Дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ суралцах эрх олголоо

2019-01-08

Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүн бичиг” сонин “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааныг 22 дахь жилдээ зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

“Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн нээх, шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууж үг хэллээ.

Тэрбээр “Улс орны маань тусгаар тогтнолын үндэс нь хүн ард, бичиг соёл, хил хязгаар юм. Үндэсний соёлоо өвлөн авч, улс орныхоо түүх соёлыг уншин судалж, бахархах нь монголчууд бидний эрхэм үүрэг юм. Тийм ч учраас ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа МОНЦАМЭ агентлаг, “Хүмүн бичиг” сонины хамт олонд, хамтран ажилласан байгууллагынханд, арга хэмжээнд оролцсон эрдэмтэн багш, суралцагчид, азай буурлууддаа талархал илэрхийлье” гэлээ.   

Мөн Монгол сайхан бичиг соёлоо дэлгэрүүлэх, олон түмний хүртээл болгоход Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд миний бие бүх талаар тусалж дэмжиж хамтран ажиллах болно гэлээ. Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь 12 дугаар ангийн дөрвөн сурагчид МУИС, МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрх олгодог, уралдааны бусад ангиллын зургаан шилдэг оролцогчийг гадаадад аялах эрхээр урамшуулдаг, шагналын сан өндөртэй гэдгийг МОНЦАМЭ агентлагийн захирал Б.Ганчимэг тэмдэглэж байлаа.

“Сурагчид”-ын ангилал:

Нэгдүгээр байр:

  • -Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 5-р сургуулийн сурагч 11 “в” М.Цэнгүүн
  • -Нийслэлийн Баянгол дүүрэг “Хүрээ тулга” сургуулийн 11”а” ангийн сурагч Г.Пүрэвсүрэн

Хоёрдугаар байр:

-Нийслэлийн Чингэлтэй дүүрэг 5-р сургуулийн 11 “в” ангийн сурагч Б.Зэсмаа

-Сэлэнгэ аймгийн, Хөтөлийн ЕБС-ийн 11”а” ангийн сурагч С.Мөнхзул

Гуравдугаар байр:

  • -Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 8 “б” ангийн сурагч Ү.Энхжин
  • -Сүхбаатар аймгийн лаборатори 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Э.Сайнцэцэг

Тусгай байр:

  • -Нийслэлийн ЕБ-ын 24-р сургуулийн 3”д” ангийн сурагч Г.Аялгуу
  • -Төв аймгийн “Хүмүүн” цогцолбор сургуулийн 9 “г” ангийн сурагч Ч.Дуулим
  • -Дархан-Уул аймгийн 19-р сургуулийн 7”а” ангийн сурагч Б.Нандинлхам
  • -Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” сургуулийн 8”в” ангийн сурагч Б.Амарзаяа

 12-р сурагчдын ангилал:

Нэгдүгээр байр:

  • -Увс аймгийн Улаангом сумын зургадугаар сургуулийн 12 “в” ангийн сурагч Б.Одонтунгалаг
  • -Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 12”б” ангийн сурагч Д.Бямбажаргал

Хоёрдугаар байр:

  • -Сүхбаатар аймгийн лаборатори нэгдүгээр сургуулийн 12”б” ангийн сурагч А.Мөнхтөр
  • -Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 12 жилийн сургуулийн 12”в” ангийн сурагч С.Энхнасан

Гуравдугаар байр:

  • - Сүхбаатар аймгийн ЕБС-ийн 12”а” ангийн сурагч Х.Урантуяа
  • -Нийслэлийн 53-р сургуулийн 12”б” ангийн сурагч С.Энхмаа

Уралдаанд оролцогчдын хамрах хүрээ, ур чадвар жилээс жилд нэмэгдэж чанаржиж байна. Үүнийг оролцогчдын бүтээлээс дээжилсэн үзэсгэлэнгээс мэдэрнэ. Энэ хэрээр үндэсний бичиг соёл маань улам өргөн хүрээнд тархан дэлгэрч байгаа болно. Үүнд МОНЦАМЭ агентлагаас 27 дахь жилдээ эрхлэн гаргаж буй “Хүмүн бичиг” сонин ихээхэн үүрэг оролцоотой байсан, цаашид ч байх болно гэдгийг тэрбээр онцоллоо. “Монголын сайхан бичигтэн-2018” улсын уралдаанд нийт 3000 орчим оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлжээ. 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс