Г.Мөнх-Эрдэнэ: Оройтсон ч гэсэн хятад хэлээ ӨДӨРТ 3 ЦАГ давтдаг байсан

2018-10-31

-Хэл суръя л гэж шийдсэн бол “БОДЛОО СУЛ ТАВЬ”-

.... Анх хэл, ус ч үгүй үүргэвчээ чирээд л хүний газарт хөл тавьж байлаа. Тэр үед “Яана даа, яаж хүмүүстэй ойлголцоно доо” гэсэн айдас байсан. Эх орноосоо гараад анх удаагаа хилийн дээс алхсан нь энэ. Эрдэм ном сурч, их зүйл мэдэн “мундаг” болоод эх орондоо эргэж ирнэ гээд л ээж, аавдаа үнсүүлээд их том зорилго өвөртлөн гарсан. Гэвч эхэндээ бүх зүйл төсөөлснөөс хэцүү байлаа. Хэлний бэрхшээлээс болоод хүнтэй ярилцах нь битгий хэл хоол авч идэхэд хүртэл хүндрэлтэй байв. Тэгээд л шаргуу хичээллэж эхэлсэн. Үүний үр дүнд бакалавр, мастераа амжилттай төгсчихөөд сууж байна. Гэрээсээ гараад бүтэн 6 жил болчихож. Цаг хугацаа хурдан юм аа” хэмээн тэрээр яриагаа эхэлсэн юм.

Түүнийг Г.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тайваньд сурдаг оюутан залуус түүнийг Мик гэдгээр нь андахгүй. Тэрээр Тайванийн Да Еэ их сургуулийн анхны монгол оюутан болж, ирж байжээ. Ингээд бакалавраа амжилттай хамгаалж, үргэлжлүүлэн Бизнес менежментийн удирдлагаар мастерт суралцаж өнгөрсөн хавар /2018.06 сар/  төгсчээ.

Тэрээр бидний урилгыг хүлээн авч, оюутны амьдралын эгэл агаад амттай өдрүүдийн талаар ярилцсаныг хүргэж байна.

-Тайваньд сурч буй гадаад оюутнууд таныг анддаггүй юм билээ. Таныг сурлага болон идэвхээрээ бусдыгаа манлайлдаг оюутнуудын нэг гэсэн. Сургуулиа амжилттай төгсөж, зорилгоо биелүүлээд эх орон руугаа буцах гэж байна. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Маш их баяртай байна. Оюутан хүний хувьд сургуулиа амжилттай төгсч, мэргэжлийн дипломоо хамгаална гэдэг бол маш том амжилт. Зорьж ирсэн хэрэг минь бүтсэн гэсэн үг.

-Таны хувьд Тайваньд зургаан жил сурсан юм байна. Энэ бол бага хугацаа биш шүү дээ. Ер нь Монгол оюутан Тайваньд сурах нь цаг агаар болон, эдийн засаг, улс орны хөгжлийн хувьд ямархуу байна вэ?

- Маш тайван амгалан улс учраас их дассан байна. Анх ирж байсан үеийн нөхцөл байдалтай одоогийн нөхцөл байдлыг харьцуулахад үнэхээр сэтгэл хангалуун байгаа шүү. Эх орноосоо гараад суралцаж, амьдарч эхэлсэн анхны гадаад орон маань Тайвань байсан. Тэр ч утгаараа бүх зүйл нь шинэ, сонин байлаа. Төсөөлснөөс их өөр орчин угтсан. Өмнө нь Хятадын олон хотуудаар аялж байсан л даа. Тийм болохоор Хятадтай адилтган, төсөөлж байв. Гэтэл хүмүүсийн харилцааны соёл, хөгжил, хандлага нь тэднээс хавь илүү санагдсан. Дэлхийд тэргүүлэх инженер, технологийн бүхий л бүтээгдэхүүний эд ангийг Тайваньд үйлдвэрлэдэг. “Dell”, “”Samsung” зэргийн уян дэлгэцийг л гэхэд Тайваний ASUS компанид үйлдвэрлэж байна. Мөн Герман, АНУ-ын алдартай машинуудын эд ангийг ч Тайваньд үйлдвэрлэдэг. Үнэхээр IT /инженер, технологи/-ийн өндөр хөгжилтэй, сэхээтэн ард түмэн. Суралцах зүйл ихтэй. Хамтран ажиллахад ч урамтай хүмүүс.

