Бага ангийн сурагчдыг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг зөвлөв

2019-02-11

Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 04-10-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 1,903 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 489 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Нийт бүртгэгдсэн ослын улмаас 13 хүний амь нас хохирч, 60 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 92 хувь буюу 12 нь орон нутгийн замд, гэмтсэн хүний 80 хувь буюу 49 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна. 

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны сар шинийн баярын өдрүүдтэй буюу Битүүн, Шинийн 1-3-ны өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад дуудлага мэдээлэл 13 хувиар, бүртгэгдсэн осол 3 хувиар, гэмтсэн хүний тоо 23.8 хувиар, хүүхэд өртсөн осол 77 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 24 хувиар тус тус буурсан боловч олон хүний амь нас орон нутгийн замд хохирчээ.  

Мөн өнөөдрөөс ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул иргэдийг цагаа зөв тохируулж гардаг цагаасаа 5-10 минутын өмнө гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдийг автомашинд хамгаалах хэрэгсэл хэрэглэн тээвэрлэхийг зөвлөлөө.