Б.Одхой: Төрийн бус өмчийн сургуулиуд боловсролын салбарын ачааллыг үүрч байна

2018-11-15

Төрийн бус өмчийн бага, дунд сургуулиудын удирдлагууд чууллаа

Манай улсын хувьд төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургуулиудын хүрэлцээ дутмаг, нэг ангид 50-60 сурагч хичээллэхээс гадна зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг зэргээс шалтгаалан эцэг, эхчүүд хүүхдээ хувийн сургуульд суралцуулах нь ихэссэн. Эрэлтийг дагаад нийлүүлэлт нэмэгддэг зах зээлийнхээ зарчмаар жил ирэх бүр хувийн хэвшлийн ЕБС-иудын тоо нэмэгдэж буй.

Өнөөдрийн байдлаар Төрийн бус өмчийн 147 сургуульд нийт 39000 хүүхэд суралцаж, 3000 гаруй сурган хүмүүжүүлэгч, багш ажиллаж байна гэсэн судалгаа байна.

Энэ нь нэг талаараа Төрийн бус өмчийн сургуулиуд төрийн ачааг үүрэлцэж, багш нарын нийгмийн асуудлыг шийдэж, тэднийг ажлын байраар хангахын зэрэгцээ суралцагч хүүхдүүдийнхээ ирээдүйд томоохон оюуны хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэг илрэл юм. Нэгэнт төлбөр төлж, үр хүүхдээ хувийн сургуульд суралцуулж, бусдад гологдохооргүй мэдлэг боловсролтой болгохыг зорьж буй эцэг, эхчүүдийн хувьд тэр хэрээрээ тухайн сургуулийн сургалтын чанар болон багшлах боловсон хүчин цаашлаад орчин нөхцөлд нь шаардлага тавьдаг нь нууц биш.

Тэр ч утгаараа хувийн хэвшлийн сургуулиуд илүү өндөр хариуцлагатай ажилладаг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Үүний хамгийн наад захын жишээ нь хувийн сургуулийн багш нар хэзээ ч улс төрийн бохир тоглоомонд хутгалдаж, “Цалингаа нэмүүлье” гэж ажил хаяж, жагсдаггүй.

Хэдийгээр сурагчдаас төлбөр авч, боловсрол олгодог ч гэлээ Төрийн бус өмчийн сургуулиудад тулгамдсан асуудлууд нэг биш байдаг ажээ. Тэд төр засагт дуу хоолойгоо хүргэж, төр хувийн хэвшлийн уялдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар энэ сарын 14-нд буюу өчигдөр чууллаа.

Тодруулбал, Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооноос “Монголын төрийн бус өмчийн сургуулиудын III чуулган”-ыг зохион байгуулсан юм.

Чуулганд Монгол Улсын төрийн бус өмчийн 100 гаруй сургуулийн  захирал, удирдлагуудаас гадна УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн А.Ундраа, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, тус яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир болон Нийслэлийн боловсролын газар, Сангийн яам, НМХГ-ын төлөөлөл оролцлоо.

Б.Баярсайхан: Дуу хөгжим, биеийн тамирын багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлагатай

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан илтгэлдээ “Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийнхээ сурч боловсроход анхаарч, чанартай боловсролыг эрхэмлэдэг болсон. Анхны хувийн хэвшлийн сургууль 1993 онд байгуулагдснаас хойш 25 жилийн  хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд 147 хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагааг явуулж, 40,000 гаруй хүүхэд суралцаж, 3000 орчим багш энд ажиллаж байна. Монголын хойш үеийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувийн хэвшлийн сургуулиуддаа юуны өмнө талархал илэрхийлэе. Өнөөдрийн чуулганаар хувийн хэвшил болон төрийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах талаар нэлээдгүй асуудлууд хөндөгдөх байх гэж харж байна.

Төрөөс хувийн хэвшлийн сургуулиудад хуульд заасан хувьсах зардлын санхүүжилтыг олгох, сурах бичгээр хангах, үдийн цайны үйлчилгээнд хамруулах зэрэг  олон ажлууд хийж байгаа. Өмнөх илтгэл дээр сурах бичгүүд ирэхгүй байгаа тухай ярьж байна. Дүүргийн боловсролын хэлтсүүдээс бага ангиудад 100 хувь, дунд, ахлах ангиудад 40 хувийн сурах бичгийн хангалтыг хийж байна. Дүүргүүд дээр  ихэнхидээ эмзэг бүлгийн  хүүхдүүдэд эдгээр сурах бичгүүдийг хуваарилж байгаа учраас хувийн сургуулиудад сурах бичиг хүрэлцэхгүй байх тохиолдлууд гарч байгааг үгүйсгэхгүй.

Боловсролтой, зөв, эрүүл гэх энэ гурван зүйл бидний хойч ирээдүйд байх ёстой гэж бид үздэг. Сурагчдыг монгол соёл, дуу, ахуй, соёлтойгоо танилцах зүйлийг дуу хөгжмийн багш олгодог. Мөн эрүүл чийрэг иргэнийг төлөвшүүлэхийн тулд биеийн тамирын багшийн үнэлэмжийг сайжруулж, биеийн тамирын хичээлийг чухалчлах ёстой. Өөрөөр хэлбэл, дуу хөгжим, биеийн тамирын хичээлд онцгойлон ач холбогдол өгч, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх шаардлага байгааг онцлон хэлэх гэсэн юм.  Гэвч манай улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн багш дутагдалтай байна. Тийм учраас 20 гаруй жил тасарсан МУБИС-ийн Дуу хөгжмийн ангийг дахин нээж, энэ жилээс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр улсын сургуулийн хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн багш дутагдалтай байгаа. 

Мөн үндэсний аюулгүй байдалд тулгараад байгаа хоолны шим тэжээлийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгцээ шаардлага байна.

Чуулганы дараа та бүхэн маань ямар шийдвэр, арга замд хүрсэн талаараа БСШУС-ын сайд болон дэд сайд, Ерөнхий боловсролын сургуулийн бодлогын газрынхан болон надтай уулзах байх гэдэгт итгэлтэй байна.  Цаашдаа төр, хувийн хэвшлийн сургуулиудын болоод БСШУСЯ-ны харилцаа холбоог сайжруулж, хамтран ажиллах дээр бидэнд ямар гарц, шийдэл, тэргүүн туршлага, арга барил байгааг ярилцана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. 

Төрийн бус өмчийн сургуулиуд боловсролын салбарын ачааллыг үүрч байна

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбооны тэргүүн Б.Одхой:

“Манай холбоо 1999 онд байгуулагдсан. Ирэх жил 20 жилийнхээ ойг угтаж байна. Төр засгийн удирдлагууд, шийдвэр гаргагч нарын шийдвэр манай салбарт нөлөөлж, бидний эрх ашгийг хөндөх нөхцөлд холбооны гишүүн сургуулийнхаа эрх ашгийг хамгаалах зорилгоор анх байгуулж байсан. Одоогийн байдлаар төрийн байгууллагууд, холбооны сургуулиудын хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг хангаж ажиллахааас гадна бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад дуу хоолойгоо хүргэх, дотроо эв нэгдэлтэй байх, салбарын хариуцлагыг өндөр ёс зүйтэй байлгах зорилгоор холбооны үйл ажиллагааг явуулдаг.

 

Энэ удаагийн чуулганд маань 100 гаруй сургуулийн төлөөллүүд оролцож байгаа бөгөөд үүн дотор орон нутгаас 10 сургуулийн төлөөлөл оролцож байна.

Төрийн бус өмчийн сургуулиуд боловсролын салбарын ачааллыг үүрч, шинэчлэлийг түүчээлэх, чанартай сайн боловсролыг эзэмшүүлэх зорилгоор ажилладаг. Гэвч нийгэм хувийн сургуулийг сөрөг нүдээр хардаг. Хувийн сургуульд нийтдээ 3000 гаруй багш ажилладаг. Эдгээр багш нарын амьжиргааг нь дэмжиж, тэдний үнэлэмжийг нэмэгдүүлж, нийгмийн асуудлыг шийдэж өгч байгаа. Боловсролын салбарт анхны гэсэн олон зүйлсийг шинэчлэн, түүчээлж байсан. Тухайлбал , анхны зургаан настай сурагчид, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хөтөлбөрүүдийг нэвтрүүлсэн, сурагчдаа олон улсын хэмжээний үнэлгээгээр үнэлэх, сурах орчинг дээшлүүлэх гэх мэт бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажилладаг. Түүнчлэн боловсролын салбарт хувийн хөрөнгө оруулалтыг хийснээр Монгол Улсын оюуны капиталд хөрөнгө оруулалтыг татаж оруулж байгаагаараа онцлогтой”  гэлээ.

Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо нь хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын үйл ажиллагааг дэмжих, боловсролын тогтолцоонд шинэчлэл хийх, сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, хувийн сургуулиудын үйл ажиллагааг нэгтгэн, эрх ашгийг хамгаалах зорилгоор 1999 онд байгуулагджээ. Тус холбоонд 70 орчим сургууль харъяалагддаг аж.

Хувийн сургуулиуд хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт шууд хэлбэрээр татаж сургалтын төлбөр, үүсгэн байгуулагчийн хөрөнгө оруулалт, хандивыг хуримтлуулж, сургалтын орчинг тасралтгүй сайжруулах, хүүхдийн эрдэм ном, ирээдүйн сайн сайхны төлөө боловсролын үйлчилгээг олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай, хүртээмжтэй байлгахын тулд өөрсдийн боломжит бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж нийгмийн хариуцлагатай албыг хашиж, улсын тэргүүлэх салбарын нэг боловсролын салбарын ачааг үүрэлцэж байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.

МХХБДСХ-ны Улсын III чуулганаас гарсан санал

Ингээд чуулганд оролцогчид дараах саналыг төрийн бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт санал нэгтэй хүргүүллээ.

  1. Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх хүрээнд,
  1. Бодлого боловсруулах, шийдвэр гаргах бүх түвшинд МХХБДСХ хамтран ажиллаж, оролцоонд тулгуурласан ардчиллын зарчмыг хангадаг байх,
  2. Төрийн бодлого, боловсролын эрх зүй, сургалтын хөтөлбөрийн залгамж чанар, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллах
  3. Хичээлийн жилийн бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, төрийн шат шатны байгууллагын төлөвлөгөөг сар, жилээр урьдчилан төлөвлөж мэдэгддэг байх,
  4. Хамран сургах тойргийн сурагчдаас төрийн бус өмчийн сургуульд сургах явдлыг төр бодлогоор дэмжих,
  5. Төрийн бус өмчийн сургууль, төрийн өмчийн сургууль хоорондын багш солилцоо хөтөлбөрийн хэрэгжүүлэх,
  6. Сургууль барих газар олгох болон нийтийн эзэмшлийн ашиглалтгүй талбайг төрийн бус өмчийн сургуулиудад ашиглуулах гэрээ байгуулахыг дэмжих,
  7. Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын захын дүүргүүд болон орон нутагт хөдөлмөр сургалтыг зохион байгуулах газрыг олгоход төрөөс тодорхой дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх,
  8. Спорт заал, сургуулийн байр барихад онцгой хөнгөлөттэй зээлээр дэмжлэг үзүүлэх,
  1. Төрийн байгууллагуудын ялгавартай хандах хандлагыг бүрэн арилгах хүрээнд,
  2. Боловсролын тухай хуулийн 43.3-т багшид өмчийн хэлбэр харгалзахгүй шагнал, урамшуулал, тэтгэмжийг төрөөс олгоно гэсэн атлаа 43.5-р заалтад ТБӨС-ийн багшийг тэтгэвэрт гарахад нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг олгохгүй гэсэн заалт орсон нь төр, төрийн бус өмчийн ялгаварлан гадуурхаж, багшийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж бид үзэж байна.

b. Орон нутгийн багш нарт таван жил тутамд олгодог нэмэгдлийг төрийн бус өмчийн сургуулиудад олгохгүй байгааг нэн даруй арилгах шаардлагатай.

с. Нийслэлийн засаг даргын захирамжаар олгодог багш, сургуулийн индексийн урамшуулалд төрийн бус өмчийн сургуулийг хамруулдаггүй байдлыг арилгах. Нийслэлд нийт суралцаж буй сурагчдын 12 хувьд боловсролын үйлчилгээг хүргэж буй харгалзан, индексийн урамшууллын 10 хувийг төрийн бус өмчийн сургуулийн багш нарт олгодог байх.

d. Төрийн өмчийн сургуульд олгодог тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг төрийн бус өмчийн сургуульд олгохгүй байна. Төрийн бус өмчийн сургуулиудад төрийн өмчийн сургуульд нийлүүлдэг тоног төхөөрөмж, сургалтын хэрэгслийг зах зээлийн үнээ хямд худалдан авах эрхийг нээлттэй болгох

3. Төрийн хүнд суртал, хөшингө байдлыг бууруулах хүрээнд,

А.Гадаад багш нарын ажиллах зөвшөөрлийг дөрвөн үе шаттайгаар, жилд хоёр удаа авах шаардлагатай болдог чирэгдлийг нэн даруй арилгахад холбогдох төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагууд хамтран ажиллаж, 2019 оны нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлүүлэх,

  1. . Гадаадын шилдэг их дээд сургуульд дээд боловсрол эзэмшээд эх орондоо багшлахаар ирсэн боловсон хүчинд багшлах эрхийг олгох үйл ажиллагааг хялбаршуулах,

С. Бичиг хэрэг хөтлөлтийн давхцлын асуудлыг БСШУСЯ, НБГ, орон нутгийн боловсролын газруудын зүгээс анхаарч нэн даруй арилгах. Цахим бүртгэл, цаасан бүртгэлийг нэгтгэх, архив бичиг хэргийн хадгалалтыг оновчтой болгох ажлыг 2019 онд багтаан зохион байгуулах

D. Хувьсах зардлыг төрийн бус өмчийн сургуулиудад олгохдоо аливаа хэлбэрдэл, чирэгдлээс ангид байж, хүүхдийн бодит тоогоор цаг хугацаанд нь олгодог байх,

E. Төрийн хяналт шалгалтын уялдааг сайжруулах, хяналт шалгалтын тоог цөөлөх,

 

Монголын хувийн хэвшлийн бага дунд сургуулийн холбоо