Багш нарыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр судалж байна

2019-03-29

БСШУСЯ-аас Багш нарыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийж байгаа аж. 

Тодруулбал, төрийн байгууллагуудын ажилчид, албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй орон сууцны зээл олгох хөтөлбөрийн дагуу багш нарыг орон сууцжуулах боломжит нөхцлийг судалж байгааг Боловсролын Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ё.Баатарбилэг хэлсэн юм. 

Мөн үүн дээр Монголын Ипотекийн корпорацитай хэрхэн хамтарч ажиллаж болох талаар ярилцаж байгаа аж.  Монгол улсын хөдөө орон нутаг, хотын гээд нийт багш нарын нөхцөл байдал, хангамжийн судалгааг яамнаас хийжээ. 

Судалгааны дүнгээр нийт багш нарын;

  • 41.9 хувь нь орон сууцанд 
  • 16.7 хувь нь гэрт 
  • 15.1 хувь бие даасан сууцанд (амины орон сууц) 
  • 1.5 хувь ажилчдын нийтийн байранд
  • 1.2 хувь нийтийн зориулалтын байранд
  • 0.4 хувь зориулалтын бус сууцанд амьдардаг гэжээ. 

Сайд Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ “Судалгааны дүнгээс харахад улсын хэмжээнд багш нарын орон сууцны нөхцөл тийм ч сайн биш байна. Тэгэхээр манай яамны зүгээс тэдэнд зориулсан орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжид УИХ болон Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны байнгын хорооноос бодлогын дэмжлэг авч ажиллахаар төлөвлөж байна. Багш нарыг орон сууцжуулах ажлыг эхлүүлсэн гэж ойлгож болно” хэмээсэн юм.