Сонсголын бэрхшээлтэй сурагчид төсөл бичиж асуудлаа шийдвэрлүүлжээ

2018-11-26

Хүүхэд эхийн хэвлийд байхаасаа сонсголоороо дамжуулан эх хэлээ сурдаг бол сонсголын бэрхшээлтэй хүүхэд ингэж чадахгүй тул төрснийх нь дараа дохионы хэл заах шаардлагатай болдог. Манай улсад сонсголын бэрхшээлтэй хүүхдийн ганц сургууль байдаг нь Сүхбаатар дүүргийн 29-р сургууль юм. Энэ хичээлийн жилд  тус сургуульд  300 гаруй хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдэнд сурч боловсрох эрхтэй холбоотой өчнөөн асуудал тулгардагын нэг нь сургалтын орчны асуудал юм.

29-р сургуулийн хувьд 45 жилийн турш энгийн сургуульд хэрэглэгддэг дуугардаг хонхоор хичээл сургуулийн үйл ажиллагаагаа явуулж ирсэн

Хичээл эхлэх, дуусах, завсарлах үед багш хүүхэд бүрт очиж дохионы хэлээр дуулгадаг гэнэ.

Харин энэ асуудлаа шийдэх гарцыг анх 2010 онд тус сургуулийн багш, сурагчид Япон улсад сурагч солилцоо хөтөлбөрөөр явах үедээ олжээ. 

Тус сургуулийн багш Д.Баасанжав энэ тухайгаа сургуулийн удирдлагад багш нартаа танилцуулж, улмаар тэд сурагчдад ямар их хэрэгцээ шаардлагатайг нь ойлгуулахын тулд өөрсдөөсөө мөнгө гарган эхний ээлжинд эмнэлгийн шар гэрлийг сургуулийнхаа коридорт байршуулсан байна. Дараа нь энэ санаагаа улам сайжруулж олон өнгө байх шаардлагатай гэж үзэн, өөрийн гараар гэрлийн моделийг хүртэл урлаж байсан байна. 

Түүний дараагаар тэд энэ саналаараа ерөнхий боловсролын сургуулиудийн дунд явагддаг “Иргэн төсөл”-д оролцож төрөөс дэмжлэг авснаар хоёр дотуур байрныхаа бүх өрөө, коридорт эдгээр анивчдаг гэрлийг суулгуулжээ. 

Тэд энэ төслөө ажил хэрэг болгохын тулд сургуулийн удирдлагуудаасаа эхлээд БСШУСЯ, Дэлхийн банк, ОБЕГ, Иргэний нийгмийн байгууллагууд гээд маш олон газраар явж өөрсдөдөө тулгамдаж буй асуудлаа танилцуулж, төслийнхөө талаар ярьдаг байсан байна. 

Дотуур байранд гэрэл тавигдсан эдгээр гэрэл нь олон үйлдийг илэрхийлдэг байна. Тухайлбал, 

  • Улаан гэрэл- Улаан өнгийн гэрэл бол онцгой байдлыг илэрхийлнэ. Гал гарах, байгалийн онцгой үзэгдэл болоход энэ гэрэл ассанаар тэд өөрсдийгөө аврах юм байна. 
  • Ногоон гэрэл- Сонсголгүй хүүхдүүдийн нэг онцлог нь ямар нэг үйл ажиллагаа, шаардлагатай тохиолдол гарахад багш хүүхэд бүрт очиж мэдээлэл хүргэх шаардлага гардаг гэнэ. Тийм учраас дотуур байрны хүүхдүүд ярилцаад заримдаа хичээлээ хийж байгаад хоолноосоо хоцордог учраас ногоон гэрэл асвал хоолондоо орж байя гэж ярилцсан байна. 
  • Шар гэрэл-  Энэ гэрэл нь тэдэнд унтаж амрах цаг болсныг сануулдаг байна. 
  • Шар, ногоон-  Хэрэв энэ хоёр  гэрэл зэрэг асвал уулзалт, хурал, семинар болохыг илтгэдэг байна.  

Бид 29-р сургуулийн сурагчдын сургуулийнхаа хүрээн дэх асуудлаа шийдэж чадсан туршлагын талаар "Иргэн төсөл"-ийн санаачлагч Иргэний Боловсролын Төвийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Р.Нарангэрэлтэй ярилцсан юм. 

 

Түүний Р.Отгонжаргал гэдэг тус сургуулийн 12б ангид суралцдаг. Тэднийх Архангай аймагт байдаг бөгөөд аймагт нь сонсголын бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургууль байдаггүй учраас тэрбээр хотод сургуулийнхаа дотуур байранд амьдарч хичээл сургуульдаа явдаг байна.

Р.Отгонжаргалын хувьд дотуур байр нь түүний төрсөн гэрээс ялгаагүй байдаг. Учир нь тэрээр энд амьдраад 11 жил болж байгаа юм. Р.Отгонжаргал нийгмийн идэвхитэй сурагчдын нэг бөгөөд хичээлийн хажуугаар сургуулийнхаа “Хөгжил дэвшлийн эхлэл” клубт явдаг. Тэд багштайгаа нийлж сургуульдаа нэгэн том ажлыг хийсэн нь ээлжлэн анивчих энэ гэрэл юм. 

Газар хөдөлж, цахилгаан цохиж аюулын харанга дэлдэхэд тэд юу ч сонсохгүй.  Аюул нүүрлээд ирэхэд авраач гэж хэлчиж чадахгүй учир нь тэднийг хэн ч сонсохгүй. Харин энэ анивчдаг гэрлийг анги танхим бүрт тавьснаар хүүхдэд ээлтэй, аюулгүй, хүртээмжтэй сургалтын орчинг бид бүрдүүлж чадна. Дан ганц сургууль ч гэлтгүй томоохон худалдаа үйлчилгээний газруудад шаардлагатай гэрлийг тавьснаар хот иргэддээ нэг алхам ойртож тэдний нэг ч гэсэн асуудлыг шийдэж өгч чадах юм. 

Дотуур байрны коридорт эргэлдэн асах энэ жижиг гэрэл эрүүл хүний нүдэнд зүгээр нэг дуут гэрэлт дохио мэт харагдах авч сонсголын бэрхшээлтэй эдгээр хүүхдүүдийн хувьд амьдралынх нь салшгүй нэг хэсэг, амьдралыг нь гэрэлтүүлэгч болдог болохыг бид сая үзлээ.

Хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын боловсрол эзэмшиж, хөдөлмөрлөх эрх нь нээлттэй ч сурах орчин нөхцөл тэдний хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байсаар байгааг эндээс харж болно. Тэд эхний алхамаа өөрсдөө хийж дотуур байраа гэрэлтүүлж чадсан. Харин одоо сургуулиа гэрэлтүүлэх том ажил тэдэнд үлдсэн байна.  

БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ: 

"Засаглалд залуу сэтгүүлчдийн оролцоо" хөтөлбөрийн оролцогчид