- Тайваний хөгжлийн гол нууц нь иргэдийнх нь зарчимч, хариуцлагатай байдалтай их холбоотой гэдэг юм билээ?

-Магадгүй. Зарчимч, хариуцлагатай байдлыг цагийн ажил хийх болон хамтарч ажиллаж байхдаа л илүү мэдэрсэн. Цаг бол цаг. Ажил бол ажил. Үнэхээр “яхир” хүмүүс.

-Цагийн ажил гэснээс ямар ажил хийж байв. Цагийн ажлын олдоц нь хэр байдаг вэ?

- Оюутнууд хичээлийнхээ хажуугаар янз бүрийн цагийн ажил хийдэг. Миний хувьд жижиг хоолны газар, барилга, чулууны үйлдвэрээс эхлээд өндөр зэрэглэлийн ресторан, таван одтой зочид буудал зэрэгт ажиллаж байлаа.  Бүх ажил тогтсон нормтой. Хүнийг хэт ядраахгүй, дундаж хурдаар тооцоолоод ажлыг өдөрт нь цаг, минутаар хуваачихна. Аливаад их няхуур ханддаг зан чанар нь их таалагддаг. Манай Монголын компаниуд Тайваний компаниудтай хамтарч ажиллах санал их тавина. Харин Тайваний зүгээс боловсон хүчин болон компани, зах зээл, эдийн засгийг нь сайтар судалж байж шийдвэр гаргадаг юм билээ. Гэтэл манайхан шууд л санал тавиад, гэрээ хийж, бараагаа аваад буцчихна гэсэн хөнгөн бодолтой хандаад байдаг.

-Таны хувьд нийгмийн идэвхтэй оюутнуудын нэг. Тайвань дахь Монголын оюутны холбооны тэргүүн, Da Yeh их сургуулийн Монгол оюутны холбооны үүсгэн байгуулагч зэрэг сонгуульт ажилтай. Мөн зохион байгуулагч, хөтлөгч, орчуулагч, хөтөч гээд л бүхнийг хийчихдэг юм билээ?

- Суралцаж байх үедээ олж авах ёстой зүйлийн нэг бол мэдлэг чадвар, мэргэжлээс гадна харилцаа холбоо.

- Үүнийг нийгмийн идэвхтэй байдал л бий болгоно. Оюутнуудтайгаа хамтраад хандивын аян, Тайваньд Монголын соёлын өдрүүд, Монголд Тайванийн соёлын өдрүүд, Монгол оюутнуудын шинэ жил зэрэг ажлыг зохион байгуулаад, гар бие оролцож байсан. Мөн дэлхийн Монгол оюутнуудын холбооны анхны чуулга уулзалтыг зохион байгуулалцаад явж байлаа. Эргээд бодоход сайхан байна шүү. Одоо шинэ тэргүүн маань үргэлжлүүлээд харилцаа холбоотой ажиллах байх.

- Хандивын аян гэдгээ тодотгооч?

-Бодох тусам эерэг энерги өгч байдаг олон сайн үйлсын аяныг оюутнуудтайгаа хамтраад зохион байгуулж байлаа. Тэр дундаас хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нэг ажил бий. Тэр нь юу вэ гэхээр 2015 онд Монголд дутуу төрсөн хоёр ихэр хүүхэд байсан. Тэдний нэг нь 1000 грамм, нөгөөх нь 800 грамм жинтэй төрсөн байдаг. Тэднийг Тайваньд хагалгаанд оруулах шаардлагатай болсон юм л даа. Гэтэл нэг нь төрөөд удалгүй нас барж, нөгөө ихрийнх нь хагалгааны зардлыг хандиваар цуглуулах аян Монголд өрнөж байсан. Ингээд энд Оюутны холбооныхонтойгоо хамтраад Тайвань дахь монгол оюутнуудаа уриалж, хандивын аяныг зохион байгуултал бага мөнгө цугларсан. Тэгэхээр нь өөрийн сургуулийн бүх оюутнуудаа уриалж,  коридорт таарсан хүмүүст англи, хятад хэлээр аянаа танилцуулж явсан. Үүний үр дүнд 43 мянган тайвань доллар цуглуулж чадсан. Тайваниас нийтдээ 60 гаруй мянган тайвань доллар цугларсны бараг 80 хувийг нь манай сургуулийнхан өгсөн байгаа юм. Удалгүй Батбилэг хүү маань Тайваньд ирж мэс засалд орж, бид орчуулга зэргийг нь хийж өгч тусалсан. Одоо хүү эрүүл өсч торниж байгаа. Ээж аав нь баярлаж, талархснаа одоо ч хэлдэг. Тэгэх бүрт нь л их сайхан энерги аваад байдаг юм. Бас Монголд дэгдсэн нөгөө айхтар Улаанбурханы үеэр /2016 он/ Тайвань дахь оюутнуудаасаа хандивын аян цуглуулж, мөн сургууль дээрээ урлагийн тоглолт, өдөрлөг зохион байгуулж, сувинер, хоол, хүнс хийж зараад олсон ашгаараа амьсгалын аппарат, шахуурга авч, ХӨСҮТ-д хандивлаж байлаа. Эргээд бодоход их сайхан байна.

-Үе үеийн манлайлагч оюутнууд төгсөөд явахаар орон зай нь ханхайгаад үлддэг тал бий. Сургуулийнхаа монгол оюутнуудын сайн, муу бүхий л асуудлыг шийдэлцэж явсан хүний хувьд их үгүйлэгдэх байх даа?

- Дараагийн үе нь гарч ирэх байх аа /инээв/. Манай сургууль Тайвань дахь Монголын Оюутан, залуусын холбооноос тусдаа өөрийн гэсэн холбоотой. Миний бие санаачлаад үүсгэн байгуулж байлаа. Энэ холбооны үйл ажиллагаа ч бас үргэлжлээд явна гэдэгт итгэлтэй байна. Үйл ажиллагаа нь одоогоор сулраад байгаа хэдий ч олон идэвхтэй оюутан байгаа учраас нэг нэгнийгээ харах биш нэг нь санаачлага гаргахад бусад нь дэмжээд, олон сайхан ажил хамтраад хийх байх гэж бодож байна. Хэдийгээр би төгсч байгаа ч Da Yeh их сургуулийн Гадаад оюутны зөвлөлийн Монгол оюутны асуудал эрхэлсэн ажилтан нь болсон. Тиймээс үргэлж холбоотой хамтран ажиллана гэсэн үг.

-Нэг жилийн дараа л Хятад хэлээр ОРЧУУЛГА ХИЙЖ ЭХЭЛСЭН-

-Хөөх баяр хүргэе. Сургуулийн албаны ёсны ажилтан болсон гэсэн үг үү?

- Тийм ээ. Сургуульдаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон. /инээв/

-Мундаг байна. Ингэхэд Хятад хэл хэрхэн сурсан бэ. Сурсан арга туршлагаасаа хуваалцаач?

- Би 2012 онд Тайваньд ирчихээд яг нэг жилийн дараа буюу 2013 оноос орчуулга хийгээд эхэлсэн л дээ. Хүмүүс тэр үед их гайхаж байсан. “Яаж хятад хэл сурсан бэ” гэж олон хүн асуудаг байлаа. Одоо ч асуудаг хэвээрээ. Хятад хэлний багш маань өдөрт нэг мөр ханз бичих даалгавар өгнө. Харин би  бичгийн цаасан дээр бүтэн нүүр биччихдэг байсан. Өөрт норм тогтоосон гэх үү дээ.

Хэдэн ч ханз байсан цээжлэх хүртлээ хэдэн нүүр ч хамаагүй бичиж, давтдаг байсан.

Бичих тусам л ханз сурах амархан санагдаж, улам сонирхолтой болсон. Тэгээд л өдөрт өөрт тавьсан нормоо биелүүлсэн цагтаа л унтаж амрах болон найз нөхөдтэйгөө уулздаг байлаа. Манай өрөөний хамтрагч маань ч тийм байсан. Миний хувьд хэл сурах бол хамгийн түрүүний зорилго байсан. Хэлийг нь маш сайн сурч байж л би хоолоо олж иднэ, хичээлээ ойлгож, амжилттай сурна. Мөн энэ өндөр хөгжилтэй оронд сурч, мэргэжил эзэмшихээс гадна өөр олон боломжийг өөртөө бий болгох зорилго, мөрөөдөл тээж ирсэн учраас их хичээсэн. Одоо ч хятад хэлийг сурсаар л байна.

-Гадаад хэл сурахаар ялангуяа хятад хэл сурахаар хичээллэж буй оюутан, залууст юу гэж зөвлөх вэ?

-Сурах боломж, чадвар бүх хүнд байгаа. Гол нь өөрөө хичээх хэрэгтэй. Оюутнууд өөрсдөө хичээхгүй хэрнээ муу сургуульд ирлээ гэж ярьдаг. Муу сургууль гэж байхгүй. Харин хичээдэггүй, муу сурдаг хүүхэд л гэж байдаг. Миний хувьд гадаад оюутнуудтай илүү их харьцдаг байсан. Хамт хооллох, уулзаж ярилцах зэргээр хичээл дээр сурсан үгээ ашиглаж, бататгадаг байсан нь их нөлөө үзүүлсэн гэж боддог шүү.  Мөн хот хооронд портер машинаар карго зөөдөг байлаа. Тэр үед Google map ашиглахгүй зөвхөн хаягаар нь л хүмүүсээс асуугаад л явж өгнө. Ихэвчлэн огт таньж, мэдэхгүй газруудаар шуудан хүргэдэг байлаа. Тэр бас их нөлөө үзүүлсэн. Маш том туршлага ч болж байлаа.

Хэл сурах гэж шийдсэн л бол зоригтой, зорилготой байх хэрэгтэй. Манайхан ер нь залхуу талдаа. Бүтэн жил цагийн ажил хийчихээд аяга таваг, халбага сэрээ гэдэг наад захын үгээ сураагүй байдаг. Би их гайхдаг. Яагаад орчинд нь ирчихээд тийм хичээл зүтгэлгүй байгаа юм бэ гэж. Ер нь бол хэл сурах ерөөсөө ч тийм хэцүү биш гэж хэлмээр байна.  Гол нь өөрийгөө сул тавь. Бодлоо чөлөөл. Чөлөөтэй сэтгэ. Биеэ битгий барь. Буруу, зөв хамаагүй, өөртөө итгэлтэй ярь. Тэгж задарч байж л тухайн хэлээр чөлөөтэй ярьж эхэлдэг юм. Буруу ярьж байна гэж хэн ч чамайг шоолохгүй. Харин ч хүмүүс чамд алдаагаа засах боломж олгодог юм шүү. Ингэж ичиж зовохгүйгээр ярьж, алдаа, оноогоо ойлгон, засч чадвал тэр л жинхэнэ мэдлэг болж үлдэнэ. Ялангуяа хятад хэл алхам бүрт сурч, шинэ ханз цээжлэх шаардлага үүсдэг юм билээ. Одоо ч би мэдэхгүй шинэ ханзтай алхам тутамдаа таарч байна. Тэгээд л судлаад, бичээд, сураад, эргүүлээд түүнийгээ ашиглаад л явж байна.  Ер нь шинээр сурсан үгээ өдөр тутмын хэрэглээнд ашиглаж байх хэрэгтэй. Мэдээж унаган хэлтэй биш учраас буруу, зөрүү дуудна. Гэхдээ хүмүүс чиний санааг ойлгоно. Хэзээ ч шоолохгүй.

- Гадаадад сурч байгаа ихэнх оюутан, залуус сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг.  Хичээл, ажил гээд л их завгүй хүмүүс байдаг.  Басхүү жигдрэх хүртлээ оюутнуудын хувьд нэлээд бэрхшээлийг туулна, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Өндөг, будаагаар голоо зогоох өдөр хоногууд их шүү дээ. Шантармаар өдрүүд ч багагүй л байсан. /инээв/ Наад зах нь таньж мэдэх хүн, дотно найз нөхөд байхгүй. Бүх зүйл таг харанхуй. Өвдөөд хэвтсэн ч өөрөө өөрийгөө л эмчилнэ. Мөнгө дууслаа. Өлсөж эхэлнэ биз дээ. Тэгээд өлссөн ч тэвчинэ ш дээ. Өөр арга байхгүй. Оюутны байранд өрөөний найз байгаа ч монгол хүмүүс шиг бие биедээ туслахгүй. Жинхэнэ амьдралтай л халз тулж байгаа юм даа. Ер нь тэгээд энэ бүхэн өөрийнхөө төлөө хийсэн зүйл болохоор зовлон биш санагдаж байна. Дурсамж юм даа. Гэрийнхнийгээ, эх орноо санах үе зөндөө. Тэр үедээ Монголдоо байсан бол тийм хоол идэж, тэгж байгаа даа гээд л бодно. /инээв/

- Их өлсөхөөр ч хамрын самсаа шархираад л ирдэг шүү. /инээв/.

- Тийм шүү. /инээв/ Монголдоо идэхгүй байсан хоолоо ярьж цадна. Заримдаа идэж барахгүй үлдээсэн гоё хоолоо дурсаж, “Тэр үед иддэг байж. Гоё байж билээ” гээд л ярьж инээлдэнэ. Хөгжилтэй сайхан дурсамж оюутан насанд л үлдэж байгаа юм даа.

-Сургуулиа амжилттай төгсчихлөө. Цаашид юу хийх гэж байна даа. Зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

- Гэр бүлийнхээ бизнесийг үргэлжлүүлнэ дээ. Миний хувьд бусдын удирдлага дор ажиллаж чаддаггүй. Байнгын хөдөлгөөнтэй, өөрийгөө сорьсон, өсөн дэвжих ажилд дуртай. Өөрийнхөө эхлүүлсэн ажлуудаа үргэлжлүүлнэ.

-Нууц биш бол ямар ажил эхлүүлээд байна вэ?

-Тайвань болон манай сургууль нано технологи, ногоон үйлдвэрлэлээрээ алдартай. Сургуулийнхаа профессор багштайгаа хамтраад энэ чиглэлийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг судалж байна. Манай сургуулийн Инеженер, технологийн сургуулийн удирдлагууд оюутнуудаа маш их дэмждэг. Оюутнууд судалгааны ажлынхаа хүрээнд шинэ бүтээгдэхүүн гаргаж, түүнийгээ зах зээлд нэвтрүүлдэг. Миний мэдэж байгаагаар ногоон цай, эко маск зэрэг нь зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болчихсон эргэлтэд ороод явж байна. Хамгийн мундаг нь, Green point-ийн нано технологийн үйлдвэрлэл Da Yeh их сургуулиас үүсэлтэй. Сургуулийн ойролцоо анхны үйлдвэрийнх нь суурь бий.

Энэ олон боломж, шилдэг бүтээгдэхүүнүүдээс Монголын зах зээлд нийлүүлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн аялал жуулчлалын салбарын ажлаа үргэлжлүүлнэ. Үүнээс гадна гэр бүлийнхээ бизнесийг ч өргөжүүлэхээр ажиллана. Өөртөө болон залуустаа ажлын байр бэлдэх мөрөөдлөө биелүүлнэ дээ. Бизнесийн удирдлагаар төгссөн учраас мэргэжлийнхээ ид шидийг үзэхээс яахав.

- Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.

Тайвань улс: Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн www.network.mn сайтын сэтгүүлч П.Мөнхжаргал