэглэх боломжтой юу? Өөрөө бие даан сурах гэж байгаа хүмүүс маань их сонирхох байх? 

-Хүн бүр бие даан ашиглах боломжтой. Xreading.com дээр номыг эхээр нь уншиж болно. Эсвэл хөнгөвчилсөн байдлаар уншиж болно. Хөнгөвчлөхдөө түвшин түвшингээр нь хөнгөвчилнө. Жишээ нь Ромео Жулиеттаг 5-6 янзаар унших боломжтой. Xreading цахим номын сан маань 1000+ номтой. Танхимд хичээллэхгүй, ерөөсөө таны карманд буюу утсанд чинь байрлана. Хүссэн үедээ хүссэн номоо гэртээ, автобусанд, аялалд явахдаа, зав чөлөөтэй байх тэр үедээ ашиглах боломжтой. Жишээ нь би сая автобусан дотор ирэхдээ нэг номоо эхлүүлчихээд ирсэн. Тэгэхээр энэ цахим номын санг хэрэглэхдээ эхлээд бага түвшингийн номоос уншиж аажмаар дунд, ахисан түвшний номыг уншвал илүү зохистой. Манай оюутнуудын амжилт ерөөсөө л ийм аргаар уншсаны үр дүн. 

-Xreading буюу цахим номын санг ашиглахад төлбөртэй юу?

Монголд Xreading.com цахим номын сангийн албан ёсны эрхийг Лингорс компани авсан байдаг. Миний хувьд Лингорс компанитай 2018 оны 06 дугаар хойш хамтран ажиллаж байна. Xreading.com цахим номын санг ашиглахад төлбөртэй байдаг, гэхдээ төлбөрийн хувьд маш хямд, мөн хугацааны сонголтоосоо хамаараад өөр өөр байдаг. Сонирхсон хүмүүс Лингорс компанийн фэйсбүүк хуудас болох lingors, www.lingors.com вэб сайт, мөн Extensive Readers in Mongolia гэсэн фэйсбүүк группээс мэдээлэл авах боломжтой. Уншигчид, сургууль, байгууллага, эцэг эхчүүд өөрсдийн хэрэгцээнд тохируулан номын сангийн эрхийн хугацаагаа сонгох хэрэгтэй. Ер нь өргөн уншлагыг дан ганц цахим гэлтгүй хэвлэмэл номоор ч уншиж болно. Тухайлбал, ЕБС-ийн англи хэлний багш нар номын сандаа байгаа англи номнуудыг боломжтой бол хувилж хэрэглэж болно. Сургуулиуд цахим болон цаасан номын санг хавсаргаж болно. Жишээлбэл, үзүүлэнгийн шинэ утсыг хүн болгон үзэж болдог ч салгаад аваад явчихаж болохооргүй холбоод тавьдаг шиг хэдэн хуучин ч юмуу гар утсанд номнуудынхаа зургийг нь авч суулгаад номын сандаа тавьчихвал орж ирсэн хүүхдүүд 10-20 минут тэр утсаар ном уншчих боломжтой л болно. Гайгүй мөнгө хөрөнгөтэй газар бол таблет, компьютер ч ашиглаж болно. Хамгийн гол нь сурагч, оюутны уншсан номыг багш шалгаж, үнэлгээ өгч, урамшуулж байх ёстой. Тэгж байж гадаад хэл суралцагч-гадаад хэлээр ном уншигч дараагийн номоо илүү урам зоригтой унших болно. Харин уншаарай гээд орхичихвол хэзээ ч үр дүнд хүрэхгүй. Цахимаар уншихын гол давуу тал нь өмнө хэлсэнчлэн уншигч ямар, хэчнээн ном хаана, хэзээ уншихаа өөрөө сонгодог, мөн багш түүнийг шууд цахимаар хянаад явах боломжтойд оршдог. Хэвлээд уншуулвал багшид ачаалалтай хэдий ч сурагч, оюутныхаа төлөө хийвэл зохих оюуны чухал хөрөнгө оруулалт болно.  

-Та ЕБС-ийн сургуулийн англи хэлний багш нар өөрсдийнхөө хичээлийн цагийг ашиглаад яаж Extensive reading аргыг үр дүнтэй ашиглах болох вэ? Энэ талаар зөвлөгөө өгөөч? 

- ЕБС-иуд мэдээллийн технологийн танхимтай. Энэ танхимд долоо хоногт нэг удаа хичээлээ тавиулж хичээл дээрээ цахимаар ном уншуулж болно. Нэг компьютер дээр хоёроор нь суулгаж болно. Өдөрт ер нь 10-30 минут уншуулаад л утгыг нь яриулж, ойлгосныг нь тэмдэглэлд бичүүлээд байхад л 1-2 сарын дараа үр дүн харагдаж эхэлнэ дээ. Учир нь ном өөрөө түүний ярих, бичих бүх үгийг агуулсан байгаа. Эсвэл сургуулйн wifi-г ашиглах, эсвэл хэдэн таблет, эсвэл дээр өгүүлсэнчлэн хэдэн хуучин гар утас бэлдээд хичээлийнхээ цаг дээр, эсвэл хичээлийн бус цагаар энэхүү аргаа хэрэгжүүлж болно. Улсын сургуулиудийн тухайд хүндрэлтэй байх боловч багш нар маань энэ аргыг хэрэглээд үзвэл үр дүнтэй болохыг нь мэдэрнэ. Энэ арга нь дан ганц уншуулаад, тэмдэглэл хөтлүүлээд, яриулаад шалгаад дуусдаггүй. Монголын хил хязгааргүй уншигчдын холбооноос жилд хоёр удаа англиар ном уншигчдын өдөр зохион байгуулдаг, түүнд оролцож уншсан номынхоо тухай дангаараа эсвэл багаараа илтгэл тавьж, жүжигчилсэн тоглолт хийж болно. Багш нарын хувьд уг холбооны гишүүн болж, хамтдаа хөгжиж, хамтран ажиллаж, үйл ажиллагаа зохион байгуулж, судалгааны ажил хийж, эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьж, Хил хязгааргүй уншигчдын дэлхийн холбоотой гар нийлэн ажиллаж, олон улсын хурал конгресст оролцож, бүрэн тэтгэлэг авч болно. Мөн бусад уншигч багш нартай туршлагаа солилцож хамтарсан сургалт, уулзалт зохион байгуулж болно.

-Бидэнтэй ярилцаж, өөрийнхөө туршлагыг хуваалцсанд баярлалаа

 Баярлалаа. Та бүхэнд бас баярлалаа.