Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих 3 ШАЛТГААН

2018-10-03

Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарч Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг энэ сарын 1-ээс хязгаарлаад байгаа билээ. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой болохыг мэргэжилтнүүд хэлж буй. 

Тэгвэл дан ганц сургууль дээр ухаалаг утас хэрэглэхийг хориод үр дүнд хүрэх үү?. Эцэг эх та хүүхдийнхээ ухаалаг утас ашиглалт, интернэт хэрэглээнд хяналт тавьдаг уу.? 

Мэдээлэл харилцааны технологи хөгжихийн хирээр хүн амын дунд нийгэм эдийн засгийн харилцааны салшгүй нэг хэсэг нь гар утас, интернэт хэрэглээ болоод буй. Тэгвэл үүнийг хэрхэн зохистой ашиглах ёстой вэ, эцэг эхчүүд яагаад хүүхдийнхээ интернэт хэрэглээнд хяналт тавих ёстой талаарх гурван шалтгааныг ийнхүү хүргэж байна. 

Шалтгаан 1: 

Цахим орчинд бага насны хүүхэд санамсаргүй байдлаар зохисгүй, ёс бус, насанд хүрэгчдэд зориулагдсан мэдээ мэдээлэл, цахим хуудас руу нэвтрэн орж түүний талаарх мэдээллийг авснаар хүүхдийн зан араншин өөрчлөгдөх аюултай.

Шалтгаан 2:

Интернэт сүлжээнд олон төрлийн гэмт хэрэг гардаг ба хүүхэд санамсаргүй байдлаар өөрийн хувийн мэдээллийг тараах, олон нийтийн цахим сүлжээгээр үл таних хүмүүстэй холбоо тогтоох зэргээс үүдэн цахим гэмт хэргийн золиос болох талтай. 

Шалтгаан 3:

Интернэт хэрэглэгчдэд их бага тодорхой хэмжээний бэрхшээл учруулдаг олон төрлийн вирус цахим ертөнцөж оршин байдаг. Түүнийг санамсаргүйгээр өөрийн компьютерт татаж авснаар хакерууд таны компьютерт байгаа бүхий л файл, хувийн бусад мэдээллийг хуулбарлан авах боломжтой төдийгүй компьютерыг тань эвдлэх, гацаах, дахин ашиглах аргагүй болгох аюултай.