Сурагчдынхаа ЭЕШ-ын оноог дээшлүүлсэн багш нарыг 2-10 сая төгрөгөөр урамшуулна

2018-12-04

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид их, дээд сургуульд орохын тулд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, шалгалтын онооноосоо хамааран сургуулиа сонгодог. Сонгинохайрхан дүүргийн төгсөгчид уг шалгалтын оноогоор төдийлөн дээгүүрт жагсдаггүй нь сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд 6, 7-р байруудад жагссан үзүүлэлтээс харагдана.

Энэ нь нэг талаас сурагчдын сурлагын чанартай холбоотой мэт боловч өргөн утгаар нь авч үзвэл сургалтын орчин, багш нарын чадавх, эцэг эхийн дэмжлэг зэрэг маш олон хүчин зүйлээс хамааралтай.

Үүнтэй холбогдуулан тус дүүргийн удирдлагууд боловсролыг дэмжих дэд хөтөлбөрийн хүрээнд “UP” төслийг эхлүүлж, өнөөдөр төслийн танилцуулгыг хийлээ. Жил бүр тогтмол хэрэгжих уг төслийн нээлтэд 1500 орчим сурагч, сургуулиудын захирал, багш нар мөн сурагчдын эцэг эхийн төлөөлөл ирж, төслийн талаарх мэдээлэл, дүүргийн зүгээс төслөөр дамжуулан хүүхдүүдэд ямар боломж олгож байгаа мөн эцэг, эхчүүд юун дээр анхаарах ёстойг хэлэлцсэн юм. 

Төслийн танилцуулгын үеэр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Бид Сант, Олонлог зэрэг хувийн сургуулиудын багш нартай хамтран ажиллана. Дүүргийн 4 бүсэд сонгоны анги хичээллүүлнэ. Хамгийн гол нь хүүхдүүд өөрсдөө хичээх хэрэгтэй. Мөн бид багш нарынхаа чадавхыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Жил бүр багш нар руу чиглэсэн сургалт семинарыг хувийн болон улсын томоохон сургуулиудтай хамтран зохион байгуулна. ЭЕШ-ын оноогоороо тэргүүлсэн сурагчдаа бид гадны тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна. Сайн ажилласан, хүүхдүүдийнхээ оноог дээшлүүлсэн багш нартаа мөнгөн урамшуулал олгоно.  Тодруулбал,  Шилдэг 4 багшид тус бүр 10 сая төгрөг, 10 багшид тус бүр 2 сая төгрөг, 10 сургуулийг тус бүр 6 сая төгрөгөөр урамшуулна.

Энэ бол ирээдүйн боловсон хүчин хүүхдүүдэд оруулж буй хөрөнгө оруулалт юм” гэж онцоллоо.