Дэлхийн олон оронд хүүхдийн баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

2018-06-01

Хамгийн анхны хүүхдийн баярыг 1925 онд АНУ-ын Сан-Франциско хотод сууж байсан Хятадын консул зохион байгуулсан гэдэг. Тэрээр хятад гаралтай өнчин хүүхдүүдийг цуглуулж луугийн бүжиг сонирхуулж бэлэг тарааснаар хүнд хэцүү амьдралд нэрвэгдсэн бяцхан амьтад хэсэг хугацаанд ч болов аз жаргалд умбан байжээ. Энэ арга хэмжээг сайшаасан олон нийт жил бүр иймэрхүү баяр зохиох болсон байна.1925 онд Женев хотод болсон хүүхдийн эрхийн талаарх Олон улсын бага хурал дээр хүүхдийн баярыг албан ёсоор тэмдэглэж байх асуудал яригдсан ч дайн дэгдсэнээр ор тас мартагдах нь тэр. Бүр хожим Дэлхийн 2-р дайны дараа, 1949 онд Дэлхийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Москвад болсон чуулган дээр хүүхдийн эрхийг хамгаалах асуудал ноцтой яригдаж 1950 оноос Олон улсын хүүхэд хамгаалах өдрийг албан ёсоор тэмдэглэх шийдвэр гарчээ.  

Өнөө үед хүүхдийн баярыг дэлхийн олон оронд өөр өөрөөр тэмдэглэдэг уламжлалтай болжээ.

Орос:

Орост хүүхдийн баярыг жил бүрийн 6-р сарын 1-нд тэмдэглэдэг.  Бүх шатны сургууль цэцэрлэг, мөн гэр бүлийн хүрээнд баярын уур амьсгал орж бэлэг, цэцэг, инээд хөгжлөөр дүүрнэ. Хүүхэд багачуудад тулгарч буй асуудлыг шийдэх, туслах чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээ орон даяар зохиогддог. Энэ өдөр Орост үр хөндөлт хийхийг хатуу хориглодог байна.


Япон:

Японд хүүхдийн өдрийг жилд 3 удаа тэмдэглэдэг. 3-р сарын 3-нд Охидын өдөр болно. Эцэг эхчүүд бяцхан гүнж нартаа зориулж хөөрхөн хүүхэлдэй, гоёмсог кимоно бэлэглэдэг уламжлалтай. Ингээд жил жилийнхээ бэлгээр гэртээ үзэсгэлэн гаргана.  Харин 5-р сарын 5-нд хөвгүүдийн өдөр болдог. Энэ өдөр эрэгтэй хүүхэдтэй айл үүдэндээ мөрөг загасны дүрс бүхий дарцаг өлгөдөг нь ирээдүйд хүүгээ эрдэм номтой хүн болохыг бэлгэдэж буй хэрэг аж. Мөрөг загас нь нь хүч чадал, эр зоригийн бэлгэдэл юм байна. 11-р сарын 15-нд Хүүхдийн баяр буюу  “Долоо-тав-гурав” -ын баярыг тэмдэглэдэг. 3, 5, 7 нас нь  ямар ч хүүхдийн хувьд хамгийн аз жаргалтай үе гэж япончууд үздэг учраас энэ насныхан тусдаа баяр хийдэг ажээ.

Солонгос:

Хүүхдүүддээ үндэсний хувцсыг нь өмсгөж хүссэн бэлгийг нь өгдөг. Солонгосчууд бүр 1923 оноос эхэлж жил бүрийн 5-р сарын 5-нд хөвгүүдийн өдрийг тэмдэглэсээр ирсэн нь сүүлдээ нийт хүүхдүүдийн баяр болон хувирчээ. Энэ өдөр нийт хүүхдүүдэд үндэсний соёл уламжлал, зан заншлыг тайлбарлан танилцуулах төрөл бүрийн арга хэмжээ өргөнөөр зохиогддог байна.

Колумб:

Жил бүрийн 7-р сарын 4-нд хүүхдийн баярыг тэмдэглэдэг. Сургуулиудад олон төрлийн сонирхолтой арга хэмжээ явагддаг. Хүүхдүүд янз бүрийн баг зүүж, алиалагчийн хувцас өмсөөд баярын жагсаалд оролцоно. Энэ өдөр бүх хүүхдүүд хөгжил цэнгэлээр дүүрэн байна.  

Бразиль:

Энд хүүхдийн баярыг 8-р сарын 15-нд тэмдэглэдэг уламжлалтай. Мөн энэ өдрийг Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний өдөр болгон зарлажээ. Хэдэн зуун эмч хүүхдүүдийг үнэ төлбөргүй үзэж зөвлөгөө өгөх ба 5 хүртэлх насны багачуудад халдварт саа өвчний эсрэг вакцин хийдэг. Ийм арга хэмжээ нь засгийн газраас хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн анхаарч байгаагийн илрэл билээ.

Швед:

Шведэд Охид, хөвгүүдийн баярыг тус тусад нь ихээхэн ялгаатай тэмдэглэдэг. 8-р сарын 7-нд Хөвгүүдийн буюу Лангустын баяр болдог. Хөвгүүдээ лангуст шиг эр зоригтой болохыг бэлгэдэж ингэж нэрлэжээ. /лангуст гэж бяцхан боловч маш зоригтой, шалмаг, наж зэрэг хорт могой барьж иддэг нэг төрлийн араатан/ Энэ өдөр хөвгүүд лангустын хувцас өмсөж баг зүүгээд хөгжилтэй хөөрхөн тоглолт хийдэг. Харин 12-р сарын 13-нд Охидын өдөр буюу Люсия охин тэнгэрийн баяр болдог. Люсия нь охидыг ивээгч бурхан юм. Энэ өдөр охид бяцхан сахиусан тэнгэрүүд болон хувирч сайн үйлс бүтээхийг шамддаг.

Исламын орнууд:

Исламын ихэнх орнууд мацаг барих сарын 14 дэх хоногт хүүхдүүддээ зориулж хөгжилтэй “Чихрийн баяр” зохион байгуулдаг байна.

Африкийн орнууд:

Баруун Африкийн орнуудад бүтэн сар үргэлжилдэг хүүхдийн багт наадам болдог. Африкчууд угаасаа л дуулж бүжиглэх дуртай ард түмэн болохоор амьдралын нөхцөл нь өөр өөр байлаа ч бүх хүүхдүүд баяр хөөртэй, аз жаргалтайгаар баяраа тэмдэглэдэг байна.

Испани:

Испанид хүүхдийн баярыг 1-р сарын 5-нд тэмдэглэдэг бөгөөд энэ нь “ Шидэт хааны баяр” хэмээх шашны баяраас улбаатай ажээ. 1-р сарын 5-ны оройноос эхлэн маргааш өглөө хүртэл гоёмсог машин хөлөглөсөн “3 шидэт хаан” гудамжаар хаа сайгүй давхиж хүүхдүүдэд бэлэг тараана. Хааны өвөр дээр суух завшаан тохиолдсон азтай хүүхэд онцгой бэлэг хүртдэг. Хариуд нь сайн сурч томоотой байхаа амлах хэрэгтэй.