Монгол оюутнууд Тайваний "Луут завины баяр"-ыг өнгөлөв

2019-06-10

Хятад үндэсний зуны сарын хамгийн том баяр "Dragon boat festival"-д монгол оюутнууд оролцож, гуравдугаар байр эзэлжээ. Тодруулбал, Тайваний Чанхуа хотын "Chienkuo" технологийн их сургуулийн монгол оюутнууд зургадугаар сарын 7-нд болсон Тайваний "Dragon boat Festival"-ийн олон улсын сэлүүрт завины уралдаанд багаараа анх удаа оролцож, амжилт үзүүлсэн байна.

Энэ талаар тэмцээний оролцогч, сэлүүрт завины ахлагчаар ажилласан оюутан Ц.Ганзориг "Бид нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй нэг сарын өмнөөс бэлтгэлээ усан санд хийдэг байсан. Бүгд анх удаа завин дээр гарч сэлүүрээр сэлүүрдэж, завь хөдөлгөж үзсэн. Ердөө 20 долийн зөрүүтэй хоёрдугаар байрнаас мултарсан. Гэхдээ өмнөх жилийх аваргуудтай энэ тэнцүүхэн өрсөлдөөнийг үзүүлж, Монголынхоо тугийг Тайваний далайд мандуулж чадсандаа баяртай байна" гэсэн юм. Тайваньд нэлээд алдартай энэхүү тэмцээнд олон улсын 16 баг оролцжээ. Тайваньд 1000 орчим монгол оюутан суралцаг бөгөөд энэ тэмцээнд монголын баг анх удаагаа оролцсон нь энэ юм.

Дашрамд, Энэ өдөр Тайваний бүх нийтийн амралтын өдөр тохиодог төдийгүй ард иргэд нь гэр бүлээрээ хамтдаа амран, далайд гарч, далайн амьтан, загас хооллох, тахих зэргээр уламжлалт зан үйлээ гүйцэтгэдэг байна.