Багшийн хөгжлийн тухай хуулийн ОНЦЛОХ заалтууд

2019-01-04

 

Багшийн ажлын байран дээрээ хөгжих боломжийг нэмэгдүүлэх, нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгдсэн багшийн хөгжлийн тухай хууль хэрэгжиж эхэллээ. 

Тус хууль хэрэгжиж эхэлснээр: 

1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.

2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.

3. Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаанд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжлийн боловсролын сургалтын нийт хувьсах зардлын хоёр хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний зардлыг зарцуулна.

4. Багш мэргэжлээр дээд боловсрол олгох их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт зургаан сарын хугацаатай дадлагажигч багшаар ажиллах агуулгыг багтаана. Дадлагажигч хөдөө орон нутагт 6 сарын хугацаатай ажиллавал тэтгэлэг олгож болох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална. 

5. Ерөнхий боловсролын сургуулийн 44-өөс дээш хүүхэдтэй нэг, хоёрдугаар анги нь туслах багштай байж болно. Ингэснээр багш хүүхэд бүрт хүрч ажиллах боломж нээгдэнэ.

6. Багшид ажлын гүйцэтгэлд суурилсан урамшууллыг олгох бөгөөд холбогдох журмыг Засгийн газар батална.

7. Засгийн газар багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг таван жил тутамд баталж, багшийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлнэ.

8. Багшийг түрээсийн орон сууц, ипотекийн зээлд хөнгөлттэй нөхцөлтэйгээр хамруулах хөтөлбөрийг барилга хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.