Д.Гарди:Тэтгэлэгт хөтөлбөрүүд 1-6 дугаар сарын хугацаанд явагддаг

2018-10-19

 

Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаар БСШУСЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Гардитай цөөн хором ярилцлаа.

 Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр хэзээнээс эхэлж зарлагддаг вэ?

Гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр жил бүрийн 1-6 дугаар сарын хооронд зарлагддаг. Ер нь гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гурван янз байдаг. Нэг нь Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр байна. Энэ нь БСШУСЯ болон тухайн улсын Засгийн газартай хийгдсэн гэрээ хэлэлцээрийн дагуу зарлагддаг хөтөлбөр юм.

Мөн зарим улсын Засгийн газар өөрсдөө тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж явуулдаг. Түүнчлэн тухайн улсын сургуулиудаас тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Манай яаманд хоёр улсын Засгийн газрын гэрээ хэлэлцээрийн хүрээнд тодорхой хэмжээний хүүхдүүдийг сургах хөтөлбөр явагддаг.

Тэгэхээр тухайн сургуулиас зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар яамны зүгээс мэдээлэл өгөх боломжгүй гэсэн үг үү?

Энэ талаар яаман дээр бүрэн мэдээлэл ирдэггүй. Учир нь тухайн сургууль өөрсдийнхөө хүрээнд тэтгэлгээ зарлах нь бий. Харин тодорхой мэдээлэл авсан сургууль бүрийг бид вэб сайтан дээрээ нээлттэй зарладаг.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд тухайн сурагч ямар шаардлага хангасан байх ёстой вэ?

Нийтлэг ерөнхий шаардлага байдаг. Энэ нь тухайн суралцагч сургуулиа төгссөн байх, гадаад хэлний зохих хэмжээний мэдлэгтэй,  журамд заасан түвшинт оноог авсан байх, баримт бичиг бүрэн байх ёстой. Мөн нас заасан байдаг. Түүнчлэн тухайн улсын Засгийн газрын тэтгэлэг бүр өөрсдийн гэсэн шалгуурыг тавьдаг.

Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагч ямар түвшний мэдлэгтэй байх ёстой вэ?

Сонгон шалгаруулалтын зарим нь яамнаас, зарим нь Элчин сайдын яамнаас зарлагддаг. Суралцагч эхний шатандаа хэл, тооны шалгалт өгдөг. Үүний дараа ярилцлагын шалгалтанд орно. Ярилцлагыг тухайн улсын Элчин сайдын яамнаас тусгай ажлын хэсэг томилогдож авдаг.

Ярилцлагаар хүүхдийн төлвийг шалгадаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тухайн улсад суралцахад бэлэн эсэх цаашид хөгжих бололцоо хэр байна вэ гэдгийг хардаг. Шалгуулагчид маань ярилцлагын шалгалтанд сандрах явдал их гардаг. Түүнээсээ болоод ярилцлагын шалгалтаа давахгүй байх нь бий.

Мөн бичиг баримт бүрэн байх ёстой. Учир нь зарим хүүхдүүд бичиг баримтаа дутуу өгөөд түүнээсээ болоод шалгалтандаа орж чадахгүй байх харамсалтай тохиолдол гардаг.

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд ямар хэл дээр шалгалт өгөх ёстой байдаг вэ?

Аль ч улсын их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах гэж байгаа бол англи хэлний дундаас дээш мэдлэгтэй байх ёстой. Яагаад вэ гэвэл тухайн улсын хэлийг сурахдаа англиар заалгана. Түүнээс бус монгол хэлээр заана гэж байхгүй шүү дээ. Тиймээс зайлшгүй англи хэлний мэдлэгтэй байх ёстой.

Шалгалтууд хэзээ, хаана болдог вэ?

Бүх зарууд тодорхой хэмжээний хэзээ, хаана, яаж зохион байгуулагдах вэ гэдэг анхны мэдээлэл яамны цахим хуудсанд тавигддаг. Сошиал хөгжсөн өнөө үед хүүхдүүд өөрсдөө энэ талын мэдээллийг олж авах бүрэн боломжтой.

Тэтгэлэгт хөтөлбөрүүдийг  1-6 дугаар сарын хооронд зарладаг гэлээ. Энэ хугацаанд  шалгалтууд явагдах уу?

Явагддаг. Яагаад 1-6 дугаар сард тэтгэлэг зарлагддаг вэ гэвэл хичээлийн шинэ жил  намар эхэлдэг. Бидний зүгээс сонгогдсон хүүхдүүдийн материалуудыг шалгаад тухайн их дээд сургуульд илгээдэг. Илгээсэн материалтай тухайн сургууль танилцаад 100 хувь тэнцсэн гэсэн баталгаажуулалтын урилгыг явуулдаг юм.

Эрүүл мэндийн шалтгаанаас, эсвэл цаад талаас тавьсан баримт бичгийн шаардлага хангахгүй байгаагаас болоод тэнцэхгүй байх тохиолдол гардаг. Эцсийн байдлаар тухайн улсын Засгийн газрын санхүүжилтээр тэтгэлэг зарлагддаг учраас цаанаас урилга ирнэ.

Урилга ирсний дараа тухайн хүүхэд визэндээ орно. Визний асуудал сараас сар хагасын хугацаанд шийдвэрлэгддэг. Учир нь бүтэн жилийн сургалтын виз гарах учраас тодорхой хугацаа орно. Зарим улсын консулын газар Бээжинд байдаг. Тэгэхээр Бээжин рүү тусгай материал бэлдэж очоод тэндээсээ визэнд орох явдал ч бий.

Хятадын тэтгэлэгт хөтөлбөр 3-4 дүгээр сарын хооронд зарлагддаг гэсэн. Гэтэл өнөөдөр Хятад улсын Элчин сайдын яамны гадаа оюутнуудын оочер дараалал их байна. Юунаас болоод ийм асуудал болж байна вэ? 10 дугаар сар гарчихаад байхад хичээл нь эхлээгүй байдаг юм уу?

Тухайн хүүхдийн урилга хэзээ ирснээс шалтгаалж байна. Мөн гадаадын консулын газар тусдаа хууль журамтай байдаг. Тэр хууль журмынхаа дагуу виз олгож, тэр нь оочер дараалал үүсгэж байгаа байх. Энэ асуудлын талаар мэдээж Элчин сайдын яаманд мэдэгдэл хүргүүлсэн. Гэхдээ тухайн байгууллага хууль журмынхаа дагуу аль болох хурдан шуурхай шийдэж үйлчилж байгаа юм.

БНХАУ-ын хичнээн сургуулиас хуваарь ирдэг вэ?

Гадаадын их дээд сургуулийн хуваарь гэж байхгүй. Харин тухайн жил хичнээн оюутан сургах боломжтой талаар Хятадын тэтгэлгийн хорооноос мэдээлэл ирдэг. Тэр мэдээллийн дагуу сонгон шалгаруулалт явагддаг. Эхлээд бичгийн шалгалт авдаг. Бичгийн шалгалтанд англи, монгол, хятад гэсэн гурван хэлний түвшин тогтоох шалгалт байдаг. Дараа нь ярилцлагын шалгалт авна.

Аль улсын тэтгэлэгт хөтөлбөрт сурагчид их хамрагдаж байна вэ?

Яг тэр улсын тэтгэлгийг илүүтэй ихээр сонирхдог гэсэн юм байхгүй. Бүх л улсын тэтгэлгийг сонирхох нь бий. Тухайлбал, Вьетнам улсын тэтгэлэгт хөтөлбөрт гэхэд 40-50 хүүхэд орж өрсөлддөг. Урд хөрш Хятадын тухайд гэхэд магистр, доктор, багалавртайгаа нийлээд 1400 орчим хүүхэд сонгон шалгаруулалтад ордог. ОХУ-д  1000 гаруй, Унгарт 800 гаруй хүүхэд өрсөлддөг гэх мэт улс бүрийн тэтгэлэгт хамрагдах хүүхдүүдийн тоо харилцан адилгүй.

Эх сурвалж: Niigmiintoli.mn Г.ХИШИГСҮРЭН