ЭЕШ маргааш 10 цагаас орон даяар эхэлнэ

2018-06-15

Монгол улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш 10:00 цагаас монгол хэлбичгийн шалгалтаар орон даяар эхэлнэ. ЭЕШ-ыг хөдөө орон нутагт 22, нийслэлд 27 шалгалтын байранд зохион байгуулна.

Энэ жил нийт 43.846 шалгуулагч ЭЕШ өгөх бөгөөд 87 хувь нь буюу 37.950 нь энэ жилийн төгсөгч, 5.896 нь өмнөх оны төгсөгч байгаа юм. ЭЕШ-д 2018 онд бүрэн дунд боловсрол эзэмшин төгсөх иргэн, 2018 оноос өмнө бүрэн дунд боловсрол эзэмшсэн болон түүнээс дээш боловсролтой иргэн өгнө.  Их, дээд сургуульд суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь МУ-ын ЗГ-ын 37 дугаар тогтоолын дагуу Монгол хэлбичгийн шалгалтад хамрагдсан байна.

Ингээд та бүхэнд шалгалт өгөх газар болон анхаарах зүйлс зэрэг чухал мэдээллийг ОНЦЛОН хүргэж байна.

ЭЕШ-д оролцогчид юуг анхаарах вэ? 

  • Монгол хэлбичгийн шалгалт нь хариултын хуудасгүй ба та шалгалтын дэвтэртэй ажиллахдаа хөх өнгийн үзгэн бал ашиглаарай. 
  • Харин бусад хичээлийн шалгалтын материал хариултын хуудастай байна. Та хариултын хуудастай ажиллахдаа зөвхөн  зөөлөн балтай харандаа ашиглана.  
  • Шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарь баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан www.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэж авна. 
  • Шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагын өмнө ирсэн байх шаардлагатай ба шалгалт өгөх анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. 
  • МХБШ болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут үргэлжилнэ. 
  • Харин монгол хэлний шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байдагтул цагаа сайн төлөвлөөрэй. Бугуйн цагтай орох нь  цагаа сайн төлөвлөхөд тусална. 

Шалгалтад орохдоо авч ирэх баримт бичигтэй очих вэ?

  • Бүртгэлийн хуудас – Сургуулийн захирлын гарын үсэг зуруулан тамга даруулж баталгаажуулсан байна. харин өмнөх оны төгссөн шалгуулагч QR кодоор баталгаажсан хуудсыг шууд хэвлэнэ авч ирнэ. 
  • Суудлын хувиар 
  • Цахим үнэмлэх эсвэл түүнтэй адилтгах бичиг баримт 
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгалтад оролцогчдод юуг хориглох вэ?

Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.

Та харьяа сургуулийн оноогдсон шалгалтын байранд шалгалт эхлэх цагаас нэг цагийн өмнө очих ёстой.

Шалгалт өгөх байршлуудын мэдээллийг ЭНД дарж авна уу. 

Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь.