Багш нарын тухай сэтгэл хөдөлгөм түүхүүдээс

2019-04-09

Монголын багш нарын VII их хурал ирэх долоо хоногт буюу 4 дүгээр сарын 11, 12-нд болох гэж байна. Хурлаар Хууль эрх зүйн шинэчлэл, Сургалтын бодлого, Багшийн хөгжил, ёс зүй, Багшийн үнэлэмж гэсэн асуудлаар 47 мянга гаруй багшийг төлөөлж 800 багш чуулна. 

Манай редакцийн зүгээс багш нартай холбоотой уншигчдаас ирүүлсэн сонирхолтой түүхүүдийг хуваалцан #БагшдааБаярлалаа чалленжийг эхлүүллээ. Хэрэв та бүхэн багштайгаа холбоотой дурсамж, түүхийг хуваалцахыг хүсвэл энэхүү мэдээллийг public тохиргоотой шэйрлэж, өөрийнхөө түүхийг бичээд, чалленжид гурван найзыгаа дуудаарай.

Х.Болорбат: -47-р сургуулийн бага ангийн маань багш Хөнхөр өөрөө ч мэдэлгүйгээр амьдралын минь замыг заажээ. Би эхээс зургуулаа, тэдний гурав нь энэ багшийн шавь. Түүхч болно доо гэж мөрөөддөг байсан хүүхэд IV ангидаа сургуулийнхаа шинэ жилд алиалагч болж үзсэнээс хойш төгсөн төгстлөө бүхий л арга хэмжээг хөтлөдөг болсон. Одоо хөтлөгч мэргэжлээр ажиллаж байна. 

Багш маань хүүхэд нэг бүрд хүрэхийг хичээдэг байсан нь одоо мэдрэгддэг. 90-ээд онд улсын сургуулиудын дулаан муу, бид их даардаг байсан. Тэгэхэд багш маань гэрээсээ халуун цай авч ирээд, хүүхэд болгонд өгөөд, хичээлээ үргэлжлүүлэн заадаг байлаа. 

Б.Саруулзул: -Оюутан байхад болсон нэг явдал санаанаас минь ер гардаггүй юм. Би философийн ангийн оюутан байлаа. Анагаах ухаан, математикийн чиглэлээр сурдаг "толгойтой" найзууд маань философийн хичээл хамгийн хүнд гэж ярьдаг байсан хэ хэ. Гэтэл бид хэд хүний, нийгмийн, шашны, өрнийн, дорнын гээд философийг үзэх шиг болдог байсан юм. Харин манай ангийнхны давдаггүй ганц хичээл нь англи хэл. Зарим нь арван жилдээ орос хэл үзэж байсан болохоор А ч байхгүй. Бидэнд англи хэл ордог байсан Хишигжаргал гээд багш залуухан хэрнээ нэлээд хатуу, зарчимч хүн байсан юм. Нэг удаа хичээл орохдоо сургуулиудын дунд англи дуу дуулах уралдаан болох гэж байгаа, та хэд орохгүй юм уу гэлээ. Бид ч нэг их юм ярилгүй тэгсхийгээд өнгөрсөн юм. Тэгээд хэд хоногийн дараа элдэв юм ярьж яваад тэр тэмцээнд оръё гэж шийдлээ. Ангидаа нийлж хичээлээ давтдаг 7 охин нэг баг боллоо шүү. Англи дуу дуулах нь бүү хэл үгийнх нь дуудлагыг сайн мэдэхгүй бид дуулах дуугаа сонгох гэж бөөн юм болж билээ. Хайж хайж Spice Girls хамтлагийн Mama дууг багаараа дуулах болж өдөр шөнөгүй үгээ цээжилдэг юм байна. Бидэн дундаас арай нэг дуулах авьяастай охин маань Faith Hill-ийн There You'll Be дууг гоцолж дуулахаар боллоо шүү. 

За ингээд хэд хоногийн турш оюутны байр, гадаа гудамж, анги гээд боломжтой газраа бэлдэж тэмцээндээ орох өдөр ирлээ. Үзүүлбэрээ үзүүлэхээс өмнө нээлтийн үг хэлэхээр болсон учраас багшаараа англиар хэдэн өгүүлбэр бичүүлж аваад цээжилсэн юм. Тэгсэн яг тэмцээний үеэр юу болсон гээч? Би сандарсандаа өнөөх үгээ мартаад бүтэл муутай эхэлдэг юм даа. Гэхдээ багийн дуугаа чадахаараа дуулаад дараагийн шатанд гоцлол үзүүлбэрээрээ ана мана үзнэ гэчихсэн байж байсан чинь манай охин дуулах үед микрофон нь ажиллахаа болиод жинхэнэ амьд хоолойгоороо дуулсан даа хөөрхий. Бид ч баларсан юм боллоо гээд урам муутай зогсож байтал хоёрдугаар байранд орсон гэж зарладаг байгаа. Биднээс илүү баярласан хүн нь манай багш. Тэмцээний дараа багш биднийг нэг кафед дагуулж ороод бялуу задалж өгөхдөө "Та хэдийг хайхрахгүй байхаар нь тэмцээнд орохгүй нь л гэж бодож байлаа. Ингэж их хичээсэнд багш нь маш их баяртай байна" гэж билээ. Маргааш нь бид хэд текст цээжилж шалгалт өгөх байсан ч багш маань бүгдэд нь 100 тавиад, шалгалтаас чөлөөлсөн дөө хэ хэ. Тэр үед авсан урам зориг намайг хэвлэл мэдээллийн салбарт ажиллахад их нөлөөлсөн. Сүүлд багштайгаа уулзахаар очиход ажлаа сольсон байсан. Одоо дахин нэг удаа уулзаж, талархалаа илэрхийлэх юмсан гэж бодож явдаг даа. 

Э.Болор-Од: -Арван жилд, хэл уран зоихолын багш маань даалгавар өгөх болгондоо "За та нар минь, сэтгэлээ дэвсэж л хийж үзээрэй дээ" гэж хэлдэг байж билээ. Аливааг эхлүүлэх болгонд л тэр үг нь чихэнд сонсогддог болчихжээ. Байнга л баярлаж явах юм даа, чин сэтгэл гэдэг хэчнээн хүчтэйг ойлгуулах гэж тэгж хэлдэг байж дээ гэж боддог. 

Э.Энэрэлбат: -Сургуульд эзэмших эрдэм, мэдлэгийн тухайд азаар би сайн сургуульд, сайн багш нараар заалгаж суралцсан. Харин энэ бүхнээс гадна хүн болж төлөвших, одоог хүртэл ажил, мэргэжилд хэрэг болох бие хүний чадварыг би сургуулиасаа олж авсан. Эрдэнэт хотод тухайн үед “Ийгл” гэж ердөө 100 гаруй сурагчтай сургууль байсан бөгөөд бид өдөр бүрийг завгүй өнгөрүүлдэг байлаа. Хичээлээс гадуурх давтлага, шүлгийн, дууны, спортын уралдаан, илтгэлийн тэмцээн гээд үйл ажиллагаа тасрахгүй. Мэдээж цөөхүүлээ учраас бүх хүүхэд ямар нэг арга хэмжээнд заавал оролцож таарна. Энэ нь сайн чаддаг, тэмцэлдэж түрүүлэхдээ гол нь биш олонтойгоо хамт байх, тэдний дунд биеэ зөв авч явах, харилцах гээд бид анзаардаггүй хэрнээ маш олон чадварт биднийг багаас маань давхар сургасан байлаа.

Хичээлийн орчны хувьд ч биднийг цагаан цамц өмсч, цэвэрхэн хувцаслахыг сануулдаг ч цэх, шулуун суу, багшийн хэлснээр бүхнийг хий гэх мэт албадаж, хүчилсэн зүйл үгүй байлаа. Бид ангийн багшаасаа эхлээд бүх л багш нараа хүндэтгэн харилцахын зэрэгцээ эргэлзэж, тээнэгэлзсэн зүйлсээ эмээлгүй асууж, мэдэж басхүү санаа, бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байв. Багш нар маань ч биднийг бага хүүхдүүд гэлгүй саналыг минь хүлээн авч, дийлэнх арга хэмжээг биднээр өөрсдөөр зохион байгуулуулж, тухай бүрт залан чиглүүлдэг байсан нь өнөөдөр хаана ч явсан өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадамжтай хүн болсны эхлэл суурь яах аргагүй мөн.Тиймээс зөвхөн эрдэм мэдлэг олгоод зогсохгүй өнөөдрийн бие хүнийг минь төлөвшүүлсэн багш нартаа баярлалаа.

А.Азжаргал: -Хар багаасаа үлгэрт дуртай хүүхэд байлаа. Орос ардын үлгэрүүд гээд зузаан номыг хараад өөрөө уншиж сурахсан гэж их бодно. Тэгээд ах нарыгаа гуйсаар байгаад л үлгэр яриулдаг байж билээ. Сургуульд ороод уншиж сурсан нь хамгийн их баяр хөөр байж. Үсэглэж уншдаг болсон цагаас номоо гаргаж ирээд л унших гэж их мэрийнээ. Дөнгөж сурч эхэлж байсан болохоор нэг нүүрийг унших гэж их л уддаг байсансан. Бага ангийн багш маань их сайн хүн байжээ. Бид хэдийг минутын уншлага их хийлгэнэ. Нэгдүгээр ангид байхад минутад 50-аас дээш уншсан хүүхдийг багш гялалзсан таван хошуугаар шагнадаг байсан юм. Хүүхэд л юм хойно өнөө таван хошууг авах гэж мэрийнэ, гэртээ очоод хурдан уншиж сурах гэж их хичээдэг байв. Сүүлд сонсохнээ тэр таван хошууг дууссан ооны савны дотор талаар хийдэг байсан юм билээ. Тэр үед ооны дотор тал нь шаргал өнгөтэй, металлархуу материал байдаг байсан. Гэлээ ч надад тэр таван хошуунууд их үнэ цэнэтэй санагддаг. Гурвалжин өнгийн улаан даавуу хайчлаад тэрэн дээрээ өнөө таван хошуугаа наагаад гэрийнхээ хананд өлгөдөг байсан. Шавь нараа уншуулж сургах гэж уйгагүй хичээн хичнээн олныг багш минь хийгээ бол.. хүний сэтгэлээ гэж. Хүнд ийм урам хайрлана гэдэг агуу шүү.

Ж.Батсайхан: -23-р сургуулийн монгол хэл, уран зохиолын Б.Алтанцэцэг багш маань сургуулиа төгсөөд, анхны дааж авсан анги нь манайх болж таарсан. Тийм болохоор илүү ойр, багш маань хожим хэлэхдээ өөрөө бидэнд зааж сургахаас гадна биднээс ихийг сурсан гэж ярьдаг юм. Багшийнхаа нөлөөгөөр ангийн бүх хүүхэд маань монгол хэл, уран зохиолд илүү сайн байсан. Одоо би хэдийгээр хэл, уран зохиолтой холбоогүй ажил эрхэлдэг ч гэлээ ямар ч төрлийн бичгийн ажил таарахад гологдохооргүй хийдэг, текстээр дамжуулан өөрийгөө, тухайн зүйлийг илэрхийлэхдээ муугүй маань багшийн маань л ач юм даа. 

Дөрөвдүгээр ангид байсан юм. Сурлагадаа нэлээн гайгүй нэг хүү байлаа. Ангийнхандаа ч нэр хүндтэй. Хичээлээ ч сайн хийнэ, хоцрохгүй, таслахгүй. Гэтэл нэг хэсэг байнга хоцрох болов. Багшид загнуулаад л юу ч хэлэхгүй орж ирээд суучихдаг байсан. Би тэр үед ангийн дарга байсан болохоор "хурган" хариуцлагатай бас түүнтэй найзархаг харилцаатай байсан болохоор тараад хамт ноцолдож тоглох нэрийдлээр учрыг нь асуув /ер нь ангийнхаа хөвгүүдийг хаширтал нь зодолддог, шороотой холилдсон зэрлэг гар байсан юм аа хаха/. Хэлдэггүй ээ. Би яахав уран цэцэн үгээр сэтгэлийнх нь утсыг хөндөж байгаад яриуллаа даа. Тэр хүү ээжтэйгээ ахтайгаа амьдардаг байсан юм. Тэгсэн ах нь гутлаа урчихаад шинэ гутал авч чадахгүй, ахыгаа хичээлээ тарахаар нь гудманд таавчиктайгаа тосож зогсож байгаад солиод хичээлдээ ирдэг байсан байгаа юм. Би сонсоод л нүдэнд нулимс цийлэгнээд, өрөвдөөд. Гэхдээ тэр өөрөө их хүчтэй, өрөвдүүлэх дургүй тул олон юм ярьсангүй саллаа. Харин хүүхдийн гэнэн сэтгэлээр яаж туслах уу гэж тархиа гашилгана. Эцсийн зөв гэж бодсон хувилбар маань ч зөв байсан юм. Би анги даасан багшдаа хэллээ. Гэхдээ хэнд ч хэлэхгүй гэсэн тангарагтай. Багш маань ч амьдрал ойлгодог ухаалаг хүн байсан юм. Багш ээжтэй нь уулзаж, Дэлхийн Зөн хамт ороод тэтгэмжид хамруулчихаж. Удалгүй найз маань хичээлдээ хоцрохгүй шинэ гутал, цүнхтэй итгэл дүүрэн ирэхийг харсан багш бид хоёр баярласан харцаар нэгэн рүүгээ дохиж билээ хэхэ. Одоо бодохоор хөөрхөн санагдаад байдаг юм. Гэхдээ бид энэ хэрэгт оролцсон гэдгээ өөрт нь мэдэгдээгүй, багшийг мэдсэн гэдгийг ч хэлээгүй. Би нэг ёсондоо хөөрхөн мафийн толгойлогч хийцэн байгаа юм. Хэрэв өөрөө мэдсэн бол өөртөө итгэх итгэлгүй болох байсан байх. Одоо эхнэр, хоёр хүүхэдтэй хүнээс дутахгүй сайн яваа муу найз минь. #АйХорвоо

Энэ түүхийг "Бидэнд тохиолдсон хүндхэн хөгжилтэй явдлууд" группээс авав