Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ

2019-06-17

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд ЕБС-ийн 12 дугаар ангийг 16,000 мянган сурагч төгсөж байгаа бөгөөд шууд засалтын шилэн технологийг ашиглаж буй анхны төгсөгчид болж байгаа гэдгээрээ онцлогтой болж байгаа юм.

Тодруулбал, Шалгуулагчид шалгалтаа өгч дуусаад шалгалтын материалыг хэрхэн засаж байгааг хараад шууд дүнгээ сонсоно. Боловсролын үнэлгээний төвд уг технологид шаардагдах тоног төхөөрөмжийг Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах” төслөөс нийт 50 машин авч өгчээ.

Шууд засалтын машинд зөөлөн харандаагаар бөглөсөн материал уншихад тохиромжтой учраас нэгдсэн журмаар шалгуулагчдыг харандаагаар хангаж байгаа юм. Шалгалтын анги танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Мөн энэ жил нийт төгсөгчдийн тоо бага байгаатай холбоотойгоор улсын хэмжээнд шалгалтын байрыг цөөлжээ. Өнгөрсөн жил улсын хэмжээнд 50 байсан шалгалтын төвийг энэ жил 32 болгон цөөлсөн байна. Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84 -р сургууль болон Монголын үндэсний их сургуульд зохион байгуулахаар төлөвлөсөн бол өмнөх оны төгсөгчид тав болон 23-р сургуулиудад ЭЕШ өгнө